Ардчилсан намын гишүүд өнгөрсөн даваа гарагт хэвлэлийн хурал хийж, ирэх сарын 2-нд болох нийслэл, аймаг, сумын АН-ын дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгууль болон Дотоод сонгуулийн хороо бүртгэл явагдаж дуусаагүй байхад хураамч нэртэй цоо шинэ татварыг өөр дансанд төвлөрүүлж байгаа талаар мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх асуудлаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Та бүрэн намын даргадаа Дотоод сонгуулийг эсэргүүцэж байгаа талаараа шаардах бичиг хүргүүлсэн. Энэхүү шаардлагын хариуг авсан уу?
-Бид шаардлагынхаа хариуг өчигдөр авах хугацаатайгаар өгсөн. Тиймээс шаардлагынхаа хариуг авах гээд намын даргатай уулзах гэтэл гишүүдэд олдоогүй учраас Ц.Туваан, Ариунболд нартай уулзсан ч тодорхой хариулт өгөөгүй. Харин ч бидний тавьсан шаардлагыг намын зүгээс няцаалт хийж байна. Бид Дотоод сонгуулийн хороог эрх мэдлээ хэтрүүлэн өндөр гувчуур тогтоож байгааг шүүмжилсэн. Гэтэл Дотоод сонгуулийн хороо тийм эрхтэй мэтээр дүрэмд байхгүй тайлбарыг намын хариуцлагатай албан тушаалтан хэвлэлээр өгсөн байна лээ. Тэр бол буруу хариуцлагагүй зүйл гэж би харж байгаа. Нөгөө талаас гишүүд дээд шүүхэд дүрэм нь бүртгэгдсний дараа дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийнхээ дагуу эрх бүхий субьектууд нь сонгуулиа яаж зохион байгуулах вэ гэдэг талаар журмаа гаргах ёстой гэдэг шаардлага тавьсан. Тэгэхэд одоо хүртэл дээд шүүхэд бүртгэгдээгүй хэвээрээ байгаа. Бүртгүүлэхээр өгсөн дүрмийг хэн ч олж хараагүй. Тэр ч байтугай дээд шүүхэд ямар дүрмийн ямар хувилбар авсан гэдгийг хэн ч мэдэхгүй байгаа. Тэгэхээр нээлттэй ардчилсан нам болно гэсэн зарчим 100 хувь алдагдсан, хаалттай ардчилсан нам болоод байна.
-Дотоод сонгуулийн хорооны гишүүдэд мэдээлэл бүрэн очихгүй байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ талаар?
-Дотоод сонгуулийн хорооны зарим гишүүдийг хуралд нь дуудахгүй, орууллаа гэхэд мэдээллийг бүрэн хуваалцахгүй, Дотоод сонгуулийн хороо нь дотроо гишүүдээ ялгаварлаад тодорхой хэмжээний гишүүд олонхийг хайрцаглаж бүрдүүлээд өөрсдөө л мэдээлэлтэй байдаг. Ихэнхи гишүүд нь тойргийн гадна мэдээлэлгүй ийм байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг мэдээллийг бид авсан. Тэгэхээр дотоод сонгуулийн хороо бүхлээрээ дүрэмд нийцэхгүй үйл ажиллагаа явуулж байна гэж шүүмжлэхийн хажуугаар дотоод сонгуулийн хороон доторх олонхийг бүрдүүлж байгаа цөөн хэдэн гишүүд энэ ажлыг гартаа атгаад эрх мэдлийг ихээхэн хэмжээгээр төвлөрүүлэх гээд байгаа юм гэдэг мэдээллийг мөн авлаа. Ийм олон хаалттай, ийм дүрмийн бус үйл ажиллагаа ар араасаа алдаа нь лавшраад үргэлжлээд байгаа нь ардчилсан нам дотор ардчилсан бус соёлыг маш эрчимтэй нэвтрүүлэх үйл ажиллагаа явагдаж байна гэсэн ийм түгшүүртэй дүгнэлт гарч ирж байна. Ийм бүдүүлэг байдлаар манай намын сонгуулийг зохион байгуулах юм бол манай нам түүхэндээ байгаагүй ардчилсан бус сонгуулийг явуулах нь ээ гэж л харагдаж байна.
-Энэ бүх шалтгааныг юу гэж дүгнэж байгаа вэ?
-Ер нь бол шинэ удирдлагын алдаа л гэж дүгнэж байна. Шинэ удирдлагын ардчиллын үнэт зүйлээ ойлгохгүй, мэдрэхгүй, хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа, улстөрийн хүсэл сонирхол дутуу байгаатай л холбож ойлгож байна. Ер нь бол шинэ удирдлагын хийж байгаа анхны алхам шүү дээ. Тэгэхээр ардчилсан намын хамгийн ардчилсан аргаар сонгогдсон дарга, хамгийн ардчилсан бус аргаар үйл ажиллагаагаа эхлэж байна гэж харж байна. Гэхдээ би С.Эрдэнэ даргыг анх сонгогдож байх үед нь нийт намын гишүүдээс сонгуулийг явуулж байгаа нь ардчилсан арга хэлбэр гэдгийг хэлж байсан. Харин тэр нь дотор мөнгө тараах үзэгдлийг оруулж ирж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг тухайн үед шүүмжилж байсныг та бүхэн санаж байгаа байх. Одоо ингээд эргээд харахад намын нийт үйл ажиллагаан дотор мөнгө гэдэг зүйлийг эрээ цээргүй оруулж ирж байгаа нь харагдаж байна.
-Тэгэхээр намын шинэчилсэн дүрмийн хувилбарыг яагаад намын гишүүддээ танилцуулахгүй байгаа юм бол. Үүний гол шалтгаан нь юу байгаа бол гэж та харж байна?
-Бид ямар дүрэм өргөн барьсан, дээд шүүх дээр яагаад ингэж удаад байгааг мэдэхгүй, таг харанхуй л байна. Тэгэхээр цэвэр хардах эрхээ эдлээд хардаж хэлэхэд намын их хурлаар батлагдсан шинэ дүрмийг батлагдсаных нь дараагаар хэсэг бүлэг хүмүүс зассан учраас бид нарт харуулахгүй байгаа юм болов уу л гэж бодож байна. Өөрсөддөө хэрэгтэй зүйлийг нэмж оруулаад, өөрт хэрэггүй зүйл батлагдсан бол тэрийгээ хасаж эрх мэдлийг цөөхөн хэдхэн хүний хүрээнд өөрчлөх үйл ажиллагаа явагдсан юм болов уу. Тэгээгүй бол юунаасаа айж ичхэв өдийд аль эрт олон нийтэд мэдээлж байх ёстой. Хаалттай байгаагийн цаана бол бохир зүйл байгаа болов уу л гэж бодож байна.
-Үнэхээр ингээд өөрчлөөд Дээд шүүхээр батлагдсан тохиолдолд яах ёстой вэ?
-Дээд шүүхээр манайд намын дүрэм батлагдаж эхэлмэгц тэр өдрийн тэр цагаас эхлээд дүрмийн үйлчлэл эхэлнэ. Дүрмийн үйлчлэлийг олон нийтэд нээлттэй болгоод тэр дүрмэндээ хэн, ямар эрх мэдэл ноогдсон тэр эрх мэдлийнхээ хүрээнд сонгууль зохион байгуулах дүрэм журмыг гаргах ёстой байсан. Тэр дүрэм журмуудыг бол дүрмэндээ хэр нийцэж байна вэ гэдгийг иргэд, сонгогчид, намын гишүүд бид хяналттайгаар нээлттэйгээр бүх процессыг явуулаач гэдгийг л шаардаж байгаа юм. Хаалттай, дүрмийн үйлчлэл байхгүй, дүрмийн зүйл заалт хаалттай байх үед хийгдсэн альваа дүрэм журам, татвар гувчуур нь өөрөө ардчилсан гэж үзэхэд итгэл үнэмшил төрүүлэхгүй. Тиймээс ч зөрчилтэй санагдаж байна.
-Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн заримд нь мэдээлэл бүрэн хүрч зарим нь хаалганы гадна үлдээд байна гэдгийг та хэлсэн. Тэгвэл ямар хүмүүс хаалганы гадна үлдээд байгаа юм бэ?
-Миний хувьд Дотоод сонгуулийн хорооны зарим гишүүд рүү гомдоллож, танай дотоод сонгуулийн хороо ямар үйл ажиллагаа явуулаад байгаа юм, бидний тавьсан шаардлагыг дотооддоо хэлэлцээд намын дээд шүүхэд гаргасан дүрмийн төслийг бидэнд хуваалцаач гэж асуухад “Бид мэдээгүй, энэ талаар бидэнд нэг ч мэдээлэл байхгүй” гэж байгаа юм. Тэгвэл “Хэдэн хүн та нарын тогтоосон хураамжийг төлсөн, хэвлэлээр гараад байгаа 327 гэдэг тоо үнэн юм уу” гэдгийг лавлахаар “Бидэнд нэг ч тоо үзүүлээгүй, бүх мэдээллийг скочдож, дүгжээтэй сейфэнд хадгалдаг. Үүнийг Ариунболд даргаас өөр хэн ч мэдэхгүй” гэсэн хариултыг өгч байна. Тэгэхээр Дотоод сонгуулийн хорооны дарга Ариунболд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Туваан, намын дарга С.Эрдэнэ гэдэг энэ гурванхан хүн дээр л намын бүх эрх мэдэл төвлөрч байгаа юм байна гэж харж байна.
-Намын хураамж, дэнчингийн мөнгө өөр дансанд хийгдэж байгаа гэх мэдээллийг та бүхэн хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан. Тэгвэл энэ данс нь хэний нэр дээрх, ямар данс болох талаарх мэдээлэл байгаа болов уу?
-Дотоод сонгуулийн хороо ямар дэнчин, татвар авах гэж байгаа тухайгаа олон нийтэд зарлахгүй баахан мөнгө л нэхээд байсан. Бид үүнийг нь ил болгуулах гээд чадаагүй. Харин сүүлдээ Дотоод сонгуулийн хороо, намын төв аппарад хоорондын бичилцэж байгаа тооноос мэдээлэл авсан. Тиймээс ч олон нийтэд ил болгож, улмаар намын гишүүд бухимдаж, шаардлага гаргасан. Үүний дараа АН-ын жиргээний хуудсан дээр анх удаа /3дугаар сарын 13-ны өдөр/ энэ талаарх мэдээллийг ил болгосон. Уг нь энэ бүхнээс өмнө Ардчилсан нам шилэн боллоо гээд зарлаад байсан ч өнөөдөр шилэн дансанд нь хэдэн төгрөг орж ирсэн, хэн хэдэн төгрөгийн татвар төлсөн гэдгийг харах ямар ч боломжгүй байгаа юм. Тэгэхээр нөгөө шилэн гээд байгаа данс нь шилэн өнгөтэй скочоор наачихсан Ариунболдын сейфэнд байгаа цаасыг хэлж байгаа юм байна л гэж ойлгох болоод байна. Ардчилсан нам ийм л шилэн данстай болчихлоо.
-Дүрмийн бус аргаар сонгууль явууллаа гэхэд үүнийг баталгаажуулахгүй байх хууль зүйн үндэслэл байдаг юм болов уу?
-Манай улсын хуулинд нэг аюултай зүйл байдаг. Тодруулбал намын дотоод маргаан руу шүүх оролцохгүй гэдэг хуультай. Өөрөөр хэлбэл нам яаж ч хэрэлдэж байсан дотооддоо л учраа ол. Шүүх үүнийг чинь таслаж өгөхгүй шүү гэдэг хуультай. Манай улс төрийн намуудын тухай хуульд ч, тэр шүүх тогтолцоонд ч тэр “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэг хууль боловсруулчихсан юм. Тиймээс бид нам дотроо болж байгаа зүйлээ шүүмжилэлцэнэ, намын гишүүдтэйгээ ярилцана гэхдээ үүнийг шүүх хөндлөнгөөс хараад сууж байна гэсэн үг. Хуулийн нүдээр харвал манай намын дарга нар, дотоод сонгуулийн хороо, бид ч юм уу бүгд л гэмт хэргийн шинжтэй зүйл хийж байж магадгүй. Гэтэл хууль нь өөрөө ингээд батлагдсан болохоор хараад суухаас өөр ямар ч арга байхгүй. Шударга ёсыг тогтоох үлдсэн эцсийн арга нь дөрөвдэхь засаглал болох хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээллэх л болчихоод байна. Ер нь бол болдог юм болдогоороо болоод өнгөрнө гэдэг хэсэг бүлэг байхад болоод өнгөрлөө гэхэд намын зарчмын талаар бид ярьдаг зүйлээ ярьсаар л байх болно. Ардчилсан намд зарчмын том алдаа гарч, татвар гувчуур нэмэгдэх гэнэтийн муухай үзэгдэл эхэллээ. Энэ нам гэнэт буруу зүйл рүү яваад эхэллээ шүү гэдгийг хэлэхээс өөр арга алга. Харин энэ байдал аль хүрч засагдах нь үнэхээр ойлгомжгүй байна.
-Тэгвэл Ардчилсан намын ирээдүй танд хэрхэн харагдаж байна вэ?
-Ийм маягаар Ардчилсан намыг удирдаж авч явах юм бол манай нам ардчиллын түүчээлэгч байхаа болиод сүүл мушгигч, тэр ч бүү хэл ардчиллыг булшлагч болж магадгүй болоод байна. Бид өөрсдийн гараар бүтээсэн ардчиллыг өөрсдийн гараар булшлах ийм тогтолцоог хийж болохгүй. Ардчилал гэдэг бол олон нийтийн идэвхи, оролцоо, эрхэн дээр байдаг. Тийм байтал олон нийтийн оролцоог хасаад, гишүүдээ хумиж бүртгэдэг, эрхэнд нь халдаж, өндөр босго тавьдаг, олон нийтийн идэвхиэ болиод бүх юмыг мөнгөөр үнэлж, мөнгө төлвөл хөдөлнө, мөнгө төлөхгүй бол хөдлөхгүй гэдэг арилжааны шинжинд орчихлоо. Улс төр өөрөө арилжааны шинжинд ороод ирэхээр дотоод зах зээл рүүгээ ордог. Гэтэл дотоод зах зээл нь жижигхэн болохоор үүнийгээ арилжаж дуусаад дараа нь гадаад зах зээл дээр арилжиж эхэлнэ. Энэ нь өөрөө тусгаар тогтонолыг байхгүй болгодог. Ардчилал гэдэг чинь тусгаар тогтнолыг яг нөгөө тал нь. Өнөөдөр намаа худалдвал маргааш улсаа худалдана. Өнөөдөр намын гишүүдээ худалдаж байгаа бол маргааш сонгогчиддоо худалдана, нөгөөдөр нь гадаад худалдана. Ийм байдал орчихвий гэдэгт бид маш их санаа зовж байна. Улс төр гэдэг бол нэг хоёр хүний баяжах хэрэгсэл, дотоод сонгуулийн хорооны дарга нарын гарын үсэг зурах мөнгийг төвлөрүүлэх улайрал байж хэрхэвч болохгүй. Үүний цаана тусгаар тогтол оршиж байгаа гэдгийг дандаа бодож байх ёстой. Бидний энэ үйлдэл цаашаа даварвал хэдэн жилийн дараа юу болох вэ гэдгийг мөн бодохгүй орхиж болохгүй. Энэ ч утгаараа өвөг дээдсээс уламжлан өгсөн үнэ цэнэтэй тусгаар тогтонол, бүрэн эрхэт байдал, бидний өөрсдөө бүтээсэн эрх чөлөө, ардчилал бүхэн маань зоосны нүр рүү, тэр дундаа эргэлт буцалтгүй эргүүлэг рүү орчих гээд байна. Би энэ эргүүлэгийг дагаж эргээд ёроолгүй ангал руу ормооргүй байна. Тиймээс би энэ мөнгийг өгмөөргүй байна гэдгээ л илэрхийлээд байгаа юм.
-Хэрэв та мөнгөө төлөхгүй бол?
-Би энэ ангал руу орохгүй. Ирмэг дээр нь зогсоод үлдэнэ. Гэхдээ хашгирдаг юм аа хашгираад хэлдэг юм аа хэлээд явах болно.
-Ардчилсан намын дотоод зөрчил нь Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх байх даа?
-Би С.Эрдэнэ даргыг юу бодож байгаа нь сайн мэдэхгүй юм. Ямартай ч намын дарга хүн намын эв нэгдэл, тууштай, тогтвортой удаан хугацаанд зөв ажиллуулах тухай бодох ёстой. Бид татвар төлж болно. Гэхдээ дааж давашгүй өндөр татвар ноогдуулах ёсгүй. Ер нь татвар нэмэгдсэн цаг үе болгонд ард түмэн хэрхэн яаж сөхөрч, тусгаар тогтонол хэвэргэшиж байсныг түүх гэрчилнэ. Монгол Улс ард түмнийхээ нуруун дээрээс татвараа хөнгөлсөн үедээ хөгжин цэцэглэж байсан. Ардчилсан нам татварыг хөнгөлдөг нам байсан. 4/10 гэдэг татварыг АН гаргаж бүх төрлийн татварыг хөнгөлсөн. Энэ ч үүднээсээ өнөөдөр манай улсын мал 60 сая толгойд хүрсэн. Бид татварыг нь нэмээд байсан бол өнөөдөр нүүдлийн мал аж ахуйн тухай яриа ч байхгүй байх байсан. Тиймээс бүтээж бий болгосон үнэ цэнэтэй зүйлээ үнэ цэнэтэй хэвээр нь байлгамаар байна.
-Өнөөдөр татвар хураамжаа төлсөн гишүүдийн мөнгөн дүнг бодож үзэхээр маш өндөр тоо гарч байна. Үнэндээ намын гишүүд хүлээн зөвшөөрөөд байгаа учраас татвар хураамж, дэнчингийн мөнгөө төлөөд байгаа юм биш үү?
-Дийлж давашгүй их татвар авахыг манай намын гишүүдийн дийлэнх нь эсэргүүцэж байгаа. Тэдний зарим нь ил гарч үгээ хэлж байгаа бол зарим нь биднээр дамжуулж эсэргүүцлээ илэрхийлж байна. Үүнээс болж намын гишүүд энд тэндгүй үүрээ эвдүүлсэн шоргоолз шиг сандралдаж байна.
-Тэгвэл танай намд үнэхээр их мөнгө хэрэгтэй байгаа учраас ингэж их татвар дэнчин тавиад байгаа юм болов уу?
-Мөнгө хэрэггүй нам гэж байхгүй. Гэхдээ хүссэн мөнгөө олдог нам гэж ч хаана ч байхгүй. Дэлхийн улс төрийн түүхийг судлаад үзэхэд хэзээ ч хэний ч хүссэн хэмжээний мөнгийг нам үйлдвэрлэж дийлдэггүй. Харин хүслийг хязгаарлах гэдэг зүйл байдаг. Энэ л манай нам болоод бүх улс төрийн намд хэрэгтэй байна. Нэхсэн болгоныг нь өгөөд байвал улс төр маань хүртэл дампуураад дуусчихна шүү дээ. Тэгэхээр юугаа мөнгөөр үнэлж, юуныхаа мөнгийг төлөх вэ гэдэг эрэмбээ тогтоох ёстой. Ингэж чадвал манай нам хамгийн наад захын улс төрийн үйл ажиллагаагаа зохион байгуулах хангалттай чадварлаг гишүүд, татвар төлөгч нартай. Гэтэл өнөөдөр татвар төлөгч нарынхаа төлдөг татварыг хэд дахин нэмчихээр тэр бүх татвар төлөгч нар бүгд үргэж байна. Уг нь хүний дааж давах хэмжээний татварыг тогтоовол тогтвортой үйл ажиллагаатай байх юм. Манай улс ч гэсэн нэг удаа алдаж байсан шүү дээ. Гэнэтийн ашгийн татвар гэж айхтар татвар тогтоосон нь хөрөнгө оруулагч нарыг үргээсэн үйлдэл болсон. Манай намд өнөөдөр яг л ийм зүйл тохиолдох гээд байна. Жирийн гишүүдийнхээ төлдөг байсан татварыг хэд дахин нэмээд, огт төлдөггүй байсан мөнгийг төлөхөөр болгочихсон. Урд нь Нийслэлийн намын даргад нэр дэвшихэд татвар, дэнчингийн мөнгийг огт төлдөггүй. Сэтгэл зүрхээрээ хийх хүсэлтэй хүмүүс нь өрсөлддөг байсан өнөөдөр 90 сая төгрөг төл гэж байна.
Энэ мөнгийг төлөөд тэр ангал руу орж байгаа гишүүдийг шүүмжлэх эрх надад байхгүй. Угаасаа өмнө нь тэр том ангалыг ухаад хаячисан юм чинь. Гэхдээ бид халааснаасаа мөнгө гаргахдаа ардчиллыг босгох гэж мөнгө төлөөд байна уу, эсвэл унагах гэж төлөөд байна уу гэдгээ хариуцлагатай бодох хэрэгтэй. Яг өнөөдөр энэ бүх тогтоосон мөнгийг нь төлнө гэвэл бид ардчиллаа өөрсдийн гараар булшлах гэж мөнгө төлж байна л гэсэн үг. Ялангуяа урд өмнө нь байгаагүй их мөнгийг гувчуурдаж авч байна гэдэг бол зүгээр л манай намыг өөрийнх нь гараар өөрийг нь устгуулж байгаа маш хорлонтой үйл ажиллагаа.
-Хэн нэгэн 90 саяыг төлөөд Нийслэлийн Ардчилсан намын дарга болчихвол та үүнийг хэрхэн хүлээж авах вэ?
-Энэ мөнгийг төлөөд хэн нэгэн намын дарга болох байх л даа. Үнэхээр намын дарга болоод баяр хүргэж, тамга тэмдэгээ солилцоод ирвэл би тэр хүмүүсийг муулахгүй. Харин тогтолцоо бий болгож байгаа намын удирдлагыг шүүмжилнэ. Ийм тогтолцоо бий болгож байгаа нь өөрөө гутамшигтай байна гэдгийг л хэлнэ. Би 27 жилийнхээ амьдралыг зориулсан ардчиллыг маань нураах гэж оролдож байгаад л бухимдаад байна.
-Та бүхний хийсэн мэдээллийн дарга намын дарга чинь цахим хуудаснаа “Энэ бүхэн нь шинэчлэлийн хоёр дахь давалгаа” гэдгийг өгүүлсэн байсан. Энэ талаар?
-Шинэчлэлийн хоёрдахь давалгааг дээрмийн шинжтэй болголоо гэж хариулмаар байна. Шинэчлэлийн хоёр дахь давалгаа нь нээлттэй, шилэн, хууль ёсны байх ёстой. Хэрэв энэ нь хоёр дахь давалгаа юм бол энэ чинь хар салхи цунами болж, сүйрэл авч ирэх. Үнэхээр өнөөдөр бидэн рүү мөнгөний цунами явуулж байна. Өнөөдөр үүнээс ч муухай санхүүгийн схем явж байгаа талаарх мэдээлэл бидэнд ирсэн. Тодруулбал цөөхөн хэдхэн хүнээр татвар төлүүлэх, зарим хүмүүсийг хий бичилт хийх тийм схем явж байна. Шилэн биш учраас хэн нь мөнгөө төлж ҮЗХ болж байгаа, хэн нь хий бичигдаж орж ирэхийг хэн ч мэдэхгүй. Тиймээс ч намын татварыг гурав дахин нэмсэн юм байна гэж харж байгаа. Ардчилсан намыг шилэн болгох хэрэгтэй.
-Шаардлагын хариуг хүлээж авахгүй бол дараагийн алхам юу байх бол?
-Бид зарчим дээрээ хатуу байж, тодорхой хэмжээний сонголтуудыг хийх байх. Энэ намыг цааш нь ингэж авч явахгүй байх ёстой гэдгийг хатуу баримтлах болно. Өнөөдрийн гарч байгаа алдаа маргааш, нөгөөдөр, тэрний дараа өдөр гээд давтагдаад байвал энэ алдаа нь улсыг баллах учраас энэ нь зөвхөн манай намын алдаа бус улс төрийн соёл байхгүй болох нь гэсэн түгшүүр бий болж байгаа учраас бид нар дуугүй байхгүй. Цаашаа үргэлжлүүлнэ. Ер нь нэг ч гэсэн хүний хувийн зарчимч сонголт энэ бүхэнд чухал. Нэг ч гэсэн зарчимтэй байр суурь дараа нь олны байр суурь болох цаг ирдэг. Өнөөдөр цөөхөн хүний дуу хоолой олных байгаа мэт боловч альваа зүйл нь бохирдоод ирэхээр нэг ч гэсэн зарчмын байр суурь нь арай хол явах байсан гэдгийг ойлгоод ирдэг. Тэр цаг ирнэ гэдэгт найдаж байна.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (33)