Уг нь цаг хугацааны хувьд улс төрийн ийм тоглолт хийх нь хэн хэндээ ашиггүй. МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа энэ үед УИХ-аа нэн ялангуяа Засгийн газраа тогтвортой, ямар нэгэн асуудалгүй ажиллуулах нь гол үүрэг нь болчихоод буй. Тэгж гэмээнэ улс төрийн рейтингээ алдалгүй сонгуультай золгож, төрийн эрхийг иж бүрнээр нь авах хүсэл нь биелэх учиртай.
Нөгөөтэйгүүр хэрэв өнөөгийн Засгийн газар огцрох дээрээ тулбал олон сарын турш дуншиж, сүүлийн хэдэн сарын турш балбуулсан ОУВС-гийн хөтөлбөрт орох санаархал талаар өнгөрнө. Гэвч МАН-ынхан хэрүүлтэй, хэрүүл дээрээ зодоонтой байна. Зарим нэг нь уурссан уурандаа Засгийн газраа ч “авч хаях” талаар үг чулуудаж, ширүүссэн бололтой.
Өнгөрсөн даваа гаригт АН-ын бүлгийнхэн мэдээлэл хийж байхдаа концессийн гэрээний талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Төсвийн тодотгол хэлэлцэгдэж байх үед МАН-ын гишүүдийн зүгээс Засгийн газар дээр их хурлаар хэлэлцэгдэж, зөвшөөрөгдөөгүй концессийн гэрээний асуудал байна гэдэг асуудал гаргаж тавьж байсан. Бидэнд албан ёсоор тоо баримт ирээгүй. Гэхдээ 7 төрлийн концессын гэрээ байгуулагдчихсан, нийт дүн нь 700-800 тэрбум төгрөг гэдгийг Төвийн байнгын хорооны гишүүдэд танилцуулсан” гэсэн бол Бүлгийн дэд дарга Ж.Батзандан “МАН өнгөрсөн дөрвөн жил концессийг эсэргүүцэж, хүчингүй болгоно гэж ярьдаг байсан. Гэтэл концессыг үргэлжлүүлэх тухай, тэр дотроо өөрийн гишүүдийнхээ нэгдмэл сонирхолтой компаниуд дээр байгаа концессыг санхүүжүүлэхээр олон төслүүдийг оруулж ирсэн байна” гэсэн. Тэгвэл яг энэ асуудал МАН-ын гишүүдийн дунд гал “тавьж” би чи дээр нь тулгасан байна.
МАН өнгөрсөн дөрвөн жил концессийг эсэргүүцэж, хүчингүй болгоно гэж ярьдаг байсан. Гэтэл концессыг үргэлжлүүлэх тухай, тэр дотроо өөрийн гишүүдийнхээ нэгдмэл сонирхолтой компаниуд дээр байгаа концессыг санхүүжүүлэхээр олон төслүүдийг оруулж ирсэн байна
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Байнгын хорооныхоо нэг хуралдаан дээр “…Сайд нар Концессын гэрээ хувааж идэх гэж байна” гэж мэдэгджээ. Учир нь Засгийн газраас төсвийн тодотголын үеэр Концессын таван гэрээ оруулж ирсэн байна. ОУВС-тай хамтарч, хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ хэлцэл яригдаж байх үеэр энэ асуудал огт яригдаагүй аж. Гэтэл сураг нь гараагүй таван гэрээ гэнэт гарч ирсэн нь энэ аж. З.Нарантуяа “Засгийн газар дээр их хурлаар хэлэлцэгдэж, зөвшөөрөгдөөгүй концессийн гэрээний асуудал байна” хэмээн мэдэгдсэнээс ажвал Засгийн газар энэ гэрээнүүдийг нуужээ. Үүнээс болж ОУВС-ынхан эргэж харах нь зайлшгүй гэдгийг гишүүд мөн хэлж байна.
Өөрөөр хэлбэл Засгийн газрын нуусан 700-800 тэрбум төгрөгийн төсөвтэй гэрээнээс болоод ОУВС-гийн хөтөлбөр цуцлагдахад үгүй гэх газаргүй нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг ч эх сурвалжууд хэлж байна.
Засгийн газрын нуусан 700-800 тэрбум төгрөгийн төсөвтэй гэрээнээс болоод ОУВС-гийн хөтөлбөр цуцлагдахад үгүй гэх газаргүй нөхцөл байдал үүсээд байгаа...
Гишүүдийн ингэж эсэргүүцсэн нэг шалтгаан нь МАК-тай холбоотой аж. Учир нь “МАК" компанийн эрчим хүчний шугам татах концессын ажил багтжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Болорчулуун нар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат руу “Ерөнхий сайдад хандаж “…Эрдэнэбат аа, чи аятайхан байгаарай. МАК компанид яахаараа Концессын гэрээ өгдөг юм бэ. Өмнө нь энэ компани Концессын гэрээ авсан. Түүнийгээ хийж дуусгаагүй байхад нь яахаараа өгдөг юм. Бас “Цагаан суварга” ингэж л боссон. Яачихсан компани гэхээрээ ийм байдаг юм бэ.
Эрдэнэбат аа, би та нартай холбоотой олон юмыг мэднэ шүү. Чи Ерөнхий сайд биш. Аймгийн л дарга бацаан за юу. Цаашид чи энэ намыг удирдаж авч явна гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Энэ маягаараа ашиг сонирхлын зөрчил чинь гай болно” гэсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “…Энэ бол улайм цайм луйвар. Эрдэнэбат та Монгол Улсын Ерөнхий сайд юм уу, МАК компанийн Ерөнхий сайд юм уу. Тун ойлгомжгүй байна” хэмээгээд сүүлдээ Засгийн газар, УИХ нь хоёр тал болж байгаад “ална, тална даа” тулсан сураг ч дуулдлаа. УИХ- ын гишүүн Х.Болорчулуун концессын асуудлуудад байр суурь нэгдэхгүй байгаагаа илэрхийлэн “Хэрэв Засгийн газар энэ мэтчилэн асуудалд хандаж, концессыг энэ чигт нь зүтгүүлэх юм бол Засгийн газрыг огцоруулах санал оруулж ирнэ шүү” хэмээн бүлгийн хурал дээрээ мэдэгджээ.
Ц.Нямдорж: Чи Ерөнхий сайд биш. Аймгийн л дарга бацаан за юу. Цаашид чи энэ намыг удирдаж авч явна гэж мөрөөдөөд ч хэрэггүй...
Улмаар чуулганы нэгдсэн хуралдааны гишүүд бие биеийнхээ өрөөнд цуглан Концессын гэрээний талаар дахин ярилцаж, УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд хэсэг гишүүн энэ асуудлаас болж ширүүхэн хэрэлдээд авсан байна. Ингэхдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг ч дахин ярьцгаажээ. Энэ асуудал өнгөрсөн даваа гарагийн бүлгийн хуралдаан дээр ч дахин яригдаж, бүлгийн гишүүдийн хооронд нэлээд ширүүн маргаан өрнөсний эцэст ямартай ч концессуудыг судалж үзэхээр болж ажлын хэсэг байгуулахаар болсон байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (50)