Шадар сайдын ажлын албанаас өчигдөр мэдээлэл хийж, нэлээд ноцтой зүйлийн талаар цухуйлгасан билээ. Тэд Шадар сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн мөрдөж эхэлсэн. Долдугаар сарын эхээр энэ бүхнийг шалгуулахаар АТГ болон Тагнуулын Ерөнхий газарт хандсан. Мөн Шадар сайд өөрөө энэ тухайгаа МАН-ын удирдлагуудад дуулгасан. Гэтэл өнөөдрийг хүртэл бүтэн сарын хугацаанд хууль хяналтын байгууллагууд ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь хардлага төрүүлж байна.
Жирийн нэг иргэн биш Төрийн сайдыг тагнах, чагнах гэдэг өөрөө ноцтой гэмт хэрэг. Энэ нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Таван гэмт хэргийн дөрөв нь төрийн эсрэг гэмт хэрэг. Хуулиараа гомдол гаргаснаас хойш нэг сарын дотор хэрэг үүсгэж, гомдол гаргасан хүмүүст мэдээлэл өгөх ёстой. Одоо болтол чимээгүй байгаа нь хууль бус үйлдэл. Уг хэргийн цорын ганц гэрч болох Батболдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж өгөөч. Тагнуулын байгууллагын ажилтнууд тайлбар авахаас зугтсан, солигдсон тохиолдол гарсан. Энэ асуудалд улс төрийн нөлөө байгаа юм биш биз гэж хардахад хүргэж байна. Мөн Кабинетын сайд нь халдлагад өртөж мөрдөж мөшгүүлээд 40 хонож байхад Засгийн газар нь нэг ч удаа анхаарсангүй, хуралдсангүй хэмээн түүний өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлсэн билээ.
Мөн Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр “ЦЕГ, АТГ, ТЕГ нэг сарын хугацаанд 30 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг биелүүлсэнгүй. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт нөлөөлж байгаа гэж хардаж байна. У.Хүрэлсүх сайд үүнийг өөрөө зохион байгуулсан гэх мэдээлэл явж байна. Өөрөө зохион байгуулсан бол яагаад зургаан гэрчтэй байгаа юм. Энэ бол ганцхан Шадар сайдтай холбоотой биш. Өнөөдөр Засгийн газрын гишүүнийг мөрдөх, тагнах, гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм бол энгийн иргэнийг яах вэ" гэсэн.
М.Энхболд, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нараар ахлуулсан дайчид хариуцлага нэрийн дор намынхаа удирдлага болоод Засгийн газар, УИХ-ын хэмжээнд эрх мэдлээ булаацалдаж, хөнжилдөө ч орох завгүй хөвчилдөн тулалдаж буй.
Тэдгээрийн ярианаас харахад У.Хүрэлсүхийн асуудлыг шалгахгүй байгаа нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон түүний нөхөдтэй холбоотой хэмээн хардаж байгаа илт. Учир нь өнөө үед МАН-д “дайн дэгдээд” буй. М.Энхболд, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нараар ахлуулсан дайчид хариуцлага нэрийн дор намынхаа удирдлага болоод Засгийн газар, УИХ-ын хэмжээнд эрх мэдлээ булаацалдаж, хөнжилдөө ч орох завгүй хөвчилдөн тулалдаж буй. У.Хүрэлсүх бол МАН дотроо хүрээлэлтэй нэгэн. Тиймдээ ч УИХ-ын гишүүнээс татгалзаж, улс төрөөс явсан ч эргэж ирэх зам нь дардан байсан. Тэгвэл тэрбээр манлайлж буй дайныхаа дараагийн тактикийг хэрэгжүүлээд эхэлчихсэн бололтой.
Түүний асуудал Засгийн газрыг огцруулах хэмжээнд тулж магадгүй байна. Тодруулбал УИХ-ын нэр бүхий гишүүд хамтран Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогийн байдлаар Засгийн газрыг огцруулах үндэслэлд МАН-аас нэр бүхий долоон гишүүн гарын үсэг зураад байгаа гэх мэдээлэл байна. МАН-ын төрийн эрхэнд гарахад иргэд бөгөөд идэвхтэн дэмжигчид нь АН-ын алдааг бүү давтаарай хэмээн ихэд аминчилсан. Гэвч цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг шиг тухайн үеийн амлалт өнөөгийн тамлал болж, дахиад л төр эргэх хэмжээнд хүрэх нь. АН-ын зассан жимээр МАН алхаж байна. Одоогийн мөрдөж хуулийнхаа дагуу Засгийн газрыг огцруулах үндэслэлийг парламентын 19 гишүүн дэмжсэнээр УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрддэг. УИХ-ын гишүүдийн 51-ээс дээш хувь нь Засгийн газрыг огцруулах нь зөв хэмээн дэмжвэл саналыг хүлээж авах горимтой. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулах үндэслэлийг УИХ-ын 76 гишүүний 39 нь дэмжвэл засаг унана гэсэн үг юм. У.Хүрэлсүхэд энэ зэргийн санал авчих зангараг бий. Тэгээд МАН-ын хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо орохыг тэсэн ядан хүлээж байхад Засаг унах нь зүгээр л цаг хугацааны асуудал болж мэдэх.
Б.Өрнөх
Сэтгэгдэл (82)