УИХ-ын гишүүд байсхийгээд л Төрийн ордны индэр дээрээс элдэв төрлийн чих дэлдийлгэм мэдээлэл хийдэг моод дэлгэрчээ. Хэдхэн сарын өмнө “Бандууш” хочит Д.Гантулга гишүүн төрийн ордны алтан соёмбоны өмнө “улаан махны хэрэг” хийгээгүй талаараа мэдээлж, олны нийтийг алмайруулсан. Харин энэхүү үйл явдлын дуулиан намжиж амжаагүй байтал гишүүд ар араасаа арьсаа хамгаалсан мэдээлэл хийх боллоо.
Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат өөрийнхөө нэр холбогдоод буй концессын гэрээнд албан тушаалаа ашиглаж нөлөөлөөгүй. Өөрөө ямар ч буруугүй учраас шалгуулах хүсэлтэй байгаа гэдгээ мэдээлэв. Түүний энэхүү үйлдэл нь мөн л олон нийтэд таалагдсангүй. Цахим ертөнцөд “Улс төрчид төрийн ордны индэрийг ашиглаж, өөрсдийнхөө арьсыг хамгаалсан мэдээлэл хийдгээ болих хэрэгтэй. Хувийн асуудлыг төрийн ордноос мэдээлэх нь зохимжгүй, төр улсаа хүндэтгээгүй хэрэг. Энэ асуудлыг цэгцлэх ёстой” хэмээн шүүмжилж байна.
Үнэндээ ч төрийн ордны индэр гэдэг бол ард түмэнд мэдээлэл өгөх учиртай төрийн индэр. Гэтэл чухам ямар учраас гишүүд ийнхүү хувийнхаа хэрэгцээнд ашиглаж байгааг зохих ёсны байгууллага нь анхааралдаа авч ажиллахад илүүдэхгүй биз.
Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайдыг томилох үеэр даам гарч, том дуургарч байсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбатын хулхи нь буужээ. Тэрбээр У.Хүрэлсүхийг тохилох асуудлыг хэлэлцэх үеэр “Хоолойны чанга, булчингийн хатуугаар асуудал шийдэхгүй. 30 дахь Ерөнхий сайдад өмнөх Ерөнхий сайдын үүрч ирсэн зовлон ирж байгаа. Та Засгийн газраа огцруулж Ерөнхий сайд болж байгаа. Үндсэндээ намынхаа асуудлыг төрийн зовлон болгож, Монгол төрийг бужигнуулсныг эмх цэгцэнд оруулах нь уу, яах нь. Дахиж ийм зарчимгүй алхам битгий хийгээрэй.
Ж.Батзандан гишүүн сая хэллээ, хулгай хийсэн гэж. Монголын төрөөс хулгай хийсэн нэг ширхэг ч юм байхгүй... Та Ерөнхий сайдаар томилогдоод намайг шалгаарай. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг нэмж дэвслээд битгий нулимаад байгаарай. Огцруулчихсан шүү, та бүхэн. Хүний өөрийнгүй нийлээд битгий дэвслээрэй. Тийм юм байхгүй шүү. Шоронд хийх гэж байгаа бол хийгээрэй. Гараад ирнэ, гарч ирээд үзнэ шүү. Хайрцганд хийгээд оршуулчихгүй байлгүй дээ. Үнэн мөнийг нь тогтоогоорой” гэх хатууг үгийг хэлж, үзэлцэнэ гэдгээ сонордуулаад амжсан.
Гэтэл эл үгнийх нь цуурай намжиж, бичсэн бэх нь хатаж амжаагүй байтал тэрбээр “Би буруугүй. Хууль зөрчөөгүй гэх мэдээллийг хийв. Тэрбээр “Намайг "Засагт Чандмань Майнз" компанид концессийн гэрээг хууль бусаар авч өгсөн гэх гүтгэлэг гарч байна. Миний бие төрийн сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийгөө ард түмнээс дээгүүр үнэлж, албан тушаалаа ашиглаж аливаа хууль зөрчөөгүй болно. Иймээс Концессын гэрээг хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгуулж үнэн мөнийг тогтоож өгөхийг хуулийн байгууллагад болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарт хүсэлтээ илэрхийлж байна” гэдгийг мэдээлэв.
Харин чухам яагаад түүний хулхи ийнхүү бууж, төрийн ордны индэр дээрээс буруугүй хэмээн хашгирав гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм. Үнэхээр буруугүй бол хуулийн байгууллагад шалгуулаад үнэн мөнөө тогтоолгосныхоо дараа олон нийтийн өмнө бардам гарч ирээд “Намайг хуулийн байгууллага буруугүй гэлээ. Одоо би намайг гүтгэсэн нөхдүүдээс хариугаа авна” гээд даам гарахгүй ийнхүү яаран сандарч мэдээлэл хийсэн нь ёстой л айсан хүнд аргал хөдөлнө гэгч боллоо хэмээн үзэх хүн олон байна.
Ямартай ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбатын “хэрэг” хуулийн байгууллагын хаалга татах нь ойлгомжтой боллоо.
24tsag.mn
Сэтгэгдэл (78)