Хүүхэлдэйг амилуулж хүүхдийн сэтгэхүй сэтгэлд хүргэж ухааны сувд хэлхэнэ гэдэг амаргүй. Тэрхүү хэцүү хийгээд амаргүй ажлыг Монголын хүүхэлдэйн театрын хамт олон нуруундаа үүрч яваа. Ингээд энэ айлын эзэн тотгыг өргөж, тооныг түшиж яваа өрхийн тэргүүн П.Нямлхагватай хөөрөлдлөө.
-Шинэ оны босгон дээр уулзаж байгаа нь сайхан ерөөл юм. Энэ онд үзэгчдэд хүрэх бүтээлүүдээ төлөвлөсөн байх. Ямар жүжгүүд тайзнаа амилуулах гэж байна?
-Манай хамт олон гурван шинэ жүжиг тавина. Үүний нэг нь ахлах ангийнханд зориулсан хүүхдийн жүжиг байх юм. Энэ нь өсвөр насны хүүхдийн мэдлэг оюунд тус болсон, театрын соёлд сургасан, хүн хоорондын амьд харилцааг бий болгох зорилго бүхий жүжиг байх болно. Монголчууд Торгоны замаар дамжуулан гангар цагаан шаазан, торго дурдантай танилцаж байсан бол дараа нь өөрсдийнхөө урлаг соёл, өв уламжлалыг харьд танилцуулсан. Энэ түүхийг өгүүлэх “Торгон замын Тоодоохой” гэж жүжиг олны хүртээл болно. Мөн мартагдах шахсан нэг зүйлийг хөдөө орон нутагт сэргээх зорилгоор “Далан сум далан жүжиг” гэсэн хөтөлбөр боловсруулсан. Социализмын үед мэргэжлийн урлагийн байгууллагынхан Монгол Улсын сум бүрт хүрч соёл урлагийг түгээдэг байсан нь зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш хумигдаж үгүй болсон.
Хөдөө орон нутгийн үзэгчдэд соёлыг түгээж, мэргэжлийн урлагийн байгууллагыг сурталчилж явсан тэр уламжлалыг сэргээх үүднээс бид Монгол Улсынхаа 70 сумын үзэгч багачуудад хүрч үйлчилнэ. Хөдөө орон нутгийн хүүхдүүд Хүүхэлдэйн театр гэж нэг ийм байгууллага байдаг юм байна, тэнд нь ийм жүжиг тоглогдож байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. 70 жилийн арвин түүхтэй энэ байгууллагад эрдэм шинжилгээний суурь бүтээл, түүнийг түшиглэсэн бүтээл ч тэр, жүжигчид ч тэр байж таарна. Тиймээс эрдэм шинжилгээний томоохон хурлыг зохион байгуулна. Бидэнд бас нэг сэдэж буй том зорилго бий. Монгол Улсын хэмжээний урчуудын дунд “Хүүхэлдэйг хэн сайн урлах вэ” уралдааныг зарлана. “Баавгай ба охин” хэмээх хүүхэлдэйн киноны цаана аугаа их Орос орон харагдаж байдаг даа. Үүн лүгээ адил монгол урчуудын урлан бүтээсэн хүүхэлдэйгээр дамжуулж монголчуудыг дэлхий нийт хардаг болгох тийм том зорилго өвөртөлж байна. Энэ уралдаан зүгээр нэг хэдэн урчууд уралдаад нэг нь түрүүлээд мартагдах зүйл биш. Бид монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой гэж хэлж болно.
-Хүүхэлдэйн жүжгүүдийг ихэнхдээ бага насны хүүхэд үздэг. Тиймээс сонголтыг эцэг, эхчүүд хийнэ. Гэтэл манай аав, ээжүүд хүүхэлдэйн жүжгийн талаар мэдээлэл, мэдлэг дутуу явдаг юм шиг санагддаг. Үүнтэй санал нийлэх үү?
-Манай тоглолт 4-12 насны хүүхдэд зориулагдсан бүтээлүүд дагнаж ирсэн. Гэтэл энэ хүүхдүүд өөрөө сонголт хийх чадамжгүй. Тиймээс эцэг эхчүүд нь сонголт хийж өгдөг. Ийм болохоор бид давхар эцэг эхчүүдэд хүүхэлдэйн жүжиг, театрын талаар өгөөжтэй мэдлэг өгөх ёстой. Мэдээж хүүхдээ жүжиг үзүүлэх гэж ирсэн аав, ээжүүд тоглолт тартал хүлээдэг. Энэ хооронд лекц яриаг дүрсжүүлж эцэг эхчүүдийг мэдлэг, мэдээлэлтэй болох ажлыг тогтмолжуулна.
-Манайд хүүхдийн уран бүтээл, урын санд тогтмолжсон хөөрхөн хайр татсан дүр байхгүй яваад байх шиг санагддаг. Ер нь уламжлал, ёс заншлыг харуулсан гол баатар хэрэгтэй. Тиймээс танайд тийм дүртэй зохиол ирэхгүй байна уу?
-Үнэн, үнэн. Дүр алга. Тиймээс өөрийн гэсэн дүртэй болно. Мэргэжлийн урлагийн том байгууллага учир хүүхэлдэйн дүрийн уралдаан зарлана. Залуучуудын театр гэж монголд байхгүй байна. Тиймээс залууст болон ахлах анги, өсвөр насныханд зориулсан олон сайхан уран бүтээл хийнэ. Интернетээр аялж байгаа хүүхдүүд зөв буруу мэдээлэл их авч байна. Тиймээс бид цахим ертөнцөөс хол байлгах зорилт тавьж шинэ сэргэг бүтээл хийх үүрэгтэй. Энэ ч үүднээс ирэх таван сард өсвөр насныханд зориулсан хүүхдийн жүжиг тавина.
-Оны өмнөхөн болсон тоглолт тань сайхан болов уу?
-Манай театр 150-хан хүүхдийн суудалтай учраас МҮЭСТО-д хоёр өдөр нийт дөрвөн удаа тоглосон. Энэ тоглолтоороо үе үеийн шилдэг бүтээлүүдийн дээжээ аль болох олон хүүхдэд хүргэхийг хичээсэн. Хүүхэлдэйн урлагийн зургаан төрлийг тал талаас нь харуулсан шилдэг үзүүлбэрүүд багтсан. Тоглолтын нэг онцлог нь ахмад, дунд, залуу үеийн жүжигчдээс бүрдсэн л дээ. Өнөөдөр олон хүний ой тойнд хүүхэд насных нь гэгээн дурсамжид дуу хоолойгоороо мөнхөрч үлдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, “Хүүхэлдэйн” хэмээх Л.Чимэддорж, “Мандухай сэцэн хатан” киноны Баянмөнх жононгийн дүрээр түмний сэтгэлд мөнхөрсөн Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Гүрсэд, “Буратино” хэмээн багачуудын дунд алдаршсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан О.Норолхоо, жүжигчин Т.Пэрэнлэй, С.Балданпүрэв гээд сор болсон ахмадууд өөрсдийнхөө дуу хоолойгоор багачуудтайгаа мэндчилж чадсан. Үүний зэрэгцээ манай дунд үеийн гайхамшигтай авьяаслаг жүжигчдийн ур чадвар туршлага, одоо ид хийж бүтээж яваа залуусын авьяас билгийн гурвалсан хэлхээ энэ хоёр өдрийг утга учраар дүүрэн болгож чадлаа.
-Тоглолт тавихад санхүү хэр их боломжтой байдаг вэ?
-Манайх жилд хоёр шинэ жүжиг хийж нэг хуучин жүжгээ сэргээн засварладаг. Уран бүтээлийн зардлыг яамнаас тодорхой гаргаж өгдөг. Бид чамлахаар чанга атга гэж болж бүтэхээр нь л хүргэхийг хичээж байна. Үлгэрийн орон төсөөлөл, ид шидийн орон бол хүүхдийн мөнхийн сэдэв байдаг. Тэгэхээр энэ дээр яаж урлаж байна хүүхдэд хүрэх гарц нь юу байна гэдэг дээр уран сайхны зөвлөл дүгнэлт хийж санхүүгээ зохицуулан зарцуулдаг.
-Тоглолтын хувцас, жижиг хэрэглэл бол жүжигчдээс үнэтэй эд биз?
-Үнэндээ тоглолтын хувцас жижиг хэрэглэлд маш их зардал гардаг. Хувцас бол маш их өмсөгддөг. Яагаад гэхээр манайх суудал цөөхөнтэй. Тиймээс хувцасны элэгдэл хорогдол их гарна. Тоглолтоос тоглолтын хооронд угаана, уранхай цоорхойг нь оёно. Жүжигчид маань хувцас хүүхэлдэйгээ аминаасаа илүү хайрлаж чаддаг. Тийм ч учраас үеийн үед хүүхэлдэйн театрын тоглолт бүхэн үнэ цэнэтэй болдог.
-Танай жүжигчид ихэнх нь Оросод мэргэжил эзэмшиж ирсэн үү?
- Манайх цөөн орон тоотой. Би хүнтэй ажил ярихдаа нүүр нүүрээ харж ярих дуртай. Яг үүн шиг хүүхэлдэй хүүхэд хоёрын амьд харилцаа яг ижилхэн юм билээ. Саяхан ОХУ-ын Үлгэр театрын дарга манай театрт айлчилсан. Оросод мэргэжлийн хоёр том театр байдаг юм байна. Мөн хувийн хүүхэлдэйн театр их олон гэнэ. Тиймээс аугаа их орос орон хүүхэлдэйн театраар амьсгалж байна. Энэ бол гайхамшиг. Бид хойч ирээдүйнхээ гайхамшигт мөрөөдлийг нь бүтээж, соёлоор усалж ургуулах ёстой. Орон тоо гэж яривал их өөр л дөө. Яг одоо л гэхэд Ленинградад энэ мэргэжлээр төгссөн 10 гаруй залуу ажлын байраар хангагдаж чадахгүй л сууж байна. Манай ажилчид маш чадварлаг, ачаалал үүрч чаддаг, зүрх сэтгэлээсээ ажилдаа хайртай хүмүүс. Монголд хүүхэлдэйг амилуулна гэдэг бол гайхамшиг.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)