Юм хөгжих сайхаан... Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх хөрөнгө болон гэр бүлийн баталгааны лавлагаа гээд л бүгдийг амархаан авчихдаг болсоор даруй хэдэн он улирчээ. “Иргэдийн өргөдөл гомдлын мэдээллийн ухаалаг тайлангийн систем” төсөл хэрэгжсэнээр төрийн үйлчилгээг орон даяар жигд, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор ТҮЦ машинаар иргэдэд үйлчилж байгаа билээ.
Нийслэл болон хөдөө орон нутгийн иргэд хэн нэгэн төрийн албан хаагчтай харьцахгүй, ямар нэгэн хүнд сурталгүйгээр өөрт хэрэгтэй лавлагаа, тодорхойлолтоо хурдан шуурхай авчихдаг болсон нь олзуурхууштай хэрэг мөн үү гэвэл мөн. ТҮЦ машинаас иргэд төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, цахилгааны төлбөр төлөх зэрэг 18 төрлийн үйлчилгээг авч байсан. Үүн дээр хоёр төрлийн шинэ үйлчилгээ нэмэгдэж, иргэд 20 төрлийн үйлчилгээг, нийслэл хотод байрласан 80 цэг, хөдөө орон нутагт суурилуулсан 28 ТҮЦ машинаас авах боломжтой.
Түүгээр ч зогсохгүй шинээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан өгдөг иргэний үнэмлэхний захиалга, Гаалийн ерөнхий газраас авдаг гаалийн байгууллагад татварын өртэй эсэх талаарх тодорхойлолтыг ТҮЦ машинаар дамжуулан авах боломжтой болсон гэж байгаа. Иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлээд дахин авах гэж буй иргэд олон төрлийн бичиг баримт бүрдүүлээд УБЕГ-ыг зорих бус хамгийн ойрхон байрласан ТҮЦ машинд бүртгүүлээд л, захиалгаа өгөх боломжтой. Ийнхүү захиалсан иргэний цахим үнэмлэх гурван хоногийн дараа хэвлэгдэж, харьяа дүүрэг, сумын Иргэний бүртгэлийн хэлтэст хүргэгдэн, баг хороодод тараагдаж, эзэндээ хүрдэг.
Түүгээр ч барахгүй УБЕГ-аас олгодог хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагааг ТҮЦ машинаар дамжуулан зөвхөн ямар нэгэн байгууллагад ажилладаг иргэд авдаг байсан бол хуулийн этгээдгүй буюу аль нэгэн байгууллагад харъяалалгүй хүн авах боломжтой болсон. Бүр орон нутаг явах унааны тасалбараа ч захиалчихаж болно.
Юм хөгжих сайхаан... Судалгаанаас харахад, нэг иргэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ дунджаар 30 минутыг зарцуулж, 8041 төгрөг төлдөг байсан бол ТҮЦ машинаар үйлчлүүлснээр таван минутад багтан үйлчилгээ авч, 2400 төгрөгийн зардал гаргаж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл, ТҮЦ машинаар үйлчилсэн нэг жилийн хугацаанд иргэд дунджаар есөн тэрбум төгрөгийг хэмнэсэн гэсэн үг. Харин арилжааны банкууд ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагааг хэрэгсдэггүй.
Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэн заавал тамгатай лавлагаа авчирч байж банкаар үйлчлүүлэх эрх үүсдэг аж. Тодруулбал, тухайн тамгатай лавлагааг улсын болон нийслэлийн бүртгэлийн газраас 5000 төгрөгөөр авдаг. Яг ямар тохиролцоо хэлбэрээр хуваадгийг нь мэдэхгүй ч төрийн үйлчилгээний жишиг болсон ТҮЦ машины гаргасан бичиг баримтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь шуудхан хэлчихэд төрийг үл ойшоож буйн хэлбэр мэт. Гэвч төр ТҮЦ машиндаа үл итгэн заавал тамгатай лавлагаа өгч буй нь яах аргагүй хардлага дагуулна. Уг нь ТҮЦ машинаас олгож байгаа бичиг баримтууд нь өндөр нууцлалтай байдаг учир хуурамч гэж үзэн үйлчлэхгүй байх үндэслэлгүй гэж албаны хүн айхтар хариуцлагатай мэдэгдсэн л юм даа. Таван мянган төгрөгийн үнэтэй тамганы ард хэний халаас цулайгаад байгааг хариуцах албаныхан нотолж хариуцлага тооцвол ямар вэ...
З.УРСГАЛ
Сэтгэгдэл (7)