Улаанбаатарчууд хуучнаар МУИС-ийн хичээлийн зүүн урд буланд байдаг жижигхэн гутал засварын газрыг андахгүй. Тэндээ гутлаа засуулж байсан, одоо засуулж байгаа хүмүүсийн тоог барагцаалах ч аргагүй. Тэнд хоёр өвгөжөөр хятад хүн ээлжээр гутал янзална. Би ч тэнд олон удаа гутлаа засуулж байсан. Өчигдөр хэрэг болгон зорин очиж зүс таних Лю овогттой уулзаж ажил, амьдралынх нь талаар ярилцлаа. Нас 60 хол гарсан ч ануухан харагдах Лю Ружин гуай “Би ч гутал засахаас өөрийгөө мэдэхгүй шахуу, одоо ч нэг өвгөн л болж дээ” гэсээр яриагаа эхэлсэн юм.
-Сайхан өвөлжиж байна уу та. Миний мэдэхийн л та энд суудаг байсансан. Одоо ер нь хэд дэх жилдээ гутлаа янзалж сууна?
-Аа тун удаж байна. Анх 1984 онд гуталчин болоод л энд суусан. Энэ газар маань буян хишгээ харамгүй хайрласаан хөөрхий. Хүн ер нь ямар ч ажлыг сэтгэлээ гаргаж чанартай сайн хийвэл эргээд өөрт нь л хэрэг болдог юм. Би яг эндээ 34 дэх жилдээ гутал засч сууна. Муудсан юм алга. Дөрвөн хүүхдээ гутал засч олсон мөнгөөрөө л өсгөж өндийлгөсөн. Эхнэрээ ч өлсгөж дааруулаагүй гэж боддог доо.
Гар хөдөлж, нүд харж байгаа цагтаа гутлаа засна л гэж боддог.
-Гутал засварынхаа байрыг арай жаахан томруулчихсан юмаа?
-Аа тэгсэн. Хуучнаа бодвол тав зургаан хүн орж ирэхэд бөгс эргэх зайтай болсон шүү./инээв/ Бид хоёр ч яахав гутлаа засаад суугаад байна. Хамгийн гол нь биднийг ажилтай байлгаж, нэг ёсондоо амьдрал хайрлаж байгаа үйлчлүүлэгчдээ хүндлэх ёстой л доо.
-Ийм олон жил болж байгаа юм чинь Их сургуулийн зүгээс ч юмуу, хороо хорины зүгээс хөөж туух, алба ажлаар далайлгах нь гайгүй юу?
-Өө тэр талаар санаа зоволтгүй. Ажлаа амар тайван хийгээд л сууж байдаг. Манай энэ жаахан газар чинь хувьчлагдсан газар л даа. Бид хоёр бол түрээсээ төлчихөөд л гутлаа засаад сууж байхад санаа зовох юм байхгүй. Энэ газрын эзэн цаанаа өөр хүн байдаг л даа. Бид хоёр чинь ээлжээр гардаг болохоор сардаа 15 гарна. Нэг өдөр нь л ажиллачихаад маргааш нь гэртээ амардаг. Энэ газрынхаа эзэнд сарынхаа түрээсийг төлчихөөд л санаа амар ажлаа хийдэг.
-Та ер нь ингэхэд хятадын аль муж, нутгийн гаралтай хүн бэ. Одоо бол төрсөн нутаг руугаа чөлөөтэй явж болдог байх даа?
-Би бүр Хэбэй мужийн Жанчхүү хот хавийн хүн байгаа юм. Уг нь одоо ч амгалан тайван болсон сайхан цаг учраас мөнгөтэй л бол явж болно л доо. Тэгээд санаан зоргоор явж чадахгүй юм даа.
-Одоо төрсөн нутагт чинь ямар хамаатан садан байдаг вэ. Төрсөн ах дүүс бий юу?
-Аа хэдэн дүү нар бий бий. Сүүлийн 10-аад жил явж чадсангүй. Уг нь ойрхон нэг яваад ирэх юмсан гэж бодох л юм. Тэгээд ажлын зав чөлөө, мөнгө төгрөгний боломж нь сайн таарч өгөхгүй л байна.
-Таны гэр Улаанбаатарын хаахна байна. Эндээс хол уу?
-Аа гэр жаахан зайтай. Сонгинохайрхан дүүргийн ард байдаг. Хуучин тэнд ногоо цагаа тарьдаг хятад айлууд ихэвчлэн байдаг байсан юм. Одоо ч сүйдтэй ногоо тариад байхаа больцгоосон доо. Дэлгүүр захаар нэг үеэ бодвол хүнсний ногоо хангалттай элбэг болчихсон болохоор манай тэндхийн айлууд хэрэгцээнээсээ давсан их ногоо тарихаа ер нь больсон.
-Та түрүүн гутлаа засаад дөрвөн хүүхдээ өлсгөлгүй өсгөсөн гэсэн. Одоо бүгдээрээ том болоод тусдаа гарцгаасан байх даа?
-Хүүхдүүд том болоод тусдаа гарцгаасан. Бүгд л тус тусынхаа ажлыг хийгээд амьдралаа аваад явж байгаа. Янз бүрийн л ажил хийж байгаа. Зах дээр наймаа хийдэг нь ч байна. Орчуулагч хийж байгаа нь ч бий. Гэрүүд нь Баянхошуу хавиар л байцгаадаг.
-Эхнэр хаана ямар ажил хийж байна?
-Эхнэр маань насандаа суусан. Тэгээд одоо бол гэрийн л ажилтай. Гэртээ ач зээ нараа харж, хоол ундыг нь хийж өгөөд л сууж байдаг. Орой очиход гэр дулаахан, халуун хоолтой байна гэдэг чинь эхнэрийн маань л хийж байгаа гол ажил юм.
-Та бас насандаа суусан л байх даа. Гэхдээ их ануухан харагддаг шүү?
-Би чинь одоо 68 настай өвгөн шүү дээ. Хүмүүс “Та ануухан байна аа” л гэж байдаг юм. Арай жаахан ануухан байгаа бол ажлыг гололгүй насаараа хийж яваагийн маань л ач буян байх даа. Тэтгэврээ нэлээн хэдэн жилийн өмнө тогтоолгосон. Тэгээд яах вэ ингээд сурсан ажлаа хийгээд, гэртээ хэдэн төгрөгний нэмэртэй сууж байна гэдэг чинь энэ насандаа болоо л гэж боддог.
-Та сард хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг вэ. Эхнэр тань бас нэг хэдэн төгрөг авдаг нь байх?
-Өө тэтгэврийн хэд ч хариугүй жаахан шүү дээ. Би л гэхэд сардаа 250 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Манай эхнэр бас нэг 210 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Нийлээд 460 мянган төгрөг гэдэг чинь юм юм үнэтэй болсон одоо цагт бас л хариугүй жаахан мөнгө. Тэгэхээр би ингээд сурсан ажлаа хийгээд сууж байна гэдэг чинь манайх гэдэг айлд их нэмэртэй байдаг юм.
-Та ч үйлчлүүлэгч олонтой, олондоо танигдсан сайн гуталчин болохоор үйлчлүүлэгч тасрахгүй, тэр хэрээр орлого гайгүй байдаг байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Би юун төлөө 34 жил гутал засч суугаа билээ. Энэ ажлаа муу хийж болохгүй. Ямар ч хүний гутлыг янзалсан бай сэтгэлээсээ хийхгүй бол болохгүй. Ажлыг сайн хийж байж л олны талархал, хүндлэл хүлээнэ шүү дээ. Би хүний гутлыг муухан янзалдаг байсан бол энэ гуталчин өнөөдрийг хүртэл оршин тогтнохгүй, зүгээр л нэг ажилгүй гэрийн өвгөн сууж байх байсан л даа.
-Зун бол хааяа нэг гутлаа засуулахаар ирэхэд үргэлжийн хүн ихтэй байдагсан. Харин одоо өвлийн хүйтэн болоод ч тэр юмуу бид хоёрыг ингээд ярилцаж суухад үйлчлүүлэгч бараг л орж ирэхгүй байна шүү?
-Тийм тийм. Ойрдоо сүрхий хүйтэрч байна. Ер нь тэгээд ч өвөл хүмүүс тэгтлээ гутлаа янзлуулаад байдаггүй л дээ. Зун бол хавар зуны заагт, гутлаа сольж өмсдөг үеэр бол хүн дүүрэн л байдаг юм. Зуныг дуусахаар намрын гуталд орох үеэр, оюутнууд цуглах үеэр үйлчлүүлэгчээ хүчрэхгүй сандрах ч үе тохиолдоно шүү дээ. Одоо бол эмэгтэйчүүд нөгөө цааны арьсан гутал их өмсдөг болчихсон. Тэгээд эрчүүд болохоор том том гутал өмсчихөөрөө бараг л янзлуулахгүй шүү дээ.
-Сая нэг эмэгтэй хүний гуталд нэлээн үйлчилгээ хийгээд 15 мянган төгрөг авч байна. Ер нь өдрийн орлого ойролцоогоор хэд орчим төгрөг байдаг бол?
-Өдрийн орлого янз бүр байдаг. Одоо ингээд өвөл болоод хүйтэрчихлээр өдрийн орлого ч тун бага шүү дээ. Аа тэр хавар зуны зааг, зун намрын заагт бол өдөрт 100 мянга хол гарах нь ч бий. Тэгээд орлогоосоо материалаа авна, сарын түрээсээ төлнө. Тэгэхдээ л хөөрхий чамлах юм байхгүй. Гар хөдөлвөл ам хөдөлнө гэдэг байхаа. Тэгээд ч хүмүүсийн гутлыг засна, янзална гэдэг бол их буянтай ажил гэж ярьдаг шүү дээ.
-Та яриандаа ач буяны талаар нэлээн дурсах юм. Ер нь их Монголжсон байна шүү?
-Тэгэлгүй яах вэ. Хэдийгээр би хятад хүн мөн нь үнэн ч бараг л бүх амьдрал минь энд, Монголд өнгөрсөн болохоор өөрийгөө Улаанбаатарын иргэн, бараг л Монгол хүн гэж боддог. Одоо жишээ нь манай гэр бүлийн амьдрал гэхэд л жирийн нэг Монгол айлаас тэгтлээ ялгараад байх юм байдаггүй. За тэгээд Цагаан сар, Улсын баярыг бусадтай л адилхан өргөн дэлгэр тэмдэглэнэ шүү дээ. “Усыг нь уувал ёсыг дага” гэдэг чинь бодоод байхад зүгээр ч нэг хэлчихсэн үг биш юм л даа. Юм бүхэн учиртай. Тэгэхээр би чинь айхтар Монголжих нь ч аргагүй юм.
-Та материалаа хаанаас авдаг юм. Урагшаа явж авдаг уу?
-Үгүй, эндээс авдаг. Тусгай сайн чанартай материал оруулж ирдэг газар байдаг юм. Тэр газраас олон жил авч байна. Бид ч нэг нэгнээ сайн таньдаг болохоор материалын чанарт санаа зовох юмгүй амар байдаг юм.
-Энэ байрандаа сардаа түрээсийн мөнгө хэдийг өгч байна. Нөгөө ээлжийн тань хүн бас өгдөг байх даа?
-Өгнө, өгнө. Хоёулаа адилхан сарын 375 мянган төгрөгийн түрээс төлдөг. Бид хоёр чинь ээлжээр гардаг болохоор сард 15 хоног л ажилладаг гэсэн үг л дээ. Тэгээд түрээсийнхээ 375 мянгыг тушаагаад, материалаа авна шүү дээ. Гол нь сайн материал авахгүй бол болохгүй. Хүний гутлыг сайн материалаар, сайн янзлаад гаргавал мөддөө дахиж ирэхгүй шүү дээ. Тийм болохоор үнэтэй ч гэсэн аль сайн материалыг л шилж авдаг. Хааяа ганц хоёр хүн буцаж ирнээ. Тэр үед нь үнэгүй улам сайн янзалж өгөөд л явуулдаг.
-Олон хүн сайнтай муутай л байдаг. Та энэ олон үйлчлүүлэгчдээс голдуухан ямар үг сонсдог вэ. Магтах юмуу, муулах юмуу?
-Тэр талаар ёстой гайгүй шүү. Ер нь манайхан хүнийг барагтай л бол муу хэлдэггүй. Улаанбаатарын бараг л ихэнх хүмүүс манай энэ жижигхэн мэддэг байх даа. Ер нь энэ олон жил болоход учиргүй муу хэлээд харааж загнаад байгаа хүнийг ёстой нөгөө “Өдрийн од” шиг цөөхнийг үзсэн. Яах вэ хааяа согтуу хөлчүү хүмүүс орж ирээд янз бүрийн юм ярьж л байдаг юм. Тэрийг бол тоодоггүй л дээ.
-Өвлийн орой эрт харанхуй болно. Одоо та чинь энэ урд буудлаас автобусанд суудаг уу?
-Тэгнэ. Шууд эндээс суугаад л замдаа нэг дамжиж явсаар байгаад л харина. Манай Сонгинохайрхан дүүрэг, нэгдүгээр хорооллын зам бас нэг жаахан түгжрээ ихтэй болохоор аажуухан л харина шүү дээ. Тэгээд явсаар байгаад очиход эхнэр маань халуун хоол цайтай угтдаг нь бас сайхан шүү. Ач зээ нар шулганалдаад байцгааж байна. Сайхаан сайхан.
-Таны энэ гуталын ул үрж байгаа машин Оросынх юмаа. Жаахан тоос шороо л ихтэй юм даа?
-Тийм энэ Оросын машин байгаа юм. Уг нь сайн бөх машин байгаа юм. Тоос шороо мэдээж ихтэй. Ер нь гуталчин хүн гэдэг чинь үргэлж л нургисан тоос шороон дунд ажилладаг л даа. Мэдээж гудамжинд явж байгаад орж ирсэн гутлаас шороо тоос босолгүй яахав. Одоо ч яахав өвөл болохоор тэгтлээ тоос шороо бужигнаад байдаггүй юм. Хавар бол сүрхий шүү дээ. Зарим гутлаа янзлуулж байгаа хүмүүс “Яасан их шороо тоостой юм. Агааржуулагч тавьж болдоггүй юмуу” л гэж байдаг юм. Миний уушиг дотор ч нэлээн их тоос шороо залгисан нь тодорхой. Амны хаалт зүүхээр хөлс гоожоод болдоггүй юм. Тэглээ гээд яахав. Энэ ажлыг хийж сурснаараа ямар ч гэсэн хүнээс мөнгө зээлж үзсэнгүй, хүний дайтай л амьдарч яваа болохоороо баярладаг юм. Би чинь өөр ажил хийж чадахгүй болохоор амьтан хүнд гологдоод сүйд болох байх гэж боддог. Одоо тэгээд 70 хүрэх гэж байгаа хөгшин намайг хэн тоож ажилд авах вэ дээ. Үүнийгээ хийж яваад л учраа олно доо.
-Та хоёр бас л хөөрхөн түрээс төлдөг юм байна. Уг нь энэ байрандаа жаахан засвар хийлгэж нээрээ л нэг агааржуулагч тавиулчихвал?
-Аа дараа жил шинэ байр барина гэсэн. Уг нь энэ газрын эзэн нь өөр хүн байж байгаад гурван жилийн өмнө одоогийн эзэнд зарсан юм билээ. Тэгээд шинэ эзэн маань “Дараа жил та хоёрын ажлын байрыг шинэчилж өгнө өө” гэсэн. Дараа жилийн өдийд сайхан шинэ байранд ажлаа хийгээд сууж байх байхаа.
-За та бид хоёрын ярилцлага өндөрлөж байна. Танд эрүүл энх, ажлын их амжилт хүсье?
-За их баярлалаа. Өвгөн намайг гололгүй хүрч ирж сайхан ярилцлага авсан хүү чамд ч эрүүл энх, сайн сайхныг хүсч байна.
Сэтгэгдэл (19)