УИХ дахь МАН-ын бүлгийн 32 гишүүн Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг унагахаар зориг шулуудан гарын үсгээ зурцгааж санасандаа хүрцгээж байсан нь 2017 оны есдүгээр сарын 07-ны өдөр билээ. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас огцруулагсдын тэргүүнд 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр “Ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог бичигдээгүй хуулийг зөрчиж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өөрийнхөө оронд тоглоомын Ерөнхий сайд тавилаа” хэмээн УИХ-ын дарга М.Энхболдыг хамгийн хурцаар шүүмжилдэг байсан Т.Аюурсайхан, Ч.Хүрэлбаатар, Б.Энх-Амгалан, Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Я.Содбаатар нарын эсэргүү гишүүд байсан бол Д.Сарангэрэл, Ц.Гарамжав, М.Оюунчимэг гэсэн гуравхан эмэгтэй гишүүн эсэргүүний бүлэгт хамгийн идэвхтэй явцгаасан түүхтэй. Харин сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн нэртэй ч төрийн ордонд бараагаа цөөхөн харуулдаг Б.Наранхүү гишүүний мэдлийн ресторанд хачин жигтэй уулзалтууд болж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаж, УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэх талаар “Хор найрагдаж” эхэлсэн талаар төрийн ордны хонгил буланд шивнэлдэж байна. Магадгүй Монголын улстөрд төдийгөөс өдий хүртэл амь бөхтэй зууралдсаар байгаа “Улстөрийн өс хонзон авах” ажиллагаа дахин шинээр толгойгоо өндийлгөж эхэлсэн бол дахиад л эдийн засаг хүчтэй савлаж, Олон улсын Валютын сан ч нүүрээ цааш харуулах нь тодорхой юм. Хэрвээ энэ асуудал яах аргагүй үнэн бол Монголын улстөрд үүсээд байгаа хорлонтой нөхцөл байдлаас нэгэн наргиантай зүйрлэл ой ухаанд гялсхийтэл орж ирээд зүгээр суулгахгүй нь.
Одоо жишээ нь Монголын уран сайхны “Төөрсөөр төрөлдөө” хэмээх нэг сайхан кино байдаг даа. Тэр кинон дээр шархадсан хоёр орос офицерын нэг нь “Би улаан, тэр цагаан” гэж хэлдэг хэсэг байдаг. Харин киноны гол дүр, уулын агуйд орогногч Балт хоёулангийнх нь үсийг барьж үзсэнээ “ Хэ цэс. Хоёулаа адилхан шар юм байж” гэдэг инээдтэй хэсэг бий.
Тэгвэл дэлхийн хамгийн том, ядуухан социалист улсыг өнөөдрийн хөгжлийнх нь зөв голдрилд оруулсан Хятадын агуу их шинэчлэгч, өвгөн Дэн Сяопин “Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй. Гол нь оготно барьдаг байх нь л чухал” хэмээн тунхагласнаар урд хөршийнхөн өнөөдөр эдийн засгийн гайхамшгийг бүтээж байгаа. Ухаандаа Дэн өвөөгийн тодорхойлсон өмнөд хөршид гайхамшгийг бүтээгч том муурын арьс, үсний гялалзсан сор нь зах зээлийн эдийн засгийн өнгөөр туяарах хэдий ч хавь ойрын харх, оготныг тасар татах хучирхэг араа, шүднийх нь цаанаас аль эрт социализмын үеийн нэвширсэн үнэр сэнхийж л байгаа.
Харин өнөөдрийн Монголын улстөрд хоёулаа адилхан улаан юм байж, оготно барих нь байтугай өөхөлж таргалаад босч чадахаа больсон хоёрын зэрэг муур багшийн үлгэр хөвөрч байна.
Уг нь 90 нас аль хэдийнэ хүрчихсэн жигтэйхэн хашир, урдуураа улаан хөлтэй оготно, хулгана алхуулалгүй, тэр дор нь тасхийтэл шүүрдэг ганцхан том улаан муур байв. Сүүлийн жилүүдэд оготно, хулгана гэнэтхэн айхтар сүрхий өсч, муур багшид илүү хөдөлгөөн хийлгүй хэвтэж байгаад гэдсээ дүүртэл идээд байх бололцоо нээгдсэнээр хөдөлж чадахгүй болтлоо таргалж, элдэв өвчинд ороогдох болжээ. Арьс нь язрах шахталаа таргалсан том улаан муур хөдөлж ч чадахгүй хэвтэж байтал түүний төрсөн дүү хаанаас ч юм гүйж ирснээр хамаг хэрэг үүссэн түүхтэй.
Хөнгөн шингэн биенийх нь улаавтар шаргал сор нь “МАН”-ын өнгөөр солонгорох залуухан муур эхэндээ тун ч түрэмгий, бас омголон байв. Урдуураа оготно, хулгана байтугай зарим үед нохой, шувуу ч явуулахгүй хоргоож хөөрхөн шоглосоор байгаад жинхэнэ аймшигтай араатан болж хувирсан.
Шазруун омогтой, залуухан улаан муур эхэндээ том улаан муур руу сэрвээний үсээ байдгаар нь босгож, хорсолтой муухайгаар чарлан дургүйцлээ илэрхийлдэг байсан бол тун удалгүй өчүүхэн ч эмээлгүйгээр самардалцах болсон билээ. Тэгээд ч энэ тэмцэл удаан үргэлжилсэнгүй.
Бүдүүн улаан муур өдрөөс өдөрт хүч чадал нь бүрэлдэж яваа залуухан, омогтой дүү мууртаа хэдэнтээ цусаа гоожтол самардуулж аваад дуртай дургүйхэн дулаан хэвтрээ тавьж өгөөд хаашаа ч юм гүйж одсон түүхтэй.
Ингээд дүү муурын хаанчлал эхэлж жил гаруй жаргаж үзсэн. Гэвч арьсаа язартал зоолсон энэ жаргал нь хоног хугацаатай байсан.
Нэгэн удаа урд нь харагдаагүй орог саарал хархыг тасар татан хаяхаар өндрөөс үсэртэл буух газраа буруу тооцоолж, том хар чулуу мөргөснөөр хамаг бие нь үйрэх шиг болж, хоёр нүднээс нь гал бутарч, байдаг чадлаараа чарлан хөсөр унасан билээ. Хоёр ч хөлөө хугалж, хэдэн хавиргаа санжуулсан тэр өдрөөс ихэмсэг дүрт дүү улаан муурын сүр, сүлд өдрөөс өдөрт доройтсоор өнөөдөр арайхийн хэвтрээсээ босч ус долоох төдийгөөр амиа торгоож яваа.
Урьдын сайхан цагт ганц үсрэлтээр барьдаг байсан оготно, хулганууд нь “Одоо энэ маньд халдах нь өнгөрсөн” гэсэн шиг хамрынх нь өмнүүр гүйлдэж, өвдөж шаналсан биеийг нь өлсгөлөнгийн аюулаар тарчлаана.
Хэзээ ямагт гурвалжлан, зэрлэг догшноор ногоорч асан хоёр нүд нь ширгэж царцаад, үзэгдэх төдий ёлтойно. Цээжнийхээ цаанаас зовиуртай хүржигнэх өөрийнхөө амьсгалын үл ялиг чимээг сонсон сүүлчийнхээ хүчийг шавхан зантгар толгойгоо арай ядан хөдөлгөж хэвтэхэд цаг хугацаа зогсчихсон мэт туйлын шаналантай.
Бага улаан муур үхлийн өмнөх аймшигт нам гүмийн дунд өнгөрсөн амьдралаа дурсан санахдаа гэнэтхэн ирсэн азгүй тохиолыг бодох бүр хатаж ширгэн, ёозгүйхэн ёлтойх нүднээс нь ганцхан дусал нулимс бөмбөрөн гарч ирснээ газар уналгүй ууршиж одно.
Сүүлчийн хүчээ шавхан омголон давлиун үеийнх шигээ сэрвээний үсээ босгох гэж хэдэнтээ оролдоод хүч нь хүрэлгүй тамирдахдаа хий дэмий л хорсолтойгоор чарлавч түүний дууг сонсож байгаа оготно ч байхгүй нь гачлантай.
Ширгэж ёлтойсон хоёр нүд нь тэрүүхэндээ занал, хорсол, үзэн ядалтаар буцлах хэдий ч хоргодон хэвтээ харанхуй нүхнийх нь булангаас сүүмийсэн улбар цэг төдий л сүүмэлзэх ажээ.
Тэгтэл харанхуй нүхэнд нь нэгэн пөөнийсөн хар юм гулбилзан орж ирсэн нь хэдэн жилийн өмнө өөрийнх нь тасар татчих шахан хөөж явуулсан том улаан муур амандаа сүүжний яс зуусаар орж ирсэн байжээ. Сүүжний ясны үнэрээр зантгар толгойгоо арайхийн газраас хөндийрүүлж, горьдлого тээсэн харцаар хөгшин улаан муур руу харвал нөгөөх нь “За гарзтай ч юм биш. Энэ муу ясыг мэрвэл мэр” гэсэн байдалтай нүхнийх нь нөгөө буланд өмнөөс нь хараад тэрийгээд хэвтжээ.
Ийнхүү саяхан л цусаа гартал маажилцаж асан хоёр муур хэн нэгнээсээ аврал, дэмжлэг харсан шиг харанхуй нүхнийхээ хоёр талд цээжнийхээ гүнээс үл ялиг хүржигнэх чимээг сонсож хэвтэнэ.
Муурнууд хэдийгээр нэгэндээ дургүй, болж л өгвөл хэмлэлдэх хэдий ч хөгширч, өвдөж зовоод ирэхээрээ нохой, гахай, тахиаг бус муураа л барааддаг нь амьдралын жам ажээ.
Д.Энхтүвшин
Сэтгэгдэл (5)