Сэлэнгэ аймгийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б. Нарантуяа таныг “Өглөөний шуудан” сонин “24 tsag,mn “сайтын “Гарын үсэгтэй ярилцлага” буландаа урилаа.
-Сэлэнгэ аймаг хүн амынхаа тоогоор Монгол Улсад тэргүүлдэг. Тэр хэрээр нийгмийн шинжтэй шийдэх асуудал олон байдаг биз. Асуудлыг нэг амьсгаагаар шийдвэрлэх боломжгүй учраас нэг даруй шийдвэл зохихыг нь онцгойлж үзэж таарна. Тиймээс ярилцлагаа 2017 онд шийдсэн хийгээд энэ онд шийдэхээр аймгийн төсөвт суусан төлөвлөгөөт ажлаас тань ярилцлагаа эхэлбэл ямар вэ?
Баярлалаа, танаар дамжуулан “Өглөөний шуудан” сонины болон 24 tsag.mn сайтын уншигчдад Сэлэнгэ нутгийн зон олны нэрийн өмнөөс сайн сайхныг хүсэн ерөөе. Аймаг маань 2017 оны статистик тоон үзүүлэлтээр 106,600 хүн амтай гэж бүртгэгдсэн, энэ нь улсын хэмжээнд хүн амын тоогоор 21 аймгаас гуравдугаар эрэмбэлэгддэг. Миний хувьд аймгийнхаа нийгмийн асуудал эрхэлсэн Засаг даргын орлогч даргаар ажиллаж байна. Аймгийн удирдлагын баг ажлаа хүлээж аваад жил 5 сар болсон байна. Өнгөрсөн онд бид байгаа боломждоо тулгуурлаж, эхлүүлсэн ажлаа дуусгах, байгаагаа тордох, зайлшгүй шаардлагатай зарим ажлыг шинээр эхлүүлэх гэсэн бодлогын хүрээнд ажиллалаа. Сэлэнгэ аймаг нь 41.1 мянган км2 газар нутагтай, 106 мянган хүн амтай засаг захиргааны 17 нэгж сумд хуваагддаг. 56 багтай. 1 сая 600 орчим мянган малтай аймаг. Газар тариалангийн салбарт улсын хэрэгцээт үр тарианы 60 хувь, төмсний 28 хувь, хүнсний ногооны 36 хувь, байгалийн хадлангийн 20 шахам хувийг, мөн шохойн 90 хувь, цементийн 60 хувь, алтны 40 хувийг дангаараа үйлдвэрлэдэг, нутаг дэвсгэр дээгүүр нь олон улсын авто болон төмөр зам зам дайран өнгөрдөг дэд бүтэц сайн хөгжсөн Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн стратегийн гол тулгуур төв юм.
Тийм учраас бид “Эрчимжсэн МАА газар тариаланг хослуулан хөгжүүлэх бүс нутаг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг зохион байгуулж, энэ талаар үр дүнтэй ажиллаж байгаа улс орнуудын туршлагыг харилцан сонсож, санал зөвлөмж, шийдвэрүүдийг гаргаж, гол бүс нутаг болгож хөгжүүлэх талаарх хүсэлтээ УИХ болон холбогдох яамд руу хүргүүлсэн. Аймгийн төвийн Сүхбаатар сум, Цагааннуур сумдад хатуу хучилттай хар зам тавьж, аймгийн төвд автомашины зогсоолыг байгуулах, хүүхэд залуучуудын авьяас сонирхлыг нээх хөгжүүлэх зорилго бүхий Усан бассейныг ашиглалтад оруулж, Аймгийн төв дэх цэнгэлдэх хүрээлэн Мандал сумын наадмын талбайн зүлэгжүүлэлт, Аймгийн төвдөө Сэлэнгэ аймгийг газар тариалангийн аймаг болохыг баталж, үе үеийн тариаланчдынхаа хөдөлмөр алдрыг мөнхжүүлэх зорилго бүхий “Алтан буудай” дурсгалын хөшөө зэргийг босгохын зэрэгцээ нийгмийн салбарт ахиц дэвшил гарсан гээд олон зүйлийг нэрлж болно. Засаг даргын өсвөр үеийнхний урлаг спортод гаргасан амжилтад өндөр ач холбогдол өгч боломжийнхоо хэрээр дэмжиж ажиллаа. Эрүүл мэнд боловсролын салбар болоод ахмадууддаа зориулан аймгийн болоод Мандал сумын нэгдсэн эмнэлгийг томографийн аппараттай болгож, Кувейт улсын тусламжаар аймгийн нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн машин, 200 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, Мандал сумын эмнэлэгт мөн иж бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн машиныг шийдвэрлэж өгсний зэрэгцээ Мандал Баянгол Ерөө Шаамар сумдын эмнэлгийг зориулалтын ортой болголоо. Сүхбаатар, Шаамар сум, Бугант, Түнхэл тосгодод 50-100 хүүхдийн хүчин чадалтайшинэ цэцэрлэгийг нээж үйл ажиллагаанд орууллаа. Өсвөр үеийн хүүхэд багачуудын хувьд тив дэлхийд нэр алдраа дуурсгасан гэгээлэг сайхан жил байлаа. Сүхбаатар сумын ЕБ-ын хоёрдугаар сургуулийн сурагч Д.Цэлмүүн, Ж.Сувд, Дөрөвдүгээр сургуулийн сурагч Д.Ганбаяр аварга шатарчин, бяцхан мисс, шилдэг хөл бөмбөгчинөөр шалгарсан бол Баянгол сумын ЕБС төрийн дээд одон медаль “Алтан гадас “одон хүртэж, Мандал сумын Хэрх тосгоны ЕБС, Цагааннуур сумын цэцэрлэг “Улсын тэргүүний” болсон амжилтуудыг үзүүллээ.
- Нийгмийн салбар т мөнгөгүйгээр шийдэж болох асуудлууд байх юм шиг санагддаг. Та юу гэж бодож байна.
Мөнгөгүйгээр шийдвэрлэх асуудал байлгүй яах вэ. Сэтгэл зүтгэл байхад болох л зүйл олон бий. Гэхдээ энэ нь тухайн байгууллага хамт олныг удирдан чиглүүлдэг дарга, менежер, хамт олных нь хүсэл тэмүүлэл, хандлагаас ихээхэн шалтгаалдаг юм. Манай аймгийн тухайд СӨБ олгодог цэцэрлэгийн багш ажилчдыг илүү тод дурдмаар байна. Өөрсдөд байгаа хүч бололцоо ур чадвараа бүрэн дайчлан ажилласны хэрээр үр дүн нь маш тодорхой харагддаг. Аймгийнхаа аль ч сумын цэцэрлэгээр ороход нүүр бардам байдаг. Тэнд ажиллаж байгаа багш, ажилчид эрвийх дэрвийхээрээ хичээн ажиллаж халуун дулаан, цэвэр тохилог орчныг чин сэтгэлээсээ бүрдүүлж байгааг хараад бахархдаг. Харин аливаа удирдах ажилтнуудын тухайд уйгагүй шаргуу хөөцөлдөлгөө, ажилдаа өөриймсөг хандах сэтгэл л чухал. Энд нэг зүйлийг тодотгоход , манайх 17 сум, зургаан тосгонтой, байршлын хувьд тархмал учраас хуваарилагдсан мөнгө нь 23 нэгжид очдогийн улмаас гарт баригдаж нүдэнд харагдсан зүйл бага юм шиг, ажиллахад ч маш их цаг хугацаа зарцуулагддаг гээд асуудал байдаг аа. Жишээ нь Дархан- Уул аймаг гурван сумтай, харьцангуй төвлөрсөн газар тул ирж очиход зарцуулах цаг хугацаанаас эхлээд бүтээн байгуулалт нь хүртэл бүхний нүдэнд ил харагддаг. Гэтэл Сэлэнгэ аймгийн газар нутгийн энэ байршлын учрыг сайн мэдэхгүй хүн хөгжил алга гэж шүүмжилж болох ч сум , тосгон бүрт маань зорьж очоод судлахад өөр өөрийн онцлог байдлаар хөгжил дэвшлүүд тасралтгүй явагдсан байх вий.
-Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухайд улс төрийн намууд байнга ярьдаг. Та орон нутгийн удирдах албан тушаалтны хувьд , өөрөө эмэгтэй удирдагчийн хувьд эмэгтэйчүүдээ хэр дэмжиж байна вэ.
Өнөөдрийн байдлаар аймгийн ИТХ-ын 37 төлөөлөгчийн долоо нь, 11 тэргүүлэгчийн гурав нь, сумын ИТХ-ын 387 төлөөлөгчийн 146 нь, 119 тэргүүлэгчээс 42 нь, багийн ИНХ-ын 267 тэргүүлэгчээс 136 нь, нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй удирдах албан тушаалд 175 хүн ажилладгаас 59 нь эмэгтэйчүүд байна. Аймгийн МАН-ын хорооны дэд даргаар би 10 жил ажилласан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгчээр 2012 оноос сонгогдон ажиллаж байна.
Бодит байдал дээр аль ч анхан шатан дээр эмэгтэйчүүд их үүрэг рольтой ажилладаг нь үнэн. Дээрх тоо ч харуулж байна. Гэхдээ эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд байршуулахдаа хойрго ханддаг нь түгээмэл. Эмэгтэйчүүдийн асуудал дээр жендерийн бодлого барих тал дээр манай аймаг маш мэдрэмжтэй хандаж ирсэн. Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дарга намын хороог найман жил удирдахдаа аль ч шатанд эмэгтэйчүүдээ дэмжих тал дээр маш ухаалаг бодлого барьж ирсэн. Засаг дарга Ш. Оргил ч эмэгтэйчүүдээ их дэмжиж сайн хамтарч чаддаг. Саяхан болж өнгөрсөн МАН-ын 28-р Их хурлаас эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгосон явдалд бухимдалтай, бүтэхгүй асуудал гэсэн байдлаар хандсан орон нутгийн олон төлөөлөгч байсныг нуух аргагүй. Тэгэхээр аль ч салбар, аль ч шатанд ажиллаж байгаа эмэгтэйчүүд маань хүйсийн ялгаа заагаас үл хамааран тухайн ажлыг гүйцэтгэх чадвар ухамсрыг хариуцлагатайгаар дааж хүлээн зөвшөөрөгдөх ёстой байдаг. Нийгэм харьцангуй эмэгтэйчүүдийг удирдах ажилд, тэр дундаа сонгох процессд эерэгээр хүлээн авч байгаа энэ орон зай цаг хугацаанд бид амьдарч байна.
Манай аймаг “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөртэй болсон. Эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлаар зөвхөн жендерт хандаж ирсэн ойлголт буруу юм аа гэдгийг аймаг, сумын удирдагуудаас эхлээд ойлгоход энэхүү хөтөлбөр нөлөөлж байгаа. Учир нь Жендер гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийг дарга болгох ойлголт юм шиг өнгөц ойлгож ирсэн. Бодит байдал дээр жендер нийгмийн аль ч шат давхарга, асуудал бүр дээр гарч ирдэг ойлголт.
Жендерийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт ил ба голцуу далд хэлбэрт байгаа их өргөн ойлголт. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр улс төр эдийн засаг, нийгэм соёл, гэр бүлийн хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангахад ахиц дэвшил гарч, аливаа төрлийн хүчирхийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн түр хамгаалах байрыг Сүхбаатар Мандал Сайхан сумдад шийдвэрлэх, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээ, үзүүлэлтүүд сайжирч, дундаж наслалт нь нэмэгдсэн байх гээд гэгээлэг үр дүнг хүлээсэн бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа нь нийгмийн салбарын маань хувьд хамгийн чухал.
Анх ажлаа хүлээж аваад аймгийн бизнесийн салбарын эмэгтэйчүүдээ хүлээн авч уулзаж, аймгийн хэмжээний чуулганыг зохион байгуулан, сургалт явуулж цаашдаа аймгийн удирдлагуудтайгаа нягт уялдаж ажиллахыг санал, чиглэл болгосон. Энэ чиглэлээр холбогдох хүмүүс маань санаачлагатай ажиллаж байна.
Аймгийнхаа хувьд Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа анхны эмэгтэй дарга учраас бүхий л түвшинд эмэгтэйчүүдээ дэмжин цаашид залуу эмэгтэйчүүдэд өсөж дэвжих, хөгжих боломж бололцоо, хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл байдлыг бий болгох тэр он цагийн түүхийг хамт бүтээлцэж яваа хүний хувьд өөртөө болон өрөөлд үнэнч, ажилдаа эзэн нь болж, хариуцлагатай байхыг чухалчилдаг.
-Танаас шулуухан асууя. Сэлэнгэчүүд оросуудыг хэр “ашиглаж” чадаж байна. Уг нь их гүрэн шүү дээ. Сэлэнгэ аймагт Чөлөөт бүс бүрэн утгаараа хөгжсөн бол ажилгүйдэл, ядуурлаас ангижирч чадах байсан гэж би хувьдаа дүгнэдэг. Та надтай санал нэгдэх үү
Боломж бий, гэхдээ тухайн орны маань хууль, эрх зүйн нөхцөл байдал хүн амын онцлог, зан байдал орчин ахуй зэрэг их нөлөөлдөг бололтой. Манай улстай хиллэдэг хоёр их гүрэн өөр өөрсдийн өвөрмөц онцлогтой шүү дээ. Урд хөрш бол зах зээлийн өндөр мэдрэмж, хурд, хүн татах чадвар, найрсаг уян хатан нөхцөл байдлыг бүрдүүлэх тал дээр онцгой чадвартай, гэтэл хойд хөрш тэр тал дээр учир дутагдалтай, хууль, эрхзүйн орчин, хил гаалийн үйлчилгээнээс авахуулаад. хүндрэл бэрхшээл их байдаг.
Манай аймгийн үе үеийн удирдлагууд маань ОХУ-ын ялангуяа Буриад улстай маш ойр дотно уялдаа холбоо сайтай ажиллаж ирсэн туршлагатай. Тэрхүү олон жилийн найрсаг харилцааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ бодит үр дүн гаргаж хамтарч ажиллахыг бид хичээдэг. Засаг дарга саяхан Буриад улсын Ерөнхийлөгчтэй хамтран ажилах гэрээ санамж бичгийг үзэглэсэн төдийгүй, тэр гэрээний билэлтийг дүгнэж үр дүнг тооцдог байх асуудалд ихээхэн анхаарал хандуулж буй.
Энэ ажлын хүрээнд оны өмнөхөн нийгмийн зөвшлийн гурван талт салбар хорооны даргаар ажилладгийн хувьд ОХУ-ын Буриад улсад энэ талаархи туршлага судлах ажлаар салбар хорооны гишүүдийнхээ хамт айлчлахдаа Буриадын Ардын хурлын төлөөлөгчид болон ЗГ-ын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга нартай уулзаж, тодорхой ажил хэрэгч саналуудыг тавьсан. Одоо түүнийгээ хэрэгжүүлэх боломж нөхцөлийг шийдвэрлэх гарцуудыг хайж байна.
Улан-Уде хот клиник эмчилгээгээр хаана ч гологдохгүй. Манай иргэд БНСУ, БНХАУ-ыг их мөнгө төгрөг зараад очиж үйлчлүүлдэг, тэгвэл 250 км-ын зайд энэ үйлчилгээг авах боломж бидэнд байна. Эсрэгээрээ манай аймгийн Буман нарст ахмадын сувилалд тэд ирж, ардын уламжлалт эмчилгээ үйлчилгээг авах боломжтой. Мөн багш сурагч солилцоо, сурагчдыг орос хэл сургах аян өрнүүлэх, зуны амралтаар ОХУ-ын хүүхдийн зуслангуудад амраах, хавар намрын тариалалт, ургац хураах үед манай аймагт хямд үнэтэй шатахуун нийлүүлэх боломж байгаа эсэх тал дээр хамтарч ажиллах саналуудыг хүргүүлж, хэрэгжүүлэхийг зорьж байна. Алтанбулагийн чөлөөт бүсийн хувьд Монгол Улсын Засгийн газраас анхнаасаа зөв бодлого хэрэгжүүлсэн бол үүн шиг чухал ач холбогдолтой зүйл гэж хаа байх вэ.
Тэнд амьдарч байгаа ард иргэдийн амьжиргааны түвшин илт сайжрахаас эхлээд,,, Харамсалтай нь одоо болтол тодорхой бодлого, үр дүн алга. Манай аймгийн нутаг дэвсгэрт байрладаг учраас бид хамтарч ажиллах бүхий л санаа бодол, бодлогуудыг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг төдийгүй аймаг, орны маань хөгжил дэвшил, хүн ардын маань амьжиргаанд бодитой үр дүн гарах асуудал дээр аймгийн зүгээс холбогдох асуудал шийдвэрүүдийг уян хатан, түргэн шуурхай шийдвэрлэхэд онцгойлон анхаарна шүү дээ.
Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчлөе.
-Багш хүн улс төрийн тогоонд буцлахад багшийн мөн чанар “гай” болох тохиолдол бий юу. Самбарын өмнө хүүхэдтэй харьцах, улс төрийн шийдвэр гаргах хоёр тэс ондоо зүйл. Тухайлбал, багш хүн хамгийн түрүүнд хүний харцыг уншиж сурсан байдаг. Бас хөнгөн, зөөлөн зантай учраас шийдвэр гаргахад тэр нь нөлөөлдөг үү гэсэн үг, ер нь яагаад энэ замыг сонгох болсон бэ?
Мэдээж амаргүй ээ, анх аль ч учраа мэдэхгүй хүн улс төрд, аймгийн МАН-ын хороонд хөл тавьж байлаа. Аймгийн тухайн үеийн улс төрийн болоод төрийн ажил албаны мундагчууд оролцсон хуралдаанаас санал хураалтын дүнгээр сонгогдож, томилогддог албан тушаал гэдгийг үнэндээ ойлгоогүй явсан хэрэг. Багшлах хугацаандаа ажил мэргэжилдээ хайртай, дуртай байсан, хүүхдүүдтэй бужигнаад арван жил өнгөрснийг ч анзаарах сөхөөгүй ажилласан байдаг.
Цээпилдорж Засаг дарга анх санал болгосноор намын дэргэдэх МАСЗХ-ны чуулганд сумаа төлөөлөн оролцсон нь улс төр гэж юуг хэлдгийг мэдэрсэн гэж хэлж болно. Улс төрийн анхны ажил гэвэл сумын ИТХ-ын дарга Эрдэнэчимэг, намын дарга Амгаланбаатар нар аймгийн намын хорооны дэд даргаар ажиллах санал тавьж, өрсөлдөөч гэсэн. Харин аймагт ирээд аймгийн МАН-ын /тэр үеийнхээр МАХН/ хорооны дарга Жавхлан даргын удирдлаганд ажиллаж байгаад Ж.Эрдэнэбат даргатай 2016 оныг хүртэл хамтарч ажилласан. Эхэндээ шантрах, арга мухардах үе зөндөө байсан, гэвч хүний хийж чаддаг ажлыг би яагаад барахгүй гэж нэг тийм бардам бодол төрж байсан учраас зорилгоосоо ухраагүй.
Үе үеийн чадварлаг, сайн дарга нараасаа маш их зүйлийг сурч мэдсэндээ олзуурхаж явдаг. Улс төрийн ажлыг чин сэтгэл гаргаж хийвэл, их зүйлд сургаж төлөвшүүлдэг, хүнтэй харилцах ойлголцох багаар ажиллах чадварт чухал нөлөө үзүүлдэг сайхан ажил гэж боддог. Нөлөөллийн ажил ихтэй учраас бодит байдалтай танилцах, аль сум багт ямар асуудал байгааг олж мэдэх судлах, орон нутгийн өөрийн онцлог нөхцөл, хүн амынх нь амьдралын хэв маяг, дадал зуршлыг ойлгож байж сайн бодлого, үр дүн гарч тэр нь намын мөрийн хөтөлбөр болж, түүнийг нь намын бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлж шат шатны сонгуульд өрсөлдүүлэх, бодлого үйл ажиллагааг нь хэрэгжүүлэх гээд их чухал ажлууд байдаг.
Одоо цагт Улс төрийн намуудыг улам бүр шинжлэх ухаанчаар хөгжиж төлөвшихийг нийгэм цаг үе шаардаж, ард иргэдийн намуудын талаар сөрөг ойлголт жирийн ажил хэргээ гүйцэтгэдэг төвшний хүмүүсийн үзэл бодлын ялгаа зааг их болж байгааг үгүйсгэхгүй. Бидний үеийн үед баримталдаг зарчмын нэг нь сонгуулийн үед тодорхой хэмжээний үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрөө ойлгуулах зорилгоор улс төрийн сурталчилгааны үйл ажиллагаа явагддаг хэдий ч нэгэнт иргэд сонголтоо хийсэн тэр цагт бие биенээ харилцан хүндэлдэг, үзэл бодлыг нь сонсож сайныг нь дэмжиж үйл ажиллагаандаа бодлого болгон хэрэгжүүлэхийг зорьдог байсан, Сэлэнгэ аймаг дахь үе үеийн удирдлагуудын улстөрийн ухамсар, соёл, хувь хүмүүсийн чадвар, мөн чанарын нөлөөгөөр манай аймаг харьцангуй улстөрийн хийрхэл багатай, аль ч нам нь нутаг уснаасаа сонгогдсон гишүүдэд хүндэтгэлтэй хандаж, бодлого шийдвэрийг нь хэрэгжүүлж, хамтарч ажиллаж ирсэн боддог.
- Монгол хүн их нутгархдаг . Аймгийн Засаг даргын орлогч, ИТХ-ын төлөөлөгчийн хувьд төрж өссөн Мандал сумаа “харж” үзэх боломж таны хувьд зарим талаар нээлттэй. Энэ боломжоо ашиглаасай хэмээн мандалчууд боддог байх. Ашиглаж чадах аваас сонгогч олон танд сайн дүн тавина.
Би Мандал сумын буюу бидний хэлэх дуртай нэршлээр Зүүнхараагийн унаган хүүхэд. Миний өвөг дээдэс аав, ээж маань ч энэ нутагтаа төрж өсөн ажиллаж амьдарсаар ирсэн. Аймгийн МАН-ын хорооны дэд даргаар 2007 онд сонгогдсон ажиллах болсноос хойш нутаг орныхоо ажил амьдрал нөхцөл байдлыг их судалж, холбогдох асуудал бүр дээр нь сэтгэл тавин ажиллаж ирсэн. Гэхдээ ийм шийдвэр гаргалаа, ийм шийдвэрт ингэж нөлөөллөө гэж зарлан тунхаглахаасаа илүү миний нутгийнхаа өмнө хүлээх үүрэг гэж ойлгодог. 2012-2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгчээр ажиллах үедээ байгаа боломж бүрийг л нутагтаа хандуулахыг хүсч , уйгагүй чармайж байсан. Засаг дарга Ж.Эрдэнэбат, С.Бүрэнбат гээд үе үеийн удирдлагын багийн хамтын шийдвэрээр олон ч бүтээн байгуулалт ажил арга хэмжээ нутагт маань өрнөсөн.
Хамгийн наад захын жишээ гэхэд иргэд маань улсын бүртгэл, иргэний бүртгэлтэй холбоотой ажил асуудлаа шийдүүлэх гэж 300км –ийн цаанаас аймгийн төв рүү гүйдэг байсан нь больж , сумандаа төрийн бүхий л үйлчилгээгээ авч байна. Одоо аймгийн асуудлыг эрхэлж байж нутгаа дандаа эн тэргүүнд тавих нь мэдээж зохимжгүй. Энэ аймгийн нийгмийн салбарт миний оруулах ёстой хувь нэмэр үүрэг хариуцлага байгаа цагт аливааг томоор харж, сум тосгон бүртээ хүрч ажиллахыг зорьж байна. Гэхдээ нөгөө талаасаа Мандал сумын маань иргэд энэ цаг үед ажлын ачааллыг дааж ажиллах, үүрэг даалгаврыг өөрсдийнхөө сонголтоор баталгаажуулж өгсөн тул итгэлийг нь алдахгүйг их чармайж байна. Тойргийнхоо асуудалд их нухацтай бас бодлоготойгоор хандаж хамтарч, тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллана.
Эхнээсээ ажил хэрэг болж байгааг нутгийн ард иргэд маань ойлгож мэдээлэл авч байгаа байх. Аймгийн ИТХ-д манай сумаас долоон төлөөлөгч сонгогдсон бөгөөд энэ тойргоос сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүнтэйгээ ойр хамтран нэг баг болж ажилладаг. Гишүүн маань УЛААНБААТАР-МАНДАЛ-ын чиглэлийн хатуу хучилттай замыг тавиулах тал дээр их сэтгэл тавин ажиллаж байна. Сум ч анхааралл тавьж зураг төсвийг хийлгэсэн байгаа. 2017 онд сумын давсан орлого болох 1,2 тэрбум төгрөгийг аймгийн төлөөлөгчид маань санал тавьж, аймагт татуулахгүйгээр сумандаа үлдээсэн. Үүнийг сумын удирдлагууд бодитой үр дүнтэй ажил болгосон байна лээ.
Хамгийн сүүлд гэхэд бид суманд маань гарсан малын өвчинтэй холбогдуулан 12 тонн малын хивэг, тэжээл, гурилыг өөрсдөө санхүү нийлүүлж тойрогтоо очиж ажилласан. Энэ оны аймгийн төсөвт 720 сая орчим төгрөгийн ажил арга хэмжээг тусгуулсан байна. Ер нь ойлгооцол нэгтэй баг хамтарч ажиллах үр дүнтэй байдаг юм байна. Цаашдаа ч өсөж төрсөн нутгийнхаа төлөө чаддаг мэддэг бүхнээ зориулан ажиллаж амьдарна.
Мандалынхан их ажилсаг. Та аж ахуйн ажилд хэр нухлуулж өссөн бэ?
Зүүнхараагийн хүүхдүүдийн хийдэг бүхий л хар бор ажил зөндөө хийж өссөн. Төмс ногоо тарьж хурааж, зэрлэг зулгааж, үнээ малаа сааж, өрөм, ааруул тавьж, тараг бүрэх гээд л. Өвөөтэйгээ арьс элдэж, түлээ хөрөөдөнө. Хоол ч сайн хийнэ. Харин оёж шидэх ажилд тааруу. Тиймээс гэрийн сайн эзэгтэй нарт цагаахан атаархах нь бий. Манай Зүүнхараагийнхан бол үнэхээр ажилсаг, толгой нь сийрэг ард түмэн. Хашаандаа ногоо тарьдаггүй айл гэж бараг ховор доо. Энд тэнд , хаана ч явж байсан Хараагийн хүмүүс таардаг. Ер нь төрж өссөн нутгаараа бахархдаггүй монгол хүн гэж байхгүй. Хүүхэд ахуйдаа, залуу халуун насанд нутаг ярихаар тэр бүр анзаардаггүй юм билээ.
Одоо бол өөр сэтгэгдэл төрдөг шүү. Нутгийнхаа уул ус, хүн зонтой холбоотой бүхэнд чин сэтгэлээсээ хандаж, хайрлах хүчтэй сэтгэгдэл төрдөг болж байна, нас явж байгаагийн шинж бололтой. Сүүлийн үед өөрийгөө их гайхаж байгаа. Аймгаас гарч давихад сум руу орохын даваан дээр Хүн чулуу дөхөж, Ширхэнцэг хайрхан маань харагдах үед өөрийн эрхгүй сэтгэл огшоод, нулимс бүрхээд нэг л сонин мэдрэмж төрөх болсоор удаж байна. Хүний төрж өссөн нутаг, эцэг, эх, хань ижил, үр хүүхэд минь хүмүүний ертөнцийн хамгийн нандин, хамгийн үнэт зүйл юм даа.
Тантай холбогдох бүрийд сумдууддаа ажиллаж байх юм. Гэр бүлийн цомгийг тань сонирхтол бага насны хүүхэдтэй байх юм. Хань мундаг учраас та сэтгэл амар амгалан ажилладаг байх даа.
Үнэхээр тийм, та миний цаг ямагт бодож явдаг сэдвийг хөндөж байна. Би нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хань маань миний амьдралын хийгээд улс төрийн ажлын хамгийн гол түшиг тулгуур, хамгийн сайн зөвлөгч. Өөрөө ажил хэрэгч хүн учраас итгэсэн, сонгосон тэр олон хүний хайр хүндэтгэлийг бүрэн дааж хариуцлагатай ажиллах ёстойг үргэлж сануулж, дэмждэг. Тэр бүү хэл өөрөө маш их ажил ихтэй, хариуцлагатай алба хашдаг хэрнээ зав гаргаж, тойрогт маань хамт ажилладаг гээд төсөөл дөө. Ер нь хүнд сайн хань заяана гэдэг бол бурханы хишиг. Өндөр дээд эцэг өвгөд маань зөв амьдарч, бусдын сайн сайхны төлөө ажиллаж, амьдарч ирсний буян хишгийг үр сад нь болсон бид эдэлж, сайн хань түшдэг юм болов уу гэж бэлгэшээн боддог. Энэ ярилцлагыг уншаад манай хүн тийм ч дуртай биш байх л даа, ингэж олонд дэлгэж магтахыг сайшаахгүй л болов уу. Гэхдээ надад олдож байгаа боломж учраас тэр бүр хэлээд байдаггүй өөрийн санаж бодож явдгаа илэрхийлмээр санагдлаа. Эмээ, өвөөг минь ачилж, аав, ээжийг маань төрснөөс нь дутаахгүй хайрлаж, хүндэлж явдаг ханиараа би бахархдаг.
Энэ онд ажил амжилт ундарсан сайхан жил байсан хэдий ч надад амьдралын утга учир хайрыг жинхэнэ утгаар мэдрүүлсэн аавыгаа алдсан харамсалтай жил байлаа. Олон дотны найз нөхдөө эцэг , эхээ алдахад нь харуусаад л өнгөрдөг байж. Хүн зовлон өөр дээрээ ирэхээр бүх бие сэтгэлээрээ мэдэрдэг юм байна. Нэг л их хоосон орон зайг мэдрэх үнэхээр хэцүү юм. Гэвч амьдралын жам хойно сайхан ээждээ ханийх нь орон зайг хэзээ ч нөхөж чадахгүй ч цаг заваа их зориулах юмсан, аавдаа бүрэн зориулж чадаагүй тэр их хайраа хань нөхөртөө мэдрүүлж, түшиг тулгуур нь болж, урьд өмнө ажил ихтэйн улмаас зориулж чадаагүй бүх хайр, халамжаа зориулахын төлөө хичээх болно оо.
Танаас зориуд асуумаар санагдаад байна. Та биеэ их гоё авч явах юм. Сүүлийн жилүүдэд бүсгүйчүүд жингээ барихын төлөө ихээхэн зүтгэл гаргаж буй. Та туршлагаасаа хуваалцаач.
Надад нууц гэхээр нандин юм байхгүй ээ, аль болохоор ус их ууж, устай ойр байхыг хичээдэг. Болж өгвөл сайхан саунд суух сонирхолтой. Ер нь биеийн хөгжлөө зөв, эрүүл байлгаж, хөдөлгөөний дутагдалд орохгүй байх тал дээр анхаарч, фитнесс, аэробик, иог, бүжгээр хичээллэх хүсэл сонирхол их байвч, тэр бүр амжихгүй л явна. Харин дугуй унах их дуртай, Хүүхэд байхдаа дугуй их унадаг байсан.
Таны талаар нутаг усныхнаас асууж сонирхсоноо нуугаад яах вэ. Хоёр Жадамжаагийн үр сад гээд захын хүн өгүүлэх юм билээ. Тэд хэн байв.
Ээжийн маань аав, ээж хоёр хоёулаа Жадамба гэдэг нэртэй буурлууд байсан. Нутгийн хөгшчүүл өвгөн Жадамба, эмгэн Жадамба гэж ялгаж дууддаг байв. Сайн хүний нэрийг юу гэдэг билээ, түүн шиг л 2016 оны сонгуульд нэр дэвшиж явахдаа эмээ, өвөөгөө дурсах бүрд л Дарьт, Шивэрийн гол Дуушийн гудамжныхан нэг их хайр энэрэл, танил дотно сайхан үгээр тосч хүлээж авна. Өвөө маань бага эмч болоод Зүүнхараад томилогдож ирээд л миний эмээтэй ханилснаар найман хүүхдийн эцэг, эх болцгоосон.
Өвөө маань маш олон хүүхэд эх барьж авсан ачтан. Өвөөгийн эх барьж авсан багачуудын бага нь 50 хүрч байгаа. Эмнэлэгт, гэрт нь, хадлангын талбайд гээд дуудагдахгүй газар үгүй. Хүүхэд тогтдоггүй эмэгтэй өвөөг л зорьж ирдэг байж. Бүр дал гарсан хойно оо ч дуудагдаг л байсан. Их цайлган сэтгэлтэй, хүнд муу санадаггүй, ажилсаг, зүгээр сууж чаддаггүй нэгэн байсан. Харин эмээ маань өөрийн найман хүүхдээ өсгөөд зогсохгүй хүүхдүүдийнхээ хүүхдийг өсгөсөн буянтан. Маш нямбай, сайн оёдол үйл хийдэг, ухаантай эмэгтэй байсан. Азаар бусад ач зээ нараас нь дэргэд нь хамгийн удаан байсан нь би. Тэр хэрээр ажил сурсан нь ч би. Эмээ олон таван үггүй, хааяа оройд ортол цөөн үг хэлдэг, хээнцэр, гоё ганган гэхээсээ илүү чанар сайтай, чамин эд зүйл хэрэглэдэг, хүргэн бэрүүддээ хачин хайртай, өөрийнхөөсөө илүү хайрладаг ижий бурхан байв. Хоёр Жадамбаагийн хүүхдүүд нь бүгд сайн сайхан амьдарч, сайхан хань ижил, үр хүүхдээ тойруулан амьдарч байгаа нь хөгшид маань их буян заяатай, нутгийн олондоо хүндлэгдсэн, хүний дээд байж дээ гэж бахархан сэтгэл төрдөг юм. Тиймээс сайхан хүмүүсийн үр удам болж төрсний хувьд худал хуурмагаас хол явахыг хичээдэг дээ.
Ч. Чулуунцэцэг
Сэтгэгдэл (13)