Сүүлийн үед УИХ-ын үйл ажиллагаа сүрхий доголдох болов. Ялангуяа нийгэмд хүлээлт үүсгэсэн, асуудал нь хурцдаж ч болзошгүй хуулийн төслийг хэлэлцэх үед 2016 онд УИХ-д орж ирсэн залуу гишүүдийн олонхи нь орж ирж асуудлыг ярилцахаас зугтаадаг болж. Нэн ялангуяа УИХ дахь МАН-ын 65 бүлгийн эмэгтэй гишүүд болж л өгвөл чуулганы нэгдсэн хуралдааныг аргалчих сонирхолтой болсон нь “Ард түмэн ямар хүмүүсийг УИХ-д гаргачихсан юм бэ дээ” гэх хожимдсон харуусал хоолой хорсуулах болсон. Саяхан батлагдан гарсан “Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл”-ийг хэлэлцэх үед эмэгтэй гишүүд тун ч хойрго хандаж байсан бол өнөөдөр ээлжит амралт нь эхэлж, чуулган завсарлах үеэр хэлэлцсэн “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч олонх гишүүн дэмжээгүй тул унагаж орхисон. Хачирхалтай нь Монгол Улсад багагүй балагтай байж ч болох ийм чухал хуулийг хэлэлцэх үед танхимд ердөө 44 гишүүний толгой л бөндөгнөж харагдсан. Тухайн үед УИХ-ын гишүүдийн 50 гаруйхан хувь нь сууж байгаад ийм чухал хуулийг хэлэлцсэнд парламентын сэтгүүлчид их л гайхсан юм.
Харин удалгүй УИХ дахь МАН-ын “Төмөр хоолой” Ц.Нямдорж “Д.Хаянхярваа бүлгийн дарга ухаантай юм бол орж ир. Кнопныхоо ард сууж үндсэн ажлаа хийх ёстой биз дээ. С.Бямбацогт чи хаашаа алга болж яваад ирж байна. Тэр залуу гишүүдээ олж ир” хэмээн ихэд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн. Яг үнэндээ УИХ сүүлийн үед 50 хувийн ирцтэй л хуралддаг болсон. Дөчин хэдхэн хүн л суудаг болж. Үндсэн ажлаа хийхгүй тасалж, байнга гадаадад томилолттой байх болсон УИХ-ын эрхэм залуу гишүүд цалингаа улсад хандивлах хэрэгтэй. Хуралдаа суугаагүй, ажлаа хийгээгүй тасалж хийдүүлсэн хүмүүс ямар нүүрээрээ цалин авдаг байна вэ.
Д.Түвшин
Сэтгэгдэл (21)