-Дэлхийн аль ч улсад 57 жилд ажилласан станц байдаггүй-
Эрчим хүч, дулааны хангамжгүйгээр орчин цагийг төсөөлөхөд бэрх. Тог цахилгаангүйгээр хөгжиж, дэвжинэ гэж яриад ч бүтэхгүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин өдөр шөнийн 24 цагт тэрхүү баялгийг бүтээгчид хэрхэн ажилладаг болохыг тэр бүр мэдэх хүн цөөн. Тэгвэл нийслэлчүүд бидний амин чухал хэрэгцээний нэг болох тог, дулааны эх үүсвэрийг бий болгодог нэгэн ДЦС-ын үйл ажиллагаатай нэг өдөр танилцсан сурвалжлагаа та бүхэндээ хүргэж байна.
Өнөөдөр цахилгаан, дулааны эх үүсвэрийг ТЭЦ-3 болон ТЭЦ-4 гэсэн хоёр эх үссвэр бий болгодог хэмээн ойлгодог хүмүүс олон. Бараг л нийслэлчүүд тэр чигээрээ ийм ойлголттой гэхэд хилсдэхгүй. Мэдээж хэрэг том станц учир. Үүнээс өөрөөр нийслэлийг цахилгаанаар тэжээгч эх үүсвэрийг нэрлэх хүн бараг л байхгүй байж мэдэх. Ерөнхийдөө хүчин чадал нь өнөөдөр бага ч гэлээ нийслэлийн баруун талын дулаан, цахилгааныг хариуцан ажилладаг ДЦС-2 төрийн өмчит хувьцаат компани мартагдах шахжээ.
Уг станц нь Монгол Улсын цахилгаан дулааны эх үүсвэрийн анхдагч нь гэж хэлэхэд хилсдэхгүй. Гэтэл өнөөдөр мартагдах шахсан нь тун харамсалтай. Мэддэг хүн цөөн, сүүлийн жилүүдэд анхаарсан нь тун ховор. Зарим хүнээс асуувал одоо ажилладаг, байдаг юм уу гэж эргүүлэн асуух нь бий. Тэгвэл түүхэн үүргээ гүйцэтгэж байгаа станц өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж, нийслэлчүүдийг дулаан цахилгаанаар хангаж байна. Бахархах түүх, түүхэн үүргээ гүйцэтгэж яваа ДЦС-2 Сонсголонгийн төмөр замын гармаар гарч, баруун гараа дагаад эргэхэд л 500 орчим метрт уурын том яндан харагдана. Энэ бол Дулааны хоёрдугаар цахилгаан станц. Тусгаар Монгол Улс эрчим хүчний салбараа үүсгэн байгуулсан тэрхүү он цагийн эхлэл, түүхийн тэргүүн хуудаснаа тус станцын хамт олон бичигдэн үлдсэн байдаг. Өдгөө тус станц нь 57 жилийн түүхтэй бөгөөд дэлхийд ийм хугацаагаар тасралтгүй ажилласан станц ганц ч байдаггүй ажээ.
Мэдээж хэрэг хүчин чадлын хувьд томчуудтай эн зэрэгцэхгүй ч тэдэнтэй мөр зэрэгцэн хүч хавсарч яваа. Өөрийн чадлаа бага гэж голохгүй орчин цагийн хөгжил дэвшил, баялаг бүтээх үйлсэд хүч дэмээ өгч зүтгэн байна. Ийнхүү хэлэхийн учир нь, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудыг тогтвортой ажиллах нөхцөл боломжоор хангаж, баялаг бүтээх ажилд нь хүч дэмээ өгсөөр байгаа билээ. Тодруулбал, үйлдвэрийн бүс нутаг болох Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Талх чихэр”, “Мах импекс”, “Сүү” хувьцаат компани, “ТЭСО”, “Мах маркет” зэрэг аж ахуйн нэгжүүдийг технологийн уураар тасралтгүй хангаж байгаа юм.
Станцын үйл ажиллагаатай танилцсан нь
Эрчим хүч, дулаангүйгээр улс орон хөгжинө гэдэг ёстой үлгэрийн далай. Мянган сайхан бодлого, гарцыг цаасан дээр тэмдэглэсэн ч үйлдвэрийг хөдөлгөх хүч болсон цахилгаан, технологийн уур байхгүй бол нэмэргүй. Өдөр шөнийн 24 цагаар ажиллах станцын ажилчид үүнийг бий болгож, баялгийг бүтээх чухал үүрэг хариуцлагыг нуруундаа үүрч явна. Тэдэнд алдах, хариуцлагагүй байх эрх үгүй. Тиймээс ч хяналтыг минут секунд тутам хийж, газрын хэвлийн нүүрс гэдэг хар алтнаас эрчим хүч, дулаан гэх нэртэй баялаг бүтээж байна.
Уг баялгаа нийслэлчүүдийн хэрэгцээнд нийлүүлэхээс гадна олон үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсаар. Хэрэв цахилгаан дулааны хоёрдугаар станц зогсвол Монгол Улсын томоохон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл дагаж унана гэсэн үг. Иймээс ДЦС-2 тэг зогсолт хийх эрхгүй.
Анхны цахилгаан гүйдлээ Толгойтын мах комбинат, Тоосгон заводод өгч голомтоо бадраажээ
Тэртээх 1961 оны арванхоёрдугаар сарын 26-нд анхны цахилгаан гүйдлийг Толгойтын мах комбинат, Тоосгон заводод өгч, галаа асааж, голомтоо бадраасан станцын ажилчид 12 цагаар ээлжлэн голомтоо сахин, галаа асаадаг байна. Тодруулбал, өглөөний 08:00 цаг болон оройн 20:00 цагт ээлж хүлээлцдэг аж. Ээлж хүлээлцэхээс 30 минутын өмнө ээлжийн инженер ирэх ёстой. Учир нь, станцын цехүүд хэрхэн ажиллаж байгаа, техникийн байдал, дулааны ирж буцах хэм, цахилгаанаа хэчнээн мВт хэмжээгээр гаргаж, хэрэглэгчдэд өгөх хэмжээндээ барьж байна уу гэдгийг шалгадаг юм байна. Үүний дараа тогтсон цагт ээлжээ хүлээлцэн, ажилдаа орох болно. Үүнээс гадна Диспетчерийн үндэсний төвөөс тухайн өдөрт гаргах цахилгаан, дулааны хэмжээг зааж өгдөг бөгөөд тэрхүү хэм хэмжээнд ажилладаг гэж ээлжийн инженер Басангийн Нацагдорж хэлсэн. Тэрбээр станцтай амьдралаа холбосноос хойш 30 гаруй жил болж байгаа аж. Ээлжийн инженер ажлаа хүлээн аваад биднийг станцтай танилцуулж, хэрхэн цахилгаан, дулаан түгээдэг болохоо танилцууллаа.
Цахилгаан, дулаан үйлдвэрлэх амаргүй ажил
Газрын хэвлийн үнэт баялаг болох хар алт хэмээн алдаршсан нүүрснээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн гаргадаг. Нүүрс тээвэрлэн ирсэн галт тэрэгнээс гараараа нүүрс буулгадаг байна. Энэ бол баялгийг боловсруулж баялаг болгох анхны ажил. Идэр есийн хүйтэн жавар хайрсан, өдрүүдэд галт тэрэгнээс нүүрс буулгана гэдэг амаргүй. Хөлдөж барьцалдсан нүүрсийг лоомоор цохиж салгах тийм ч амар харагдсангүй. Гэхдээ ажилдаа мэргэшсэн хүдэр залуус нэг вагон нүүрсийг 30 гаруйхан минутанд буулгадаг гэж Басангийн Нацагдорж хэлэв. Буулгасан нүүрсийг шатаах зуух руу автомат конвероор зөөнө. Цагт 35, 75 тонн нүүрс зууханд орж, эрчим хүч үйлдвэрлэх ажил буцалж эхлэх жишээтэй.
Цахилгаан дулаан үйлдвэрлэх ажиллагааны гол хэсгийн нэг Зуухан цех. Таван зуух ажиллахаас нэг зуух нь засвартай байсан бөгөөд дөрвөн зуухны нэг нь маш их анхаарал татлаа. Учир нь, гар аргаар үнс нурмыг унагааж, шатаалт явуулах аж. Сонирхвол, эртний зуух, шинэчлэл хийж амжаагүй байгааг хэлсэн юм. Зуухан цехийн ажилчид ярих завгүй ажиллана. Шаталтын халуун 1200 хэм бөгөөд эндээс өндөр даралтын уур ялгаруулах юм.
Эндээс Турбин цех тийш явцгаав. Цахилгаан дулааныг үйлдвэрлэх гол хэсэг. Өндөр даралтаар ирэх уурыг генараторт цахилгаан болгон хувиргах ажиллагаа. Биднийг очсон өдөр 21 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ёстойг дуулгаж, самбарт заах тоог харуулав. Станцын суурилуулалтын хүчин чадал 24 мВт үүнээс гурваар дутууг л гаргана. Магадгүй засвартай байгаа нэг зуух ажиллаад эхэлбэл 24 мВт хүчин чадлаар буюу бүрэн хэмжээнд ажиллах боломжтой аж. Мөн дулааны ирж буцаж байгаа заалт хэвийн хэмжээнд зааж байгааг ч харуулсан. Сүүлийн цех нь цахилгааны хэрэглээг хэмжих цех байлаа. Аж ахуйн нэгжүүд хэдийн хэмжээний хэрэглээтэй байгаа, илүүдэл үүсч байгаа эсэхийг хянах самбарт харна. Энд хэдий хэмжээний цахилгааны хэрэглээ үүсч, технологийн уур хангалттай хүрч байгаа эсэхийг мэдэж болох цех.
Ийнхүү дамжлага, цех бүр тус тусын үүрэг хариуцлагыг ухамсарлан ажилласны үр дүнд хэрэглэгчид цахилгаан дулаанаар хангагдаж байна. Чамгүй их хөдөлмөр, хүнд ажлын үр дүнд нийслэлчүүд цахилгаан, дулаанаар ийнхүү хангагдаж, үндэсний томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулж байгаа ажээ. Станцын ажилчдын тасралтгүй ажиллах, үүрэг хариуцлагаа ухамсарлан нүд цавчих эрхгүйгээр хяналт тавьж буйн үр дүнд бид эрчим хүчээр хангагдаж байгааг дахин хэлэх байна. Найдвартай, итгэлтэй гарт ДЦС-2 үйл ажиллагаагаа явуулсаар.
Түүхэн замнал ба үүсэн байгуулагдсан нь
Дулааны хоёрдугаар цахилгаан станцын түүх, замналыг эргэн нэг сөхвөл. Станц нь 1961 онд БНХАУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр ТС-35 маркийн ул ширэмт гурван зуух, АК-6 маркийн конденсацийн хоёр турбо генератортайгаар ашиглалтад орж байжээ. Ашиглалтад орсон цагаасаа Толгойтын районыг цахилгаан эрчим хүчэээр хангаж ирсэн. Өнөөдөр энэхүү үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна.
1970 онд тухайн үеийн нэрээр ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар БКЗ-75-39 ФБ маркийн хоёр зуух, ПТ-12-35/10 маркийн нэг турбин генератораар өргөтгөсөн байна. Уг ажил хийгдэж, техник суурилагдсанаар хүчин чадал нь 24 мВт болж конденсацийн станцаас цахилгаан, дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэх цахилгаан дулааны төв болон өргөжсөн ажээ. Улаанбаатар хотын баруун дүүргийн дулааны хэрэгцээ өсч ирсэнтэй холбогдуулан 1980 онд АК-6 маркийн конденсацийн турбинд өөрчлөлт хийж 1,2 кг/см2-ын эсрэг даралтын технологид шилжүүлсэнээр тус станцын суурилагдсан хүчин чадал 21,5 мВт болсон. Тус станц нь цагт 21,5 Мвт цахилгаан эрчим хүч, 67 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, жилд 100 сая квт цахилгаан эрчим хүч, 147 мянган Гкал дулааны эрчим хүч түгээх хүчин чадалтай юм байна.Тус станц нь 50 жилийн хугацаанд дөрвөн тэрбум гаруй кВц цахилгаан эрчим хүч түгээж 252 тэрбум төгрөгийн борлуулалт, 9.5 сая Гкал дулааны эрчим хүч түгээж 950 тэрбум төгрөг буюу нийт 1.2 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ.
Стацын хувьд цааш ажиллах боломж нөхцөл дүүрэн бий. Хэдийгээр дэлхийд 50 жил ажилласан үйлдвэр байхгүй гэдэг ч Монгол Улс, ялангуяа ДЦС-2-ын үе үеийн хамт олны мэдлэг, авьяас чадвараар цахилгаан станцын түүхэнд шинэ амжилт тогтоож байх шиг. Уг станцын талбай, суурийг ашиглан төр засгийн зүгээс өргөтгөл хийх шийдвэр гарсан. Мөн шахмал түлшний үйлдвэр байгуулсан ч өнөөг хүртэл ашиглах боломжгүй гэж яригдсаар байгаа. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар уг үйлдвэрийг ашиглалтад оруулж, нийслэлийн агаарын бохирдлыг багасгах асуудлыг шийдэх боломжтой гэж харсан. Станцын хүчин чадал нэмэгдсэнээр цахилгаан, дулаан үйлдвэрлэх хүч нэмэгдэж, тэр хэмжээгээр гэр хорооллын яндангийн тоо ч багасах боломжтой. Эрчим хүчний үйлдвэрлэлийн анхдагч, түүхийн хуудсыг эхлүүлсэн гэж хэлэгдэх хэмжээний станц өргөтгөгдөж, илүү том хүчин чадлаар ажиллах тэр л өдрийг ажилчид, салбарын ахмадууд, өнөөгийн удирдлагууд хүлээн сууна.
Э.Мөнгөнбаяр