Олимпын бамбар БНСУ-ын Пёнчан хотноо асч, Цагаан олимпын наадам эхэлж, эд дундаа явна. Тив дэлхийн тамирчид цана чарга, тэшүүр гээд олон төрлөөр уралдаж аварга тодруулахаар цуглав. Улс гүрнээ төлөөлөн очсон олон мянган тамирчид уралдаж, тэмцэлдэж байна. Тусгаар тогтносон Монгол Улсын тамирчид ч хүч чадлаа сорихоор Пёнчаныг зорьсон билээ. Тодруулбал, олимпын эрх авсан цанын спортын ОУХМ Б.Ачбадрах болон Ч.Отгонцэцэг хоёр улсаа төлөөлөн уралдана. Гэхдээ тэдэнтэй хамт 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй сайд дарга нараар ахлуулсан туслах, зөвлөхүүд Цагаан олимпыг зорьжээ. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг бараг л аяллын журмаар явж байгаа нэгэн ч харагдах аж.
Бүрэлдэхүүнд багтах нөхдүүд бүгд төсвийн мөнгөөр аялж байгаа. Өөрийн биш хүмүүсийн халааснаас гарч байгаа хөрөнгөөр зугаалж буй тул хэнийг ч хамаагүй л аялуулсан бололтой.
Эдийн засаг хүнд үед төсөвт ийм үрэлгэн хандаж байгаа нь харамсалтай. Хөгжөөн дэмжих баг хэрэгтэй байсан хэрэг үү гэсэн асуулт ч гарах. Гэхдээ хоёр тамирчинг дагалдан яваа хүмүүс хөгжөөн дэмжих нь битгий хэл, хэдэн үг холбоод дуугарчиж чадахгүй л болов уу. Тэд зүгээр л БНУС руу зугаалга үйлдэж явна. Бүрэлдэхүүн дунд тамирчдын эмч, сэтгэл зүйч алга. Тэд хаачив, яагаад дагуулж явсангүй нь ойлгомжгүй санагдана. Улсаа төлөөлөх тамирчид гэмтэх бэртэх, сэтгэл санаа тавгүйтсэн тохиолдолд асарч сувлих, дэмжлэг өгөх хүн хэрэгтэй баймаар. Биеийн тамир спортын хорооны дарга үүнийг мартсан уу, эсвэл гэсэн зүйл ч яригдана. Хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй тэр олон дарга явах хэрэг байв уу. Эмнэх домнох талаар өвлийн олимп зүглэсэн нэгэн дагаж яваа нөхөд дунд ганц ч алга. Хайж сураглаад ч олдсонгүй. Магадгүй тамирчдын эрүүл мэндийг хянах, сэтгэл санааг дэмжих эмч, сэтгэл зүйч олдоогүй байх. Бүгд тус тусын ажлаа хийгээд завгүй болохоор.
Хариуцлагын зуд нүүрлэсэн гэгдэх эмнэлгийн салбарт эмч нь олдоггүй юм аа гэхэд ядаж гэмтлийн сувлигч олдчихмоор л юм даа. Олимпын тамирчдыг дагалдан явах бүрэлдэхүүн эмч зайлшгүй багтдаг. Бусад орны хувьд эмчээ заавал явуулдаг л гэсэн. Харин манай багийн тамирчдад эмч шаардлагагүй дарга нар л хэрэгтэй байсан хэрэг үү гэж асуумаар. Гэмтэл бэртэл авбал дарга нар эмчлэх нь. Сэтгэл санаа тавгүйтвэл гишүүн, сайд, зөвлөж засах нь л дээ. За нэг иймэрхүү маягаар олимп үзэж, зугаалаад л ирэх төлөвтэй. Ер нь, Биеийн тамир спортын хорооны дарга төсвийн мөнгийг тамирчдад биш төрийн томчууд, илүү дутуу сайд, зөвлөхөд зарцуулсан нь хачирхалтай. Төсвийн мөнгө илүүдэлтэй байгаа учраас 320 саяар өвлийн олимпод явах хүмүүст хувцас хийлгэж, Пёнчанд зугаалах эрхийн тийз олгосон юм болов уу. Эсгий хийх газарт нохой хэрэггүй гэсэн зүйр үг байдаг. Үүнтэй утга дүйх буй заа. Өвлийн олимпод оролцох тамирчдад дарга сайд нар ямар хэрэг байсан нь тааварлашгүй. Онцгой чухал гэрээ хэлэлцээр байгуулах ажилгүй, хамтран ажиллах санал тавихаар ч очоогүй шүү дээ.
Монгол Улсын цанын хоёр тамирчныг дагалдан яваа тэр олон хүмүүс дунд үүрэг оролцоогоороо овойж, товойх эрхэм цөөхөн. Ёстой зуун ямаанд жаран ухна гэдэг л энэ байх. Ядарч туйлдсан эдийн засагт бага ч болов хөрөнгө мөнгө чухал. Хэмнэж, үр ашиггүй зардлаа танах ухаан энэ дарга нарт лав алга.
Э.Мөнгөнбаяр
Сэтгэгдэл (8)