Дөнгөж саяхан УИХ-ын дэд Л.Энх-Амгалан “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмч боллоо” хэмээн мэдэгдэл хийв. Тэрээр “Ерөнхийдөө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид авах ажил дууссан. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монгол төрийн өмч болж байна” гэсэн юм.
Гэхдээ УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн энэхүү мэдэгдэлд 100 хувь итгэж хараахан болохгүй санагдана. 2018 он дөнгөж гарангуут “Монголын зэс” корпорацийн мэдэлд байсан Эрдэнэтийн 49 хувийг төр өөртөө авсан талаар шуугиан дэгдэж, өнөөдөр ч тэр асуудал бүрэн шийдэгдээгүй шүүхийн шатанд байгаа юм. Түүнээс гадна үлдсэн 51 хувийн асуудал ч нэлээн төвөгтэй байдалд байгааг Монголчууд мэдэж байгаа.
Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн эзэмшилд “байсан” 51 хувийг гадны банкинд барьцаалж зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн асуудал өнөөдөр Олон улсын Арбитрын шүүх дээр яваа. Тодруулбал, “Жастын”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж 140 сая ам.долларын зээл авсан нь 2013 онд ил болсон. Энэ жигтэй хуйвалдааныг тодруулвал “Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан 109 сая ам долларын зээлийн батлан даалтыг Засгийн газар гаргаж Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшдэг хувиа дэнчин болгон тавьсан байдаг.
Тухайн үеийн Эрдэнэтийн ерөнхий захирал Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсгээр баталгаажсан уг батлан даалтын асуудал Олон улсын Арбитрын шүүхээр хэд хэдэн удаа орж Монголын талд ашиггүйгээр шийдэгдсээр байгаа.
Шүүхийн шийдвэрээр Монголын “Эрдэнэт” үйлдвэр “Жаст”-ын зээлээс 51 сая ам.долларыг хүүтэй, хүүгийн алдангитай нь төлөхөөр болоод байгааг өнгөрсөн онд мэдээлж байсан. Мөн шүүх ажиллагаанд зарцуулсан Өмнөд Африкийн “Стандарт” банкны үйлчилгээний хөлсийг нь ч төлөх ёстой болсон.
Хэрэв “Стандарт” банкны хохирлыг Монголын Засгийн газар барагдуулж чадахгүй бол мэдээж 51 хувийг хураах нь тодорхой. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр нь Монгол-Африкийн хамтарсан үйлдвэр хэмээн нэрлэгдэх нь цаг хугацааны л асуудал болчихоод байгааг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан мэдэхгүй байна гэж баймааргүй. Хэрвээ Л.Энх-Амгалан даргын мэдэгдсэнээр Эрдэнэт үйлдвэр үнэхээр Монгол төрийн мэдэлд 100 хувь шилжиж ирсэн бол “Стандарт” банкны нэхэмжилсэн ихээхэн мөнгийг төлж барагдуулж дууссан болж таарч байна.
Мөн түүнчлэн “Монголын зэс” корпорацид ч маш их хэмжээний ам доллар төлөх учиртай. Учир нь “Монголын зэс” корпораци нь Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-аас 400 сая ам доллараар худалдан авсан гэдэг билээ.
Ингэхээр Л.Энх-Амгалан дарга худлаа яриад байна уу, аль эсвэл Монгол Улсын Засгийн газар дээрх бүх нэхэмжилсэн асар их хэмжээний мөнгийг чимээгүйхэн шилжүүлж холбогдох талуудын амыг хамхичихсан юм болов уу.Энэ бүхний учир удахгүй сайн юмуу, саараар тайлагдах нь гарцаагүй бизээ.
Д.Энхтүвшин
Сэтгэгдэл (3)