Монголд ТЕГ-ын дарга асан Б.Хурц гэдэг Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй, хууль шүүх, прокурор, АТГ, тэр байтугай УИХ-ыг нүднийхээ харцаар хөдөлгөчихдөг “Аймшигт мангас” нэгээхэн ширхэг байх юм. Тэрээр БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоор УИХ-аар орох үедээ гишүүдийг ёстой л бөндөгнүүлж байсныг Монголчууд цэнхэр дэлгэцээрээ харж гайхаж балмагтаж гүйцсэн удаатай. Баахан баримт дэлгэн уншиж УИХ-ын гишүүдийн нүдийг бүлтэлзүүлж байснаа бах нь ханасан маягтай “За яахав цааш нь унших уу яахав” хэмээн жинхэнэ пээдийх гэгчийг үзүүлсэн билээ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн баруун гар гэдэгтээ бүрэн оодорсон тэрээр Европ тивийн хоёр гурван улсын хил давуулан Д.Энхбат гэгч иргэнийг хулгайлан авч ирж, хилс хэрэгт гүтгэн шоронгийн мухарт хатааж алсан нүгэлтэй этгээд. Түүгээр ч зогсохгүй Монголчуудыг 40 жил тэжээж байгаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпорацид зувчуулан олгох ажлыг удирдан гүйцэтгэсэн гэлцдэг. Түүнийг нь УИХ дээр ил гаргаж тавьсан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг араандаа зууж өөрийнх нь харцаар шахуу хөдөлдөг шүүхэд гомдол гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх авч хэлэлцээд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг анх мэдээлэл тараасан арга замаараа буюу хэвлэлийн бага хурал зарлаж, нийгмийн сүлжээний цахим хуудсаар гүтгэсэн хэрэгтээ албан ёсоор уучлал гуйх ёстой гэсэн шийдвэр гаргасан байгаа юм.
Ж.Батзандан гишүүн Монголын хуулиас толгой өндөр гарчихсан энэ нөхрийн үйлдсэн хэргийг үнэн зөвөөр шүүмжилснийхээ төлөө “Буруугаа хүлээн уучлал гуйх” ёстой болж таарч байна. Нөгөө сүрхий УИХ-ын гишүүний халдашгүй байдал энэ тэр ч бүр байхгүй шүү. Гэтэл үнэнийг хэлсэн нь буруудаж байхад Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь хөдлөшгүй баримтаар нотлогдчихсон нэгэн өнөөдрийг хүртэл “УИХ-ын гишүүний халдашгүй байдал” нэрээр халхлагдаад юу ч болоогүй, ямар ч хэрэг хийгээгүй юм шиг л инээд алдаад явж байгаа.
Хамгийн хачирхалтай нь БНСУ-д суух Элчин сайдаар томилогдох асуудал нь өнөөдөр ч эцэслэн шийдэгдээгүй байгаа энэ нөхөр өнөөдөр хаана байгаа нь мэдэгдэхгүй хэрнээ Монголын хууль шүүхийг далдаас удирдан чиглүүлээд л явж байна. Тэрээр Ж.Батзанданг буруутан болгож амжсан ч өөрийг нь нэр төрд халдсан хэргээр шүүхэд мэдүүлсэн УИХ-ын гишүүн Л.Болд, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг нарын гомдлыг шүүх авч хэлэлцэх болохоор хаана байгаа нь мэдэгдэхгүй, усанд хаясан чулуу шиг алга болчихоод олдохгүй байгаа нь аргагүй л Монголын хуулиас толгой өндөр нэгэн гэдгийг нь битүүхэн нотлоод ч байгаа юм шиг. Өөрөө хүнийг шүүх дээр буруутан болгоод байдаг. Харин өөрийнх нь гэм нүглийг хэлэлцэх гэхээр хөшигний ард орчихоод, Монголын шүүх, прокурорыг алсаас удирдаад байдаг. Ийм л нэг задарсан товариш магадгүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг ч битүүхэн айлгасаар, сураг сонсвол БНСУ-д тарвалзаж хэвтээ дуулдана. Магадгүй Ц.Элбэгдоржтойгоо нийлчихсэн АНУ-д казино тоглоод явж байхыг ч үгүйсгэх арга байхгүй. Өөрийнх нь эсрэг гомдол гаргасан УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөхийн нэхэмжлэлийг Монголын шүүх буцааж шидчихээд “Хариуцагчийнх нь хаяг тодорхойгүй” гээд сууж байдаг. Монголын шүүх, прокурор, АТГ, Хууль зүйн яам гээд бүхнийг гартаа базсан Б.Хурц болон түүний өмнө толгой бөхийсөн Монголын хууль хөөрхий.
Д.Түвшин
Сэтгэгдэл (27)