УИХ-ын гишүүдийн дунд Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Сү. Батболд, Б.Наранхүү, гишүүн асан Р.Гончигдорж нарын зэрэг хууль батлах их ажлынхаа завсар чөлөөгөөр хөөрөг гарган тамхилж, ханхайж суудаг монгол эрчүүд цөөнгүй бий. Утаат тамхины эсрэг ангийнх нь хүүхнүүд хууль батлан тэмцэж байсан үед ч хамрын тамхи гээч хал балгүйхэн, халхын бас л нэгэн нүнжиг буяныг харуулах хэрэглээнээсээ 28 жил татгалзалгүй “ноцолдож” яваа Д.Лүндээ гишүүнтэй Шороон нохой жилийн Цагаан сарын өмнөхөн хөөрөг зүрүүлэн ярилцлаа.
-Дөрөвхөн хоногийн дараа ХVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жил гарах гэж байна. Та мэдээж шинэ дээлээ бэлдэж, барих хөөргөө ч зэхчихсэн л байх даа?
-За даа Цагаан сар болгоноор шинэ дээл хийлгээд байдаггүй дээ. Хөөрөгний хувьд ч ялгаагүй одоо барьж байгаа хөөргөө л барина. Саяхан УИХ-ын намрын чуулган завсарлах гээд баахан пижигнэлдлээ. МАН-ын тухайд парламентад 65 суудалтай намын хувьд намрын чуулганаар олон чухал хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр батлуулах гээд нэлээн ачаалалтай ажиллалаа. Манай залуу гишүүдийн хувьд ч хууль тогтоох ажилдаа гарших, мэргэших хариуцлагатай ажиллахын чухлыг ухааруулсан чуулган байлаа.
Миний хувьд Монголын парламентад тасралтгүй суусан 28 дахь жил байдаг л нэг хэрүүл тэмцэл, ажил явдал ундарсаар Цагаан сартай золгох гэж байна. Нүгэл хилэнцтэй энэ хорвоод ямар ч хүн алхайж суугаад, жаргаж амьдарсаар хорвоог орхидоггүй.
Түмэн жаргалан, буман зовлонгийн дунд оршдог хорвоо шүү дээ. Тийм болохоор л хэн хүнгүй Монгол оронд минь жаахан ч гэсэн эерэг өөрчлөлт, сайн сайхан хөгжил дэвшил гараасай гэж хүсч залбирдгийн адил би ч гэсэн урин хавар наашилж байгаа энэ сайхан цаг дор, Шороон нохой жилийн Цагаан сарын Шинийн нэгний өмнөхөн тийм л ерөөл талбиж сууна.
-Урин хавар наашилж, цаг тэнийх Цагаан сарын өмнөх энэхэн мөчид хоёулаа улстөр ярьж бухимдаад яах вэ. Монгол эрчүүдийн салшгүй хэрэглээ болсон хөөрөг, даалингийн талаар ярилцах уу?
-Тэгье тэгье. Харин миний мэдэх, сонссон дуулсан юм л асууж үзээрэй.
-Яг одоо таны барьж суугаа хөөрөг хэдий үед хамаарах вэ. Ямар нэгэн түүхэн хүний эдэлж, хэрэглэж явсан эд мөн үү?
-Надад хэн нэгэн түүхэн хүний эдэлж, хэрэглэж явсан үнэтэй, цайтай хөөрөг байхгүй. Миний өөрийн сонирхол гэвэл орчин цагийн хөөрөг барьж, эдэлж яваад үр хүүхдэдээ үлдээх л юм даа. Миний энэ барьж суугаа хөөрөг бол 1998 оны үеийн эд байгаа юм. Сайхан цагаан хаш чулуун хөөрөг л дөө. Алтан нуухтай, шүрэн толгойтой ийм л хөөрөг байгаа юм. Ер нь би учиргүй том, үнэтэй хөөрөг барьдаггүй.
-Ер нь танд хэн нэгнээс өвлөж авсан ч юм уу, үнэтэй хөөрөг худалдан авч байсан тохиолдол байхгүй гэж үү?
-Өвөөгөөс өвлөгдсөн сайхан хөөрөг байсан л даа. Түүнийгээ алдчихсан. Бас нэг хуучны, үнэтэй сайхан хөөрөг байсныг хаячихсан. Хаана хаяснаа бодоод бодоод олдоггүй юм. Би ер нь жаахан мартамхай, саландуу хүн. Хоёр сайхан хөөргөө алдсан, хаясан ийм л юм. Түүнээс хойш хуучны үнэтэй хөөргөнд сүжиг муутай болчихсон хүн. Хуучны үнэтэй хөөрөг тогтдог хүн, тогтдоггүй хүн гэж бас байх шиг байгаа юм.
-Түүхэн хүний эдэлж хэрэглэж явсан хөөрөг жил өнгөрөх тусам үнэ, ханш нь улам л нэмэгдээд байх шиг санагддаг юм. Тухайн хүний буян хишиг, сүлд хийморь нь шингэдэг юм болов уу. Ер нь, хөөрөгний чулуу амьтай гэж танд санагддаг уу?
-Хөөрөгний үнэ нь хийсэн цаг үедээ байдаг гэж яригддаг л юм. Гэхдээ хүн хүний онцлог өөр л дөө. Хуучны түүхэн хүмүүсийн хөөргөнд үнэнхүү дурлаж, үнэ цохиж авдаг хүмүүс байна. Би бол “Лүндээжанцангийн хөөрөг” гэж хэлэгдэх хэмжээний өөрийн брэндийг л барьж явдаг.
Хаш чулуун хөөрөг барьсан хүний яс хугарч, бэртдэггүй гэж ярьдаг л юм. Мөн өөрийнхөө өнгөтэй адил гэгээлэг сайхан бүхнийг эзэн хүнийхээ амьдралд дагуулж ирдэг гэдэг утгаар нь барьж суухад эерэг мэдрэмж төрөөд байдаг л даа. Хөөрөгний чулууны тухайд Чүчигноров хөөрөг барьсан хүн яр шархаар өвчилдөггүй бол Сүүжин хөөрөг нүдний хараанд онцгой сайн, Гартаам хөөрөгтэй хүн хэзээ ч саа өвчин тусдаггүй гэж ярьдаг. Тэгэхээр эдийн дээд хөөрөгнүүд амьтай л болж таараад байгаа юм.
-Боломжтой бол таны мэдэх хамгийн үнэтэй хөөргийг ямар хүмүүс эдэлж хэрэглэж явааг хэлж болох уу?
-За даа, наадах тань хамаагүй ярьж болдог ч юм уу, үгүй ч юм уу. Миний мэдэхээр Богд хааны хэрэглэж явсан шүрэн хөөрөг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлд байдаг байх. За тэгээд Б.Бат-Эрдэнэ, Б.Наранхүү гишүүд болон Р.Гончигдорж, Д.Дагвадорж аварга гээд үнэтэй сайхан хөөргөөр тамхилдаг хүмүүс байна аа байна.
-Та ер нь, хэдэн оноос хөөрөг, даалин өвөртөлж явна?
-За даа, би ч нэлээд эртнээс энэ талын хэрэглээтэй хүн шүү. 1990-ээд онд уламжлал сэргэж эхлэхээс өмнө л ажил дээрээ хөөрөг бариад сууж байсан хүн дээ би. Залуу байхад ч яах вэ, шоолуулаад л явдаг байлаа. Ардчилал гараагүй байхад хөөрөг, даалин чинь бас нэг жаахан хориотой маягийн, хэн хүн хэрэглээд байдаггүй байж л дээ.
-Хөөрөг, даалинтай холбоотой хэл аманд орж, шүүмжлүүлж байв уу та?
-Гайгүй шүү. Харин нэг сонин юм тохиолдож байсан юм байна. 1992 оны өвөл АНУ-д айлчлахдаа парламентын ордон дотор нь хөөргөө гаргаад тамхилсан чинь бидэнд үйлчилж байсан хүн гүйгээд явчихдаг юм байна. Тэгтэл АНУ-ын Ерөнхийлөгчийн үг хэлдэг гол танхимын хаалганы хажууд нэг гоёмсог босоо тавиур байсан юм. Тэр дотор 1901 онд Манж Чин улсын төлөөлөгчид айлчлахдаа бэлэглэсэн хамрын тамхийг хадгалж байдаг юм байна. Тэр нь ямар учиртай гэвэл олон цагаар хуралддаг парламентын гишүүдийг нойроо сэргээж хааяа татаж бай гэж бэлэглэсэн Хятад бор тамхи байж л дээ. Тэрнээс надад хийгээд өгч байсан. Гэхдээ надад Хятад тамхи таардаггүй болохоор татаагүй л дээ.
-Улсын Бага Хурлаас эхлээд л Монголын үе үеийн парламентад хамрын тамхи хэрэглэгчид нэлээдгүй байгаа. Хааяа хамар луугаа тамхи чихчихвэл жаахан ч гэсэн сэргээд ирдэг юм уу?
-Улсын Бага Хурлын үед Д.Чойжамц хамба, Г.Очирбат гуай, талийгаач О.Дашбалбар, Д.Содном гуай бид хэд татдаг байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл татсаар л явна. Одоогоор хуулиар хориглоогүй ч хүн болгон хэрэглээд байх нь тийм ч тааламжтай зүйл биш л дээ.
-УИХ-ын эмэгтэй гишүүд утаат тамхины эсрэг хууль боловсруулж батлуулсан. Эхэндээ сүрхий хэрэгжиж байснаа “Монголын хууль гурав хоног” гэгч нь болчихсон. Ингэхэд таны хувьд утаат тамхи хэрэглэдэггүй байх аа?
-Түүнийг чинь л харин насаараа хэрэглээгүй. Залуудаа зүгээр саваагүйтэж, ганц хоёр удаа амандаа зууж байсан тохиолдол бол бий.
-Таны ярианд дурдагдсанаар хамрын тамхинд жаахан ч гэсэн сэргээх, хүч чадал оруулах талын юм байдаг уу?
-Допингийн талын юм өчүүхэн ч байхгүй. Хэрвээ сэргээшийн журмаар хэрэглэх юм бол гарцаагүй хориотой зүйл болж таарна л даа. Монголчуудын хэдэн үеэрээ хонины бэлчээр дээр хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн энэ уламжлал бол сэргээшийн төрлийн хэрэглээ биш л дээ.
-Та одоо хаанахын, ямар төрлийн хамрын тамхи татаж байна?
-Би ч хэзээнээсээ Энэтхэгийн 41 номерийн тамхи л татсаар ирсэн. Өөр тамхи татахаар ханиалгаж, аллерги өгөөд ерөөсөө зохидоггүй юм.
-Гишүүн асан Р.Гончигдорж ширээн дээрээ багавтар хөөргөө гаргаж тавьчихаад хүн бүртэй тамхилдаг байсан. Таны одоо барьж байгаа хөөрөг нимгэвтэр хэрнээ том хөөрөг байна шүү?
-Арван хэдэн жил барьж яваа болохоор энэ хөөрөг маань бүр нэг гарт эвтэйхэн болчихож дээ. Хэтэрхий том, зузаан хөөрөг ч над шиг өдөр тутмын хэрэглээтэй хүнд явдалтай л даа. Р.Гончигдоржийн хувьд бас л номонд мөнхөрч, эдийн сайнаар нэрлэгдсэн халхад цөөн хөөргийн нэгийг эдэлж хэрэглэж явдаг хүн байгаа юм.
Мөн Монгол Улсын гавьяат хуульч Н.Жанцан “Монголын шилдэг хөөрөг” гээд маш сайхан зураг хөрөгтэй, түүхийн чухал баримт материал хавсаргасан үнэхээр сайхан ном гаргаж байсан. Хөөрөг сонирхдог, цуглуудаг хүмүүс тэр номыг олж үзвэл ёстой л нэг загатнасан газар нь маажих шиг л болно.
Тэр номонд Монголын гайгүй сайхан хөөрөгнүүд бараг бүгд байна лээ дээ. Ер нь, үнэтэй, сайн хөөрөгнүүд гэдэг чинь бүгдээрээ маш их түүхтэй, мэддэг хүн бол хараад л таньдаг болчихсон байдаг юм шүү дээ.
-Таны эдэлж хэрэглэж явсан, одоо барьж яваа хөөрөгнүүдээс тэр номонд орсон уу?
-Иш, манийх яаж багтах вэ дээ. Тэнд ёстой л халхын буянууд нэртэй устай, түүх судартайгаа байгаа. Мань мэтийнх бол байхгүй шүү.
-За та ирж байгаа “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн Цагаан сараар олон хүнтэй хөөрөг зөрүүлж, сайхан шинэлээрэй?
-За их баярлалаа. Танай уншигчдад болон Монголын нийт ард түмэндээ ирж байгаа Шороон нохой жилийн Цагаан сарын шинийн нэгний халуун мэнд дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн барья. Та бүхэн минь сайхан шинэлээрэй.
Д.Түвшин
Сэтгэгдэл (5)