Улс үндэстнүүдийн эв нэгдлийг илэрхийлэх өвлийн олимп БНСУ-ын Пёнчан хотноо болж байна. Монгол Улсаа төлөөлөн Цагаан олимпод оролцох эрхийг хоёр тамирчин авч, өрсөлдөж байгаа юм. Багийн бүрэлдэхүүн ч тодорхой болж, дагалдан явах эрхмүүд тодорч төсвийн зардлаар БНСУ-ыг зорьсон. Хоёр тамирчныг дагалдах бүрэлдэхүүнд дарга сайд нар болон зөвлөх, туслах гээд 30 гаруй хүн оджээ.
Төрийн санхүү нимгэн байгаа үед ийнхүү аялж зугаалах нь хэр оновчтойг хэлж мэдэхгүй юм. Лав л тийм ч таатай биш байлтай. Засаг нь нүүрээ улалзуулан байж, элгээрээ хэвтсэн эдийн засгаа өөд татах санаатай гаднаас зээл тусламж гуйж байгаа үед хурган дарга нар арай хэтэрхий дураараа загначихсан мэт санагдах. Хэдэн арван сая төгрөг төсвөөс зарцуулж, бараг л шагнал хэлбэрээр зугаалга хийлгэж байгаа нь ямар учиртай юм бол. Ер нь, гавьяатай гэж хоёр тамирчныг дагалдан 30 орчим сайд, дарга сэтэртэй хүмүүс одсон нь өнөөг хүртэл таамаг хэвээр. Ёстой могой алахад модны нэмэргүй нөхдүүд явсан гэхэд хилсдэхгүй.
Тэднээс явсан зардлаа төлж байгаа хүн байхгүй л болов уу. Засаг төрийн мөнгөөр дураараа дургисан шиг, ая тухаа ханган яваа нь тодорхой биз. Ийм зүйл хийж байгаа эрхэм ноёд, хатагтай нараас түмэн олон татварын мөнгөөр дургихаа боль гэж шаардаж байна. Мэдээж хэрэг хөөрцөглөн дагах шаардлагагүй нөхдүүд аялж зугаалсан төсвийн хөрөнгөө эргүүлэн төлөх ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч үүнийг анхааралдаа авч, хариуцлага нэхэх хэрэгтэй болов уу. Таны зээл тусламж гуйн байж төсөв бүрдүүлж байгаа хөрөнгөөр зугаалга үйлдэх нь хэр оновчтой юм бол.
Бразилд болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж сонирхох нэрээр зугаалсан байдаг. Мөн л төсвийн хөрөнгөөр гараа угаасан асуудал энд яригдана. Тухайн цагт хөрөнгө мөнгө төсөвлөн зугаалсан нөхдөд хариуцлагыг нь үүрүүлж байсан билээ. Өөрөөр хэлбэл, төрөөс гаргасан зардлыг эргүүлэн төлүүлж, тодорхой хариуцлага хүлээлгэсэн. Пёнчаны Цагаан олимпыг зорьсон нөхөд ч үүнтэй агаар нэгэн. Хариуцлагагүйн зуд нүүрлэсэн төр, засгийн албан тушаалтнуудын хэрээс хэтэрсэн үйлдэл үргэлжилсээр байх уу, Ерөнхий сайд аа. Сэхээний тасагт эмчлүүлж байгаа эдийн засаг сэрж чадахгүй байгаа өнөө үед эмнэж сувлих хөрөнгөнөөс ийм маягаар хумслаад байна.
Пёнчаныг зорьсон эрхмүүд багийн бүрэлдэхүүнд байх үнэхээр шаардлагатай байсан уу. Олимп үзэх хүсэл хүн бүхэнд бий. Гэхдээ ийм завшаан тохиохгүй байгаа. Магадгүй хурган дарга, сайд түшмэдэд хуваарилсан төсвийн хөрөнгө илүүдэлтэй юм бол түмэн олноо ч мөн адил олимп үзүүлээч.
Сэтгэгдэл (16)