Монгол Улсын олимпийн баг тамирчид 1968 оны Мехикогийн наадмаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж хүн төрөлхтний эв нэгдэл, спортын их баяр цэнгэлээс медаль хүртсэн улсын тоонд багтсанаас хойш 50 жил өнгөрч байна. Тодруулбал Мехикогийн олимпоос Дархан аварга Ж.Мөнхбат мөнгө, Ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, БНМАУ-ын гавьяат тамирчин, улсын начин Т.Артаг нар хүрэл медаль хүртэж тухайн үедээ гайхалтай амжилт үзүүлж байв. Энэ түүхэн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд олимпийн дэвжээнээс медаль хүртсэн тамирчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.
Олимпоос 26 медаль хүртсэн Монгол Улсын 25 тамирчны төлөөлөл болох Монгол Улсын хөдөлмөрийн баатар З.Ойдов, П.Сэрдамба, С.Батцэцэг, Ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Р.Даваадалай, Н.Баярсайхан, Н.Энхбат болон Мехикогийн олимпийн хүрэл медальт Т.Артаг агсны гэргий Д.Баярлах, Москвагийн олимпийн мөнгөн медальт Д.Оюунболд агсны гэргий Ж.Наранцэцэг, мөн олимпийн мөнгөн медальт Ж.Даваажав агсны хүү Д.Даваажаргал нар уулзалтад оролцсон юм.
УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд Монголын тамирчид олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойн баярын мэндийг хүргээд, амжилтаа ахиулсан олон сайн шавь төрүүлэхийг хүсэн ерөөсөн юм. Тэрээр энэ удаагийн уулзалт Пёнчаны өвлийн олимптой давхцаж байгаагаараа онцлог болохыг тэмдэглээд, 2020 оны Токиогийн олимпод бэлтгэх, амжилтаа улам бататгах талаар санал зөвлөмжөө өгөхийг хүсэв.
Түүний дараа Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, олимпийн хүрэл медальт Р.Даваадалай нар болон олимпийн медальтнуудын ар гэрийнхэн үг хэлж, сар шинийн босгон дээр хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын даргад талархал илэрхийлцгээсэн юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор олгож буй цалин, урамшууллыг УИХ-ын хууль, тогтоомжийн хэмжээнд баталгаажуулж өгөх, 1964 оны Токиогийн олимпийн багийн ахмад тамирчдыг 2020 оны олимп үзүүлэхэд туслалцаа үзүүлэх, олимпийн медальтнуудын алдрыг мөнхжүүлэх, зарим ахмад тамирчдын ахуй амьдралыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
УИХ-ын дарга М.Энхболд тамирчдын санал, зөвлөмжийг сонссоны дараа дээрх асуудлыг Засгийн газар, холбогдох байгууллагуудтай ярилцаж, боломж бололцоогоо судалж, бодитой ажил болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлснээр Монгол Улс олимпоос медаль хүртсэний 50 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт өндөрлөсөн юм.
Д.Түвшин