Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ардын багш О.Балжиннямд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож өнөөдөр төрийн ордонд ёслол төгөлдөр гардуулан өглөө. О.Балжинням аваргын тухайд 1979-1992 онд жүдо бөхийн шигшээ багт тамирчин байгаад 1992-1997 онд Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар эхний удаа ажиллаж байжээ. Тэгээд дунд нь хэдэн жил завсарлаад 2011 оны 10 дугаар сард дахин Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа билээ. Хамгийн сүүлд 2017 оны нэгдүгээр сард Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга, Г.Дашдаваа нарын есөн хүн өрсөлдөхөд хамгийн өндөр оноо авч Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажилд дахин томилогдсон байдаг. Түүний гарын шавь нараас Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Д.Сумьяа гэсэн гурван Хөдөлмөрийн баатар төрсөн бол өөрөө өнөөдөр ийнхүү хийж бүтээснээ Монгол Улсын төрийн тэргүүнээрээ үнэлүүлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй шагналаар шагнагдаж бөхөд хайртай Монголын ард түмэн болон шавь нарынхаа магнайг тэнийлгэлээ. Тэрээр шагнал гадсаныхаа дараа “Олон жилийн минь хөдөлмөрийн үнэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч эрхэм хүндэт Х.Баттулгадаа болон нийт шавь нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Намайг ийнхүү Монгол төрийн дээд шагналаар шагнагдаж байгааг хайрт хань минь хөх тэнгэрээс ширтэн харж баярлаж байгаа байх. Энэ хүндэт шагнал цаашид улам ихийг хийж бүтээх эрч хүч, урам зориг хайрлалаа. Шавь нартайгаа зүтгээд байна даа” хэмээн сэтгэл нь ихэд догдлон өгүүлсэн юм.
О.Балжинням аварга ид барилдаж байхдаа 1985 онд самбо бөхийн дэлхийн аварга, 1989 онд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж гавьяат тамирчин болж байв. Жүдо бөхөөр дэлхийн болон Олон улсын тэмцээнээс 14 алт, 9 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн дэлхийд данстай бөх билээ. Үндэсний бөхөөр 1984 онд Д.Цэнд-Аюуш заанаар 5 давж начин цол, 1989 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд 32 бөхөөс 29 давж заан цол хүртсэн бол Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор 1991 онд түрүүлж, 1994 оны наадмаар үзүүрлэсэн амжилтаараа 1995 онд улсын аварга цолыг хүртсэн байдаг. Тэрээр улсын наадамд 17 удаа шөвгөрсөн харьшгүй хүчит аварга билээ.
Д.Түвшин