Саяхан УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзахад “Энэ УИХ-д бүрэн эрхийг нь яаралтай түдгэлзүүлэх ёстой, нэг ёсондоо парламентад байх ёсгүй гишүүд цөөнгүй бий” гэж байсан. Мэдээж тийм гишүүдэд хурлаа байнга тасалдаг, элдэв хэл аманд орооцолддог, тэр ч байтугай хүчингийн хэрэгт холбогдсон, мөн бусдад өөрийн хачин жигтэй зургаа байн байн явуулж, бэлгийн дарамт үзүүлсэн гэх зэрэг бусармаг гишүүд хамаарах нь тодорхой юм. Тэгвэл хамгийн сүүлд авсан мэдээллээр УИХ-ын гишүүн Д.Гантулга бусдад бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн нь бараг л тодорхой болж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Гантулгаас бэлгийн эсийн шинжилгээ авах зөвшөөрлийг Прокуророос зөвшөөрсөн шийдвэр гаргасан талаар 2017 оны арванхоёрдугаар сард хэвлэл мэдээллээр зарлаж байсан билээ.
Баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын эсийн шинжилгээний хариу гарчээ. Энэ ээдрээтэй хэргийн талаар эргэн сануулахад, 2017 оны зургаадугаар сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга 25 настай иргэн Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод байсан билээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогчийн биеэс илэрсэн эс УИХ-ын гишүүн Д.Гантулгынхтай таарсан байна. Түүнчлэн өмнөх шинжилгээний дүгнэлтийг худлаа гаргасан байсантай холбоотойгоор тусдаа Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлэв.
Энэ парламентын гишүүдийн дунд Д.Гантулгаас гадна бусдад бэлгийн дарамт учруулсан бас нэгэн эрхэм бий. Тодруулвал Д.Гантулгын хэргийн дуулианд дарагдан чимээгүйхэн сураг алдарсан нэгэн “хэрэг” бол УИХ-ын гишүүн Д.Муратын будад бэлгийн дарамт учруулсан тухай мэдээлэл юм. Тэрбээр нутгийн нэгэн бүсгүйг элдвээр өдөж хоргоон, бэлгийн харилцаанд орох санал тавьж, өөрийн нүцгэн шалдан зургаа бүсгүй рүү илгээж, үүнийг нь илчилнэ гэсний төлөө өнөөх бүсгүйг болон аав ээжийг нь дарамтлан, бүсгүйг зодсон гэх мэдээлэл гарсан. Гэвч уг мэдээлэл тэгсгээд устаж, чимээ алдарсан нь магадгүй Д.Мурат гишүүн УИХ-ын гишүүний халдашгүй эрхээрээ “сүрийг үзүүлэн” асуудлыг намжаасан уу гэж хардахад хүргэж байгаа.
Хохирогч бүсгүйн хувьд УИХ-ын гишүүн Д.Муратыг шалгуулахаар Цагдаагийн байгууллага болон УИХ-ын гишүүний Ёс зүйн байдлын хороо, АН-ын дарга С.Эрдэнэ нарт гомдлоо холбогдох баримтуудтай нь хамт хавсаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл түүнд дорвитой хариу өгөөгүй, хэргийг нь шалгаж нягтлаагүй байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулиар Баян-Өлгийчүүдийн олонхийн итгэлийг хүлээж сонгогдсон эрхэм гишүүн Д.Мурат хууль санаачлан батлах, орон нутгаа хөгжүүлэх, Баян-Өлгийчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үйл хэргээс илүүтэй ийнхүү “хормой хотны явдал”-ыг илүүд үзэн ийм асуудалд “нэр холбогдсон” явдлыг УИХ-ын Ёс зүйн хороо болон хууль шүүхийн байгууллагаас эцэслэн шалгах нь шударга ёсонд нийцэх учиртай.
Эрх мэдэл, эд хөрөнгөндөө бардан, танил тал, хөрөнгө чинээ, эрх мэдэлгүй энгийн иргэдийг доромжилж болно гэж эндүүрч явдаг Д.Мурат мэтийн гишүүдэд хариуцлага тооцох л ёстой. Эс бөгөөс наанадаж Монгол төрийн, цаанадаж АН-ын болон эгэл жирийн казах эрчүүдийн нэр хүндэд ч муугаар нөлөөх нь тодорхой юм. Ёс зүйгүй, хууль тогтоох ажлаа “хормойн дон”-гоор сольсон эрхмүүдийн талаар өгүүлэхэд нэг иймэрхүү.
Д.Түвшин
Сэтгэгдэл (5)