Оюутолгойн цахилгаан станцын гэрээг цуцаллаа гээд хэвлэлээр цацагдах болоод удаж байгаа. Энэ дагуу Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийв. Тэрээр “Хэвлэлээр худлаа мэдээлэл цацагдаад байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7,3 дахь заалтаар цахилгаан станц баригдана. Үйл ажиллагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгой компани эрчим хүчний эх үүсвэрээ авах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл аваагүй. Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээнээс болж эрчим хүчээр хангаагүй юм. Бид үүнийг л цуцалсан. Хоёрдугаарт хөрөнгө оруулалтын гэрээний бүх шаардлагаа хүлээнэ. Тэрчлэн Таван толгойд байгуулах эрчим хүчний эх үүсвэрийг барих хүртэл ажилд оролцож, үүргээ биелүүлнэ гэсэн байгаа. Ерөнхий сайд хөрөнгө оруулагч талд Монгол Улсаас эрчим хүчээ ав гэдгийг тодорхой хэлсэн байгаа. Бид Хятадаас 200 шахам сая долларын цахилгаан эрчим хүч авч байгаа. УИХ-д мэдүүлэлгүй дур мэдэн өөрчилсөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шалгах ёстой, хариуцлага тооцох ёстой. Дубайн гэрээг дур мэдэн хийсэн. Эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр хариуцлага хүлээлгэнэ. Хууль зөрчсөн гэрээг нарийн судлах хэрэгтэй. Багагүй хохирол учирчихаад байгаа” гэсэн юм.
Тэгвэл Таван толгой цахилгаан станцын төслийн нэгжийн захирал Батбилэг “Цахилгаан станцын ТЭЗҮ бүрэн хийгдсэн. Хөрөнгө оруулагч талтай ярилцаад батлан даалт авчихвал цахилгаан станцын ажлыг энэ хавраас эхлүүлэх боломжтой. 450 мвтын хүчин чадалтай цахилгаан станц баригдах ёстой. 2018 онд ажил нь эхэлчихвэл 2020 онд ашиглалтад орох боломжтой. Нэг тэрбум долларын үнээр босно. 40-50 жил найдвартай ажиллана. Дан ганц Оюутолгойг бус Цагаан суварга болон өмнөд бүсэд байгуулагдах бүх төслийг эрчим хүчээр хангах болно. Хөрөнгө оруулагч талд зээл өгөхөд гадны банкууд бэлэн байгаа гэсэн. Рио-Тинто компани л бүх зүйлийг шийднэ. Одоо Олон улсын хэмжээний баталгаа л хэрэгтэй. Тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдчихвэл Могол Улс эрчим хүчний салбарт толгой өвдөхгүй” хэмээсэн юм.
Д.Түвшин
Сэтгэгдэл (18)