Саяхан болж өнгөрсөн Шороон нохой жилийн Цагаан сарын баяраар нэг айл дунджаар 1.075.000 төгрөгийн зардал гаргасан гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргасан байна. Энэ мөнгө нь 2016 онтой харьцуулвал 72.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Улаанбаатар хотын нэг айл дунджаар 1.135.000 төгрөгийн зардал гаргасан бол орон нутгийн айл өрхүүд 1.031.000 төгрөгийн зардад гаргаж Цагаан сараа тэмдэглэсэн тооцоо гарчээ. Судалгаагаар Улаанбаатарын айл өрхүүдийн 80 хувь нь Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэсэн тооцоо гарсныг судалгааны байгууллагууд тэмдэглэж байна. Тэгвэл тэдгээр айл өрхүүдийн 59 хувь нь банкнаас зээл авч Цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлсэн тухай тооцоо гарсан гэнэ. Товчхондоо Цагаан сар ихэнх айл өрхүүдийн өрийг нэмэгдүүлсэн бол бизнес эрхлэгчдэд ахиухан ашиг орлого оруулсан нь харагдаж байгаа юм. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2016 оны эцсийн байдлаар Улаанбаатарт 380 мянган өрх айл байдгаас нэг айл дунджаар 1.135.000 төгрөгөөр Цагаан сар тэмдэглэсэн гэж тооцвол нийслэлчүүд нийтдээ 350 орчим тэрбум төгрөгөөр сар шинийн баяраа тэмдэглэсэн болж таарч байна. Нийтдээ Монгол Улсын 860 гаруй мянган өрх айлын 67 хувь нь буюу 577.8 мянган өрх айл Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд эдгээр айлууд нийтдээ 766 тэрбум төгрөгийн зардал гаргаж Цагаан сараа тэмдэглэснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Д.Түвшин
Сэтгэгдэл (6)