Саяхан АНУ-ын “Washingtontimes.com” сайтад Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал болоод Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуульд өрсөлдөхдөө барьсан бодлого, БНХАУ болон Монголын харилцааны тухай нэгэн нийтлэл орсныг уншигчиддаа сонордуулж байна.
Топ бизнесмэнүүд Ерөнхийлөгч, парламентын гишүүн болох тохиолдол элбэг байдаг билээ. Тэдний барьдаг гол баримтлал нь үндэсний үзэл, эрх ашгийг нэгт тавьж, эдийн засаг, нийгмийн асуудлыг сүүдэрт үлдээдэг. Сонгуульд өрсөлдөгчдийн барьдаг энэ үзэл нь энгийн хэрнээ, тулсан үед ард түмнийг хоёр хэсэг болгон хуваах чадалтай, шууд сэтгэл зүйд чиглэсэн онцгой асуудал юм.
Та бүхэн бидний ярьж буй хүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гэж бүү бодоорой. Бид Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын тухай ярьж байна. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Х.Баттулга нь өмнө нь Монгол Улсын Их Хуралд гурван удаа сонгогдон ажилласан туршлагатай улстөрч төдийгүй, чадварлаг бизнесмэн юм.
Баялаг түүхтэй, Монгол Улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүнд байдлыг даван туулж байна. Хэдий уул уурхайн салбарын хэд хэдэн төсөл үйл ажиллагаагаа явуулж буй ч улс орны эдийн засгийг өргөх хангалттай ашиг ноогдуулж чадахгүй байсаар сүүлийн арваад жилийн нүүрийг үзжээ. Энэ бол Х.Баттулгын өөрчлөхөөр зорьсон гол зүйл юм.
Түүнчлэн, Монгол Улсын 2017 оны тавдугаар сард ОУВС-тай хийсэн тусламжийн гэрээ нь байдлыг улам хүндрүүлсэн бөгөөд ядуурлыг нэмэгдүүлж, татварын хувийг ахиулж, олон улсын өөр төрлийн тусламж, санхүүжилтийг хязгаарлаад байна. Эдийн засгийн өсөлт дэвшил үгүй энэ цаг үе нь Монгол Улс оршин тогтнохын тулд урд хөрш БНХАУ болон ОУВС-д бүх итгэл найдвараа даатгажээ.
БНХАУ, болон Монгол Улсууд хэдэн мянган жилийн өмнөөс дайсагнаж, олон зуун тулааныг хийсэн бөгөөд хятадын "Цагаан хэрэм"-ийг Монголчуудаас хамгаалахын тулд хэдэн зууны өмнө босгосон түүхтэй.
Харин одоо Монгол Улсын эдийн засагт БНХАУ-ын үзүүлэх нөлөө маш өндөр болсон. Шинэхэн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ байдлыг үгүй хийнэ хэмээгээд “Монгол Ялна” гэсэн уриан дор улс орноо нэгд тавина гэсэн бодлогыг барьж сонгуульд оролцсон юм. Хятадын нөлөөг багасгахын тулд тэдэнд гаднын өөр түнш хэрэг болж буй бөгөөд одоогоор хойд хөрш ОХУ-тай харилцаагаа бататгахаар ажиллаж байна. Мөн АНУ, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Европын Холбоотой харилцаа тогтоохыг эрмэлзэн ажиллаж байгаа юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын нөлөөллөөс гарах оролдлогууд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд Монголбанкаар дамжуулж Хятадын харьяаны уул уурхайн компаниудаас ноогдол ашиг авахаар, хяналт тавьж эхэлжээ. Мөн тэрээр хоёр улсын харилцааг дан ганц муутгах зорилгогүй бөгөөд зөвхөн хэт нөлөөллөөс л гарах хүсэлтэй юм. Одоогоор тэрээр Тавантолгойн нүүрсний ордоос түүхий нүүрс БНХАУ-руу экспортлох зориулалттай төмөр замын шугам тавихыг ч дэмжин ажиллаж байгаа.
Түүний хамгийн том саад бэрхшээлүүдийн нэг нь Монгол Улсын парламент буюу УИХ нь гэнэ. Тэрээр Ардчилсан намын гишүүн бөгөөд УИХ-д тэдний нам сөрөг хүчин буюу цөөнхийн байр сууринд ажилладаг учир парламентаас ирэх дэмжлэг тун бага.
Өөрийн үйл хэргээ үргэлжлүүлэхийн тулд тэрээр эсрэг талын байр суурьтай Монгол Ардын Намынхныг “Монгол Ялна” гэдэгт итгүүлэн, хамтран ажиллах шаардлагатай болоод байгаа.
Хөрш орнуудынхаа нөлөөнд олон жилийг үзэж буй, эдийн засгийн хүндрэлтэй Монгол Улсын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга түүхийн шинэ хуудас нээхийг оролдож буй нь илт. Түүний сонирхолтой хувь хүн болоод удирдагч шинж чанараар Монгол Улсыг дахин ялуулах, хэцүү цагийг даван туулах боломжтой буюу хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгааг ОУВС болон Дэлхийн банкны зүгээс тэмдэглэж байгаа юм.
Д.Түвшин
Сэтгэгдэл (6)