.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Мал эмнэлэг үржлийн газрын Мал эмнэлэгийн хэлтсийн дарга Б.Цолмон нар Булган, Орхон аймгийн удирдлагуудтай шүлхий өвчний нөхцөл байдлын талаар цахим хурлыг өнөөдөр Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд хийжээ. Хурлаар шүлхий өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох газрын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн байна. Тухайлбал, шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын постыг чангатгах, иргэдийн ундны усны асуудалд анхаарах, голомтын болон хяналтын постуудад ажиллаж байгаа алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах, мэргэжлийн байгууллагууд мэдээллээ солилцон харилцан уялдаатай ажиллахыг үүрэг болгов.
Өнөөдрийн байдлаар малын гүц халдварт шүлхий өвчний улмаас есөн аймгийн 15 суманд хөл хорио тогтоогоод байгаа аж. 2018 он гарсаар Дорноговь аймгийн Эрдэнэ суманд хөл хорио тогтоосон бол хамгийн сүүлд Цагаан сарын битүүний өдөр Орхон аймгийн Жаргалант суманд шүлхий өвчин гарсан нь тодорхой болсон юм. Одоогоор Дорноговь аймгийн Эрдэнэ, Дундговийн Дэрэн, Гурвансайхан, Дэлгэрцогт, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Өвөрхангайн Бүрд, Өмнөговь, Сүхбаатарын Онгон, Говьсүмбэрийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалантад гарсан шүлхийн улмаас 2411 толгой мал устгалд оруулж, 130 гаруй мянган толгой малыг вакцинжуулжээ. Булганы Рашаант, Гурванбулаг, Орхоны Жаргалант сумд шинээр шүлхий өвчний голомт болсон нь малын вакцинжуулалт хангалттай хэмжээнд хийгдэж чадахгүй байгаатай холбоотой гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж, энэ талын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг Засгийн газрын хэмжээнд анхаарах цаг болсон хэмээн ярьж байгаа юм.
Д.Түвшин
Сэтгэгдэл (3)