БНСУ-ын Пёнчон хотод болж байгаа цагаан олимпийн нээлтээр хоёр Солонгосын тамирчид нэг туган дор жагсаж, эмэгтэй хойккейн баг хамтран тэмцээнд оролцсон. Үүнээс гадна Умардын өндөр дээд хэмжээний төлөөлөгчид өмнөд хөршдөө зочилж, олмпийн нээлт үзэж сонирхож, дээд түвшний хүрээнд уулзалт яриа боллоо.
Тодруулбал, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон болон тус улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж ярилцсан. Товчхондоо их спортын шүхэр дор үндэс үгсаа нэгт ахан дүүс эе эвээ хичээж ойртон дотносох алхам хийлээ. Мэдээж, энэ нь Солонгосын хойгийн амар амгалан байдалд эерэг хандлага болно.
Олимпийн тоглолтын нээлтэнд хүрэлцэн ирсэн дэлхийн улс орнуудын удирдагчдын нэг нь АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс байв. АНУ бол БНАСАУ-ын хувьд №1 дайсан. Гэвч хүн хэлээрээ гэдэг шиг олимпийн энэ тоглолт хоёр орны төлөөлөгчдийн хувьд уулзах таатай боломж байсан юм. Харамсалтай нь энэ боломж талаар болсон. Бүр товлогдоод байсан уулзалт гэнэт цуцлагдсан нь анхаарал татахаас аргагүй. Буруутан нь хэн байв гэдэг нь бүрхэг хэвээр байгаа.
Олимпийн тоглолт эхэлсний маргааш буюу энэ сарын 10-нд Майк Пенс Умардын удирдагч Ким Чен Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон болон БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нартай уулзахаар товлогдоод байсныг Washington Post сонин мэдээлсэн. Харин энэ сонины мэдээлснээр уулзалт эхлэхээс ердөө хоёрхон цагийн өмнө цуцлагджээ. Дэд Ерөнхийлөгч Майк Пенс Пхеньянын эсрэг “хүч түрэмгийлсэн увайгүй” мэдэгдэл хийсний дараа Умардын төлөөлөгчид уулзалтыг цуцлах шийдвэр гаргасан хэмээн Washington Post мэдээлж байв.
АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Хезер Науэрт хэвлэлийнхэнд хандан энэ уулзалтын талаар “Дэд Ерөнхийлөгчийн Өмнөд Солонгост хийсэн саяхны айлчлал нь холбоотны харилцаагаа бататгах, олимпод оролцож байгаа Америкийн тамирчдаа дэмжих зорилготой байлаа. Энэ үеэр мөн Умард Солонгосын төлөөлөгчидтэй богино хугацааны уулзалт хийх боломж бас бүрдсэн юм. Дэд Ерөнхийлөгч энэхүү боломжийг ашиглахад бэлэн байсан бөгөөд Умардуудыг баллистик пуужин, цөмийн зэвсэг бүтээх хууль бус хөтөлбөрөөсөө татгалзахыг тэдэнд уриалах байв. Гэвч эцсийн мөчид БНАСАУ-ын төлөөлөгчид энэхүү уулзалтыг цуцаллаа. Тэд боломжийг ашиглаж чадсангүй” хэмээн ярьжээ.
Энэхүү уулзалтыг цуцлахад хүргэсэн АНУ-ын дэд ерөнхийлөгчийн Умардын эсрэг хийсэн таагүй мэдэгдэл юу байв.
Майк Пенс Умард Солонгос хүний эрхийг зөрчиж байгааг, түүнчлэн тэнд хоригдож байгаад эх орондоо комын байдалтай ирээд удалгүй нас барсан АНУ-ын иргэн Отто Уормбиерын асуудалд анхаарал хандуулахыг уриалсан мэдэгдэл хийсэн нь уулзалтыг цуцлах шалтгаан болсон гэжээ.
Энэхүү уулзалтад чин сэтгэлээсээ бэлтгээгүй байсан нь төлөвлөсөн уулзалтаас татгалзах шалтгаан болсон байж ч мэдэх юм хэмээн умардуудыг бас буруутгаж байна.
Гэвч зарим эх сурвалжийн мэдээллээр Пёнчонд Дэд ерөнхийлөгч Пенсийн БНАСАУ-ын төлөөлөгчидтэй хийх уулзалтыг АНУ-ын төрийн департамент цуцалсан гэх мэдээлэл бас байгаа юм.
Гэхдээ хоёр Солонгосын харилцаа дулаархад АНУ тийм ч таатаай хандахгүй байгаа гэсэн Умардынхны буруутгал бий. Тухайлбал, БНАСАУ-ын төв хэвлэл “Нодон синмун” сонин “АНУ бүр анхнаасаа Умард, Өмнөдийн харилцаа сайжрахын эсрэг явж ирсэн. АНУ-ын зүгээс БНАСАУ, Өмнөд Солонгосын хоорондын харилцааг сайжруулахад чиглэсэн алхам, бүрдэж буй зөөлөн дулаан уур амьсгалыг үгүй хийхийг санаархаж буй нь зүйд үл нийцнэ” хэмээн бичжээ.
РИА новости-гийн мэдээллээр П.Булган бэлтгэв