ОХУ-ын “Любэ”, “Иванушки International” зэрэг нэрд гарсан хамтлагуудын продюсер Игорь Матвиенко “Иванушки International” хамтлагийн гишүүд байсан Олег Яковлев, Игорь Сорин нарын үхлийг архи, мансууруулах бодисын хэтэрхий хамаарлаас болсон хэмээн “Аргументы и факты” сонинд өгсөн ярилцлагадаа шулуухан дурдсан байна.
“Иванушки International” хамтлагийн дуучин асан Олег Жамсараевич Яковлев 2017 оны зургаадугаар сарын 29-ний өглөө өвчний улмаас дэндүү залуудаа шүтэн бишрэгчдээсээ хагацан одлоо” гэсэн эмгэнэлийн бичиг тухайн үед тарж байсан билээ. Мөн дуучны үхлийн талаар түүний салсан эхнэр Александра Куцевол анхлан мэдээлэхдээ “Элэгний хатуурал өвчнөөр өнгөрлөө” хэмээн мэдээлсэн байдаг. Тэгвэл нэрт продюсер Игорь Матвиенко дуучны үхлийг “Харамсалтай нь Олегийн үхэл бол нэрд гарсан тамирчид, урлагийн одуудын туулдаг харамсалтай төгсгөлийн л нэгэн байсан. Тэрээр сэтгэлийн ганцаардал, урлагийн амьдралын бэрхшээл, ядаргаагаа мартахын тулд бусдын л адил архи согтууруулах ундаа, мансууруулах бодисын хэтэрхий хамааралтай болсон нь түүний зуурдын үхлийн гол шалтгаан болсныг хэлэх ёстой. Би яагаад энэ тухай ярьж байна гэвэл бидний эргэн тойронд байгаа олон сайхан хүмүүс, найз нөхөд маань эдгээр хоронд толгойгоо мэдүүлж, амьдралаас дэндүү эрт буцаж байгаа харамсалтай баримтыг харсаар байж энэ талаар ярихгүй, хүмүүст сэрэмжлүүлэг өгөхгүй суугаад байж болохгүйд л хэргийн учир оршиж байна” гэжээ. Тэрээр мөн Олег Яковлеваас өмнө “Иванушки International” хамтлагийн дуучин байгаад 1998 оны есдүгээр сард зургаан давхраас нисч үхсэн Игорь Сорины талаар “Хэргийн газарт үзлэг хийсэн цагдаа нар түүний архи, мансууруулах бодис ихээр хэрэглэсэн байсныг тогтоосон. Харамсалтай нь зөвхөн Олег Яковлев, Игорь Сорин нар л дэндүү залуудаа архи, мансууруулах бодисын хамаарлаар амьдралаас буцаагүй. Бидний эргэн тойронд эдгээр хорт бодисын нөлөөлөл маш их байгаа учир энэ талаар ярихгүй байж болохгүй. Мэдээж энэ бол маш хүнд сэдэв. Эдгээрийг нэгэнт хэрэглэж эхэлсэн л бол хаяхад маш хэцүү нь ойлгомжтой. Харин эр зориг гаргаад архинаас татгалзаж чадсан хүнд медаль олгох ёстой. Харин мансууруулах бодисыг хаяж чадсанд нь одон олгох хэрэгтэй. Тэгж гэмээнэ Оросын ирээдүйг эдгээр хороос арай жаахан холдуулж болох мэт санагдана” хэмээн үгээ төгсгөжээ.
Дашрамд сонирхуулахад Олег Яковлев нь 1998 онд Игорь Сорин хамтлагаасаа гарсны дараа “Иванушки International” хамтлагтай нэгдсэн байдаг. Түүний анхны дуу “Тополиный Пух” нь тус хамтлагийн хамгийн алдартай дуунуудын нэг болсон билээ. Тэрээр хамтлагаа орхисноос хойш нэг жилийн дараа буюу 2012 оноос ганцаарчилсан уран бүтээлээ туурвиж эхэлсэн байдаг. Олег Яковлев нь 1969 онд тухайн үеийн БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотод төрсөн нь ихэд сонирхолтой баримт юм. Нэгдүгээр ангиа төгссөний дараа эцэг, эхийн хамт ЗХУ руу шилжсэн гэдэг. Дуучны эх нь Орос хэлний багш Буриад эмэгтэй байсан бол эцэг нь Узбек хүн байжээ. Эх нь Буддын шашинтай, эцэг нь муслим шашинтан байсан бөгөөд харин Олег Яковлев өөрөө үнэн алдартны шашинтан байсан талаар түүнийг өнгөрсний дараа “Москвагийн цуурай” радио станц мэдээлж байв.
Ийнхүү ОХУ-ын хамгийн алдартай продюсерын нэг Игорь Матвиенко “Иванушки International” хамлагийн хоёр алдартай дуучны үхлийн шалтгааныг ямар нэгэн өвчин биш архи, мансууруулах бодисын хэтэрхий хэрэглээтэй холбон тайлбарласан нь багагүй дуулиан тарьж эхлээд байгаа аж.
Д.Түвшин