Монгол Улс авто замын чанараар тун таруухан үзүүлэлттэй гэдгийг манай иргэд хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Улстөрчид нь авто замын садбар руу лоббидон орж зам биш “Там” тавьдаг болсоор удаж байгаа гашуун жишээ олон бий. Тухайлбал УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Дамба-Очирын эзэмшлийн компани Төв аймгийн Лүн сумын орчмын замыг тавьсан биш жинхэнэ утгаар нь “Там” болгож өөрөө ч Там-Очир нэртэй болж байсан нь саяхны явдал билээ. Тэгвэл өмнөх УИХ-д сууж байсан Б.Гарамгайбаатар гишүүний мэдлийн “Монроуд” компани Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт орших Дуутын даваанаас Мөрөн сум хүртэлх 50 км хатуу хучилттай замыг хариуцаж барьсан нь бас л жинхэнэ гурилдсан ажил болж тэр зам дээр маш олон осол авар гарч, олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон гашуун түүх бий.
Тэгвэл саяхан Дэлхийн Эдийн Засгийн чуулганаас хийсэн судалгаагаар Ази тивийн маш цөөхөн орон авто замын сайн дэд бүтэцтэй болох нь тогтоогджээ. Тэдний гаргасан үнэлгээгээр Монгол Улс авто замын дэд бүтцийн чанараар Бангладеш, Балба хоёрын өмнө орж сүүлээсээ гуравт жагссан бол дэлхийн нийт улсуудын дотор авто замын чанараар 109 байранд орсон байна.
Харин Ази тивд авто замын чанараар Сингапур улс тэргүүлсэн бол дэлхийд замын чанараараа хоёрт эрэмбэлэгджээ. Ази тивд Япон, Тайвань улсууд замынхаа чанараар Сингапурын дараа жагссан бол дэлхийд Япон тавд, Тайвань 11-д эрэмбэлэгдэж авто зам хамгийн сайн тавьдаг улсуудын тэргүүнд жагсчээ. Тэгвэл БНХАУ авто замын чанараар дэлхийд 39-д эрэмбэлэгдсэн ч, 85.000 км хурдын замынхаа уртаар дэлхийд тэргүүлжээ.
Ийнхүү байнгын засвар арчилгаа хангалтгүй хийдэг, нэг км замын өртгөөс ямар нэгэн аргаар идэж шамшигдуулсаар тун чанар муутай зам тавьдаг Монгол Улс Азидаа сүүлээсээ гуравт, дэлхийд бүр хойгуур 109 дүгээр байранд жагсаж, ямархуу чанар муутай замаар Монголчууд ажил амьдралаа залгуулдаг гэдгээ даян дэлхийд дахиад л муугаар таниуллаа.
Д.Түвшин
Сэтгэгдэл (3)