Норвегийн гүйлтийн цанын домогт тамирчин, “Төмөр хатагтай” М.Бьорген багийн ойрын зайн буухиа уралдаанд хүрэл медаль хүртэж, Пёнчаны олимпиос дөрөв дэх медалиа энгэртээ зүүв. Багийн ойрын зайн буухиа уралдаанд хүртсэн хүрэл медаль нь М.Бьоргенд өвлийн олимпийн наадмын бүх цаг үеийн хамгийн олон медальтай тамирчин болох эрхэм алдрыг хайрласан юм.
Пёнчаны олимпод ирэхдээ М.Бьорген олимпийн наадмын 10 медальтай байсан бөгөөд алдарт тамирчин маань 4х5 км-ын буухиа уралдаанд алт, 15 км-ын скиатлон төрөлд мөнгө, 10 км-ын чөлөөт болон багийн ойрын зайн төрөлд тус бүр хүрэл медаль, нийт дөрвөн медаль хүртэж, 14 дэх медалиа авсан билээ. Ийнхүү М.Бьорген өвлийн олимпийн наадмаас 14 медаль хүртэж “Биатлоны хаан”, нутаг нэгт тамирчин алдарт Оле Эйнар Бьорндалены олимпийн наадмаас 13 медаль хүртсэн амжилтыг даван гарч, өвлийн олимпийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн дээд амжилтын эзэн боллоо.
Өвлийн олимпиос 14 медаль хүртсэн “Төмөр хатагтай”-н талаар товч танилцуулвал М.Бьорген 1980 оны гуравдугаар сарын 21-нд Норвегийн баруун нутгийн Тронхейм хэмээх 200 мянган хүн амтай хотод мэндэлжээ. Тэрээр анх 7 настайдаа цанатай нөхөрлөж эхэлсэн бөгөөд 19 настайдаа Дэлхийн цомын дебьют уралдаанаа хийж байж. Түүнийг насанд хүрэгчидтэй анх уралдаж эхлэх үед гүйлтийн цанын ертөнцөд Оросын Л.Лазутина, Италийн С.Белмондо, Чехийн К.Нойманова болон нутаг нэгт тамирчин Б.Скари нарын тамирчид алдар нэрээ цуурайтуулж байв. Тэдэнтэй ана мана өрсөлдөж эхэлсэн залуу М.Бьорген анхны том тэмцээний медалиа 2002 оны Солт-Лейкийн олимпийн наадмын багийн буухиа уралдаанд мөнгөн медаль хүртсэнээр эхлүүлж байв. Түүнээс хойш М.Бьорген өнөөдрийг хүртэлх хугацаанд Олимпийн наадмаас 7 алт, 4 мөнгө, 3 хүрэл, ДАШТ-ээс 18 алт, 5 мөнгө, 3 хүрэл, Дэлхийн цомд нийлбэр дүнгээр 4 удаа цомын эзэн болж өөр хүн тогтоохын аргагүй гайхамшигтай амжилт гаргасан байдаг.
М.Бьорген Норвегийн цанын хоёр төрөлтийн тамирчин Ф.Лундбергтэй хамтран амьдардаг бөгөөд хосууд 2015 оны 12 сард анхны хүү Мариусаа өлгийдөн авчээ. Хүүгээ төрүүлснээс хойш 2016-2017 оны Дэлхийн цомын улиралд цасан замдаа эргэн ирсэн гэдэг. Өдгөө тэр олимпийн медалийн тоогоо дахиад ч нэмэх боломж бий. Учир нь Пёнчаны олимпийн наадмын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 30 км-н сонгодог төрлийн уралдаан түүнийг хүлээж байгаа. М.Бьорген Сочигийн олимпийн наадамд дээрх төрөлд түрүүлж алтан медаль хүртэж байсныг үзэгчид санаж байгаа. Иймд олимпийн медалийн тоогоо 15 болгох ч боломж М.Бьоргенд байгаа юм. Хэрвээ 30 км-ын сонгодог төрөлд түрүүлвэл нэг олимпиос 5 медаль хүртсэн гайхамшигт амжилтын эзэн болох юм.
Д.Түвшин