Дэлхийн спортын шилдэг нэвтрүүлэг, амжилт бүтээл, сонин сайхан уралдаан тэмцээн, алдарт тамирчдын ур чадвартай агшин бүрийг Монголын үзэгчдэд цаг алдалгүй хүргэсээр ирсэн “ Эс Пи Эс Эйч Ди” телевиз дөрөв дэх жилдээ хүргэж байна. Спорт сонирхогчид болон хүүхэд залуусын үзэх дуртай энэ телевизийн ТУЗ-ийн даргаар Монгол Улсын хүчит гарьд Ц.Цэрэнпунцагийн том охин Ц.Пүрэвжаргал ажилдагийг мэдэхгүй хүн олон байгаа нь тодорхой. Үзэгчдийн таашаалд нийцсэн телевизийн ТУЗ-ийн даргаар амжилттай ажиллаж яваа Ц.Пүрэвжаргалын талаар уншигчиддаа товчхон танилцуулах үүднээс энэхүү материалыг оруулж байна.
Үндэсний бөхчүүд дотроос хамгийн өндөр боловсролтой нь Монгол Улсын гарьд П.Цэрэнпунцаг гэдгийг бөх сонирхогчид андахгүй. Зургаан залуу заан бөхийн дэвжээнд ид хүчтэй байхад, Ц.Цэрэнпунцаг гарьд боловсрол мэдлэгээ дээшлүүлэхээр Америкийг зорьж байсан түүхтэй. Ингээд Ц.Цэрэнпунцаг гарьд ч, үр хүүхдүүд нь ч Америкт суралцаж том охин Ц.Пүрэвжаргал нь 2016 оны хавар Санфранцискогийн их сургуулийг төгсчээ. Охин нь сургуулиа төгсөнгүүтээ гэр бүлийн амьдралаа эхлүүлж үе тэнгийнхээ Б.Мөнхтөр гэдэг залуутай хуримласныг Монголчууд дуулж мэдсэн. Намрын дунд сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр буюу 2016 оны есдүгээр сарын 5-нд Бүтэмжийн Мөнхтөр Цэрэнпунцагийн Пүрэвжаргал хоёр гал голомтоо бадрааж, хуримын гэрч зочин болж олон хүн уригдан очсон байдаг. Найзууд нь Пушки хэмээн дууддаг Ц.Пүрэвжаргал бүсгүй гарьдын ууган охин бөгөөд тэрбээр 2016 оны тавдугаар сард Санфранцискогийн их сургуулийг онц дүнтэй дүүргэжээ.
Ц.Цэрэнпунцаг гарьдын хувьд АНУ-ын Сан-Франциско хотод гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд хотынхоо хамгийн баян гэр бүлүүдтэй мөр зэрэгцэн амьдарч байгаа юм. Товчхондоо, Сан-Францискогийн баячууд түүний хөрш аж. Цаг ямагт хэвлэлийнхнээс зайгаа барьж явдаг Ц.Цэрэнпунцаг гарьд гэр бүлээ ихэд нууцалдаг. Чухам тиймдээ ч нутгийн бүсгүйтэй дэр нэгтгэж гурван хүүхэдтэй болсныг нь Монголчууд нэлээн хожуу мэдэцгээсэн билээ. Эхнэр Ойгонжаргал нь “Жем интернейшнл” компанийг нь удирддаг гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй. Харин том охин нь ийнхүү Монголчуудын үзэх дуртай спортын сувгийг удирдан амжилттай ажиллаж явна. Тэрээр телевизийнхээ нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлж “Дэлхийн спортын торгон агшин бүрийг үзэгчиддээ хүргэнэ” хэмээн ирээдүйгээ тодорхойлж байгаа ажээ.
Д.Түвшин
Сэтгэгдэл (5)