БНМАУ-ын 16 дахь Ерөнхий сайдаар 1984 оны 12 дугаар сарын 12-ноос 1990 оны гуравдугаар сарын 21-ний өдөр хүртэл ажиллаж байсан Думаагийн Содном гуай өндөр насныхаа тэтгэвэрт гарсны дараа Монгол Улсын зөвлөх инженер, Ерөнхий сайд нарын зөвлөх гээд олон ажил зэрэгцүүлэн хийсээр олон жилийг үдэж байгаа. Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Д.Содномд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2013 оны 11 дүгээр сарын 4-нд буюу эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Чингис хааны одон гардуулан өгч байсан билээ. Их эзэн Чингис хааны мэндэлсэн тэрхүү өдрийг Монгол бахархлын өдөр болгон зарлаж жил бүр Чингисийн одонг Монгол Улсын улстөр, эдийн засаг, соёл урлаг, спортын салбарт их амжилт гаргасан эхмүүдэд олгодог уламжлал тогтоод байгаа билээ. Нэрт эдийн засагч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай албуудыг хашиж байсан Д.Содном гуай сүүлийн жилүүдэд дурдатгал бодол, дурсамжийн номон дээрээ ажиллаад жаахан зав муутай байгаагаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан. Тэгвэл саяхан Д.Содном гуай 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын амьд гэрчийн хувьд “Өлсгөлөн зарлаж, огцролт болж, өөрчлөлт эрчимжсэн түүхээс” хэмээх ном бичсэн нь хэвлэльээс гарч уншигчдын гар дээр очжээ. Тэрээр уг номоо “Ардчилсан хувьсгалын бодит түүхийг гуйвуулалгүй хожмын уншигчдад хүргэхэд тус нэмэр болох болов уу. Миний энэ номонд 1990 оны гуравдугаар сарын 8-ны орой Монголын Үндэсний телевизээр шууд дамжуулсан уулзалт ярилцлагын бичлэг ямар ч засваргүй бүрэн эхээрээ орсон нь түүхийн чухал баримт болно гэж бодож байгаа” хэмээн бичсэн номынхоо агуулга, түүхэн эх сурвалжийн хувьд ямархуу үнэ цэнэтэйг тодорхойлсон байна.
Д.Түвшин
Сэтгэгдэл (1)