УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татсантай холбогдуулан уг асуудлыг парламент хэлэлцэхээр болсон байна. Эрхэм гишүүнд түүнийг эгүүлэн татах тухай тогтоолыг нь танилцуулахаар прокуророос дуудсан боловч ирээгүй аж. Нийслэлийн Прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман "Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад тулгуурлан УИХ-ын гишүүн Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар мөрдөгч болон прокуророос хэд хэдэн удаа дуудсан боловч эрхэм гишүүн орон нутаг, гадаадад ажилтай байгаа нэрийдлээр ирээгүй. Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хэн ч бай прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд ирэх үүрэгтэй. Ирээгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Мөн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудсан сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн дагуу баривчлах үндэслэл болдог.
Улсын их хурлын гишүүн Д.Гантулгын хувьд УИХ-ын тухай хуульд зааснаар гишүүний бүрэн эрхийн зохицуулалт байгаа хэдий ч иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Ийм ч учраас Үндсэн хуулийн цэцийн "УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх хэсэгт заасан "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэж заасныг хүчингүй болгосон тогтоол гарсан. Энэ утгаараа прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараа дараагийн арга хэмжээ болох шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг явуулж байна. Цаашид прокурор, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараагаар хуульд заасан тодорхой төрлийн ажиллагаануудыг хийнэ” гэжээ. Ийнхүү парламентын хамгийн залуу гишүүн ах эгч нартай "баяртай” гэх үгийг хэлэхээр болж байна. Түүний хувьд УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан. Тэгвэл одоо тус тойрогт УИХ-ын нөхөн сонгууль явагдана.
Сонгуулийн тухай хуулийн 137 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудлыг нөхөх
137.1. Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явагдана.
137.5.Бие даан нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явагдана.
137.6.Дараах тохиолдлыг Улсын Их Хурлын гишүүний орон гарсан гэж ойлгоно:
137.6.1.Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдсөн;
137.6.2.Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татсан;
137.6.3.Улсын Их Хурлын гишүүн нас барсан.
Эдүгээ УИХ-ын42 дугаар тойрогт хэн, хэн өрсөлдөх нь олны анхаарлыг татах нь дамжиггүй. Эх сурвалжуудын бичиж байгаагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар энэ тойрогт нэр дэвшихээр зэхэж байгаа гэх. Ямартай ч ирэх хаврын чуулган дуулиантайгаар эхлэх нь тодорхой боллоо. Бас улс төрч бужигнаж өнгө хорших биз.
Э.Мөнгөн
Сэтгэгдэл (31)