Монгол Улсын Засгийн газар төсөв санхүүгийн хүндрэлийг даван туулах гарц гаргалгааг эрэн сурвалжилсаар байна. Олон улсын зах зээл дээрээс хөрөнгө мөнгө босгох ажиллагааг ч зохион байгуулсаар. Өнгөрсөн жилийн хүнд үеийг ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөр давчихсан. Гэхдээ элгээрээ хэвтсэн, эмнэлгийн орон дээр дусал залгуулан буй эдийн засгийг илааршуулж чадаагүй. Яах вэ, бурхны оронд залчихгүйхэн амь тариа маягаар л тэтгэсэн гэхэд болно. Эдийн засаг одоо хэр нь сэхэл аваагүй явна. Төр бүсээ чангалж, хэмнэлт хийх арга бодож л суугаа. Тэгвэл хэмнэхийг огт мэддэггүй газар байх юм.
Бүр хэдэн тэрбумаар цацаж, шагнал урамшуулал өгч байх жишээтэй. Улс ядуу, хүнд байгаа гэх энэ цагт ийм хэмжээний хөрөнгийг урамшуулалд зарцуулах нь хэр оновчтойг хэлж мэдэхгүй юм. Магадгүй хармаанд багтахгүй түнтийж, зарцуулчих ажил байгаагүй учир тэр биз. Тодруулбал, НИТХ-ын дарга С.Амарсайхан тогтоол үйлдэж ийм ажиллагаа зохион байгуулсан ажээ. Түүний гарын үсэгтэй урамшуулал олгох тухай тогтоол сошиал ертөнцөөр дэмий тэнэж явах нь хачирхалтай. Учир мэдэх нэгнээс энэ талаар лавлахад НИТХ-ынхаа төлөөлөгчдөө урамшуулсан хэмээн хэлэх. Мөн ч өгөөмөр зан гаргаж, тэрбум төгрөгөөр тоглосон байх юм.
С.Амарсайхан даргын хувьд энэ хэмжээний мөнгө юу ч биш болов уу. Харин төсөв нь хүндэрч байгаа төр засагт ямар хэмжээний хөрөнгө бол. Ядаж л ганц цэцэрлэг, сургууль барьчихаж болох. Гэтэл бүтээн байгуулалт байтугай, ганц хадаас худалдаж авалгүй, хоёр тэрбум төгрөгөөр төлөөлөгчдөө урамшуулсан нь хачирхалтай.
Монгол түмний баяр Цагаан сарын өмнөхөн уг урамшууллаа өгөх тогтоол үйлдэж, гарын үсгээ зуржээ. Өөрөөр хэлбэл, энэ оны хоёрдугаар сарын 9-нд НИТХ-ын тогтоол гарсан байна. Тогтоолд тусгаснаар хэд хэдэн тогтоол шийдвэрийг үндэслэж, НИТХ-ын 2017 оны тавдугаар сарын 30-ны 87 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор урамшуулал өгөх бичиг бэлэн болжээ. Ерөнхийдөө 87 дугаар тогтоол хүчингүй болсон учир НИТХ-ын төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах зардал нэртэй урамшуулал олгогдох үүд хаалга нээгдсэн байгаа юм. С.Амарсайхан дарга төсөв санхүүгийн байдал хүндэрсэн энэ үед яагаад ийм их хэмжээний хөрөнгийг тойрогтоо ажиллах зардал нэртэйгээр урамшуулал болгон тараах болов гэдэг ч хэн хүний сонирхлыг татсан хэвээр байна.
Нийслэлийнхний төсөв түнтийгээд, өвөрт нь багтахгүй явна уу. Нэг төлөөлөгчид ноогдох хувийг бодвол хэдэн арван саяар хэмжигдэхээр байгаа. Тийм их мөнгөөр тойрогтоо ажиллана гэдэг юу л бол. Талаас илүү нь төлөөлөгчдийн халаасанд орох нь гарцаагүй. Үүнээс харвал татвар төлөгчдийн мөнгийг хулгайлж байгаатай зүйрлэж болохоор. Ер нь, тэгээд тогтоолд тусгаснаар тойрогтоо ажилла гэсэн нэртэй урамшуулал шүү гэх утга харагдаад амжсан. Тойрогтоо ажилладаггүй нөхдүүдийг ажиллуулахын тулд өгч ч байгаа мэт. Хоёр тэрбумаар тарааж байж л НИТХ төлөөлөгчдөө тойрогт нь ажиллуулдаг бололтой. Мөнгө өгч байж сонгогдсон тойрогт нь ажиллуулна гэдэг бол яах аргагүй шинэ жишиг. Уг жишгийг С.Амарсайхан дарга тогтоож байна уу. Өнөөдөр шийдлээ хүлээсэн олон асуудал нийслэлд байгаа. Хотын утаа, хөрсний бохирдлыг жил бүхэн ярьсаар өнөөг хүрлээ. Хаврын урин дулаан цаг айлчилж, нийслэл хот утаан дундаас сүүмийн харагдах хэмжээнд ирж байна. Ядаж утаа, хөрсний бохирдолтой тэмцэхэд уг мөнгийг зарцуулсан бол иргэдийн хурлын хэдэн төлөөлөгчөө баярлуулахаас илүүтэй их хотын иргэд алга хавсран суух байсан болов уу.
Энэ мэтээр тансаглаж байх зуур төр засаг нь эдийн засагт эрчимт эмчилгээ хийхээр тархиа гашилган сууна. Тэгвэл НИТХ-ын дарга С.Амарсайхан тэрбум тэрбумаар нь урамшуулал олгож байна, төрийн дээдсүүд ээ.
Сэтгэгдэл (15)