Өнөөдөр Олон улсын Эмэгтэйчүүдийн баяр, тэдний эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр дэлхийн ихэнх орны эмэгтэйчүүдийн адил Монголын мянга түмэн сайхан ээжүүд, энэрэлт сайхан бүсгүйчүүд, үзэсгэлэнд охидууд маань баяраа тэмдэглэж хөөр баяртай өнгөрүүлж байгаа. Тэгвэл мөн л энэ өдөр Японы мэргэжлийн сүмод Монголын бөхчүүдийн анхдагч болж анх удаа дээд зиндаанд дэвшин барилдаж комүсүби цол хүртэл ахиж явсан Д.Кёкүшюзан Батбаярын 46 насны ойн баярын өдөр юм. Тэрээр 1973 оны энэ өдөр Ховд аймгийн төв Ховд хотод мэндэлсэн хүчтэн билээ. Өнөөдөр тэрээр Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллахын зэрэгцээ "Кёкүшюзан хөгжил сан"-аараа дамжуулан Монголын нийгмийн сайн сайханд чиглэсэн олон арван ажлуудыг санаачилж, бодит ажил болгон хийж хэрэгжүүлсээр яваа нэгэн билээ. Тухайлбал жил бүрийн сарын шинийн битүүний өдрөөр цагаан сарын барилдаанд амжилттай барилдсан ахмад бөхчүүддээ өргөө цагаан гэр бэлэглэж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Энэ жилийн тухайд энэхүү хүндтэй шагналын эзнээр Говь-Алтай аймгийн харьяат Монгол Улсын начин, МУГЖ С.Эрхэмбаяр тодорч, сангийн тэргүүн Д.Кёкүшюзан Батбаяр таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулсан өгсөн юм.
Үүний зэрэгцээ “Кёкүшюзан хөгжил сан"-гаас Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан жил бүрийн энэ өдөр улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эгэл жирийн ээжүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод удаж байна. Энэ жилийн тухайд нийслэлийн есөн дүүргийн 90-106 настай есөн бахархалт ээжүүдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардууллаа.
Нийслэлийн есөн дүүргийн есөн бахархалт ээжид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ дөнгөж саяхан төрийн ордын зүүн талд орших “Пума Империал” зочид буудлын хүндэтгэлийн танхимд болсон юм. Энэ хүндэтгэлийн арга хэмжээний хүндтэй зочдоор Налайх дүүргийн иргэн 90 настай Х.Цэрэннадмид, Хан-Уул дүүргийн иргэн 96 настай С.Бүжин, Чингэлтэй дүүргийн иргэн 106 настай Б.Ундаа, Сүхбаатар дүүргийн иргэн 95 настай Д.Бадамжав, Багахангай дүүргийн иргэн 90 настай Д.Аюуш, Багануур дүүргийн иргэн 100 настай С.Цэндээ, Баянгол дүүргийн иргэн 95 настай Ц.Рэгзэдмаа, Баянзүрх дүүргийн иргэн 93 настай Ч.Бужаа, Сонгинохайрхан дүүргийн иргэн 97 настай Б.Нордов нар уригдан оролцож МУГЖ С.Эрхэмбаярын дуулсан Монгол ардын уртын дууны ая эгшигэнд уярч, дэлгэр сайхан яриа өрнүүлж, сэтгэлийн цэнгэл эдэлцгээсэн юм.
Энэ хүндэтгэлийн арга хэмжээний завсарлагаанаар төрсөн өдрөө тэмдэглэж, 100 давсан буянтай буурлуудад хүндэтгэл үзүүлж байгаа МУГТ П.Кёкүшюзан Батбаяр, түүний гэргий МУГЖ Т.Баясгалан болон Чингэлтэй дүүргийн иргэн, 106 настай азай буурал Б.Ундаа нараас сэтгэгдлийг нь сонсож яриа өрнүүлснээ уншигч танд хүргэж байна.
Д.Кёкүшюзан Батбаяр: Төрсөн өдрөөрөө буянтай буурлууддаа хүндэтгэл үзүүллээ
-Өөрийн тань хувьд төрсөн өдрөөрөө буюу Эмэгтэйчүүдийн баяраар настан буурлуудад хүндэтгэл үзүүлдэг энэ сайхан уламжлал хэд дэх жилдээ зохион байгуулж байна?
-За байз тоог нь яг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн энэ сайхан Монголын ард түмнийхээ хишиг буяныг хүртэж, хайр энхрийллийг нь мэдэрч явдгийн хувьд буянтай буурлууд, 100 давсан энэ сайхан ээжүүд, эмээ нартайгаа энэ өдрийг баяр жаргалтай өнгөрүүлэх үнэхээр сайхан байдаг юм. Энэ сайхан буурлуудаа баярлуулж, сургааль үгийг нь сонсож, буянтай сайхан ерөөлийг нь сонсох шиг тэнгэрлэг сайхан зүйл энэ хорвоод өөр бий гэжүү. Өнөөдөр энд 100 гарсан настай буурлууд ирсэн болохоор “100 насыг наслаарай Зургаадай таяг тулаарай” гэдэг ерөөл багадаж байгаа юм. Энэ сайхан буянтангуудад зориулж миний хань Т.Баясгалан “Ерөөл багадах үе ирдэг юм байна. 100 гарсан эдгээр настангуудад 200 насыг наслаарай. Мөнхийн ус хүртсэн шиг мөнхөд амьдраарай. Бурхан та бүгдэд маш их хайртайгаа үр удам болон бид бүхэнд харууллаа” хэмээн сэтгэлийнхээ үгийг хэллээ. Үнэхээр харахад л хайр хүрмээр, өхөөрдөм хөөрхөн эмээ нар цугларсанд би болон миний хань үнэхээр сэтгэл дүүрэн, аз жаргалтай байна.
-Сая та өөрийн эхнэр МУГЖ Т.Баясгаланд “Ханьдаа” хэмээх өөрт нь зориулсан 1000 орчим шүлэгтэй номоо Сарнай цэцгийн хамт бэлэглэлээ. 1000 Сарнай барьснаас 1000 шүлэгтэй ном бэлэглэхэд арай өөр мэдрэмж төрж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Шал өөр, амьд мэдрэмж төрдөг юм байна. Хайртай гэргийгээ баярлуулсандаа би өөрөө ч их сэтгэл хөдөлж, бас баярлачихлаа. Эрчүүд минь жилийн ганц ч гэсэн энэ өдрийг жинхэнэ утгаар нь хайртай гэргий, хөөрхөн охидууддаа чин сэтгэлээсээ зориулж байгаарай. Уг нь манай Монгол эрчүүд дэлхийн аль улсын эрчүүдээс ухаанаараа давж л гарна уу гэхээс огтхон ч дутахгүй хийморьтой, золбоотой хүмүүс юм шүү дээ. Хань ижлээ баярлуулж, чин сэтгэлийн бэлгээ барьж байгаарай эрчүүд минь. Ингээд энэ сайхан өдрийн баярын мэндийг Монголынхоо бүх сайхан эмээ, ээж нар, үзэсгэлэн гоо бүсгүйчүүд, хөөрхөн сайхан охидууддаа хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
МУГЖ Т.Баясгалан: Ерөөл багадмаар сайхан буурлууд цуглалаа
-Сая та хоёр Монголчуудын дуулах дуртай “Мөнхийн ус” хэмээх ээжийн тухай сайхан дууг энд цугласан 100 настай буурлууддаа зориулан дуулсан. Бас “Мөнхийн рашаан хүртсэн шиг мөнхөд амьдарцгаагаарай” хэмээн ерөөл хэллээ. Ер нь энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд “Мөнхийн ус, мөнхийн рашаан” гэдэг үг нэлээн хэрэглэгдэж байна аа даа?
-Нээрээ тийм байна. Эдгээр буянтнуудад хамгийн тохирох үг, ерөөл нь “Мөнхийн рашаан, мөнхийн ус” юм байна. Хөөрхийс хорвоогийн жамаар сонсгол нь жаахан муудацгаасан ч ёстой хөөрхөн, хайр хүрмээр буурлууд байна. Хоорондоо хөгжилтэй юм яриад, 100 гаруй настай мөртлөө Монгол ардын уртын дуугаа дуулж байгааг нь харахад ямар сайхан юм бэ. Нэг буурал маань бид хоёрт зориулан “Баясгалан, Батбаяр хоёр маань тамирчин, дуучин юм чинь хийморь золбоотой байж 100 насыг наслаарай, эмээгийнхээ насыг аваарай” хэмээн ерөөхөд өөрийн эрхгүй нүдийг маань нулимс бүрхээд ирж байсан. Ийм сайхан буянтай буурлуудаа нэг өдөр ч гэсэн баярлуулж, Монгол ардын уртын дууны ухаарал хайрласан аялгуунд бүүвэйлүүлж суух үнэхээр сайхан байлаа. Энэ бүхнийг зохион байгуулсан ханьдаа маш их баярлаж байна.
-Та сая өөрийн хийсэн гарын буузаар настан буурлуудаа дайллаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд зориулан бэлдсэн үү?
-Тэгсэн. Өөрөө амтлаад, чимхээд яг л өөрөө хийсэн бууз. Эмээ нар минь ч их хөөрхөн амтархан идэж байгааг хараад их баярласан. Хүн өндөр насыг наслахаар эргээд хүүхэд шиг болдог гэдэг их үнэн үг юм байна гэж бодож суулаа. Энэ сайхан буурлуудаа газар гишгүүлэхгүй шахам, үүрч дүүрээд аваад ирсэн үр хүүхэд, ач зээ нарт нь ч мөн их баярлалаа. Мэдээж ийм буянтнуудыг цуглуулан баярлуулсан энэ зочид буудалд ч буян хишиг нь ирэх байх. Тэгээд энэ өдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд амралтынхаа цагаас хасан байж хүрэлцэн ирж ард олондоо толилуулж байгаа хэвлэл мэдээллийн ажилтнууд, хөөрхөн охид бүсгүйчүүддээ маш их баярлалаа. Та нар минь бүгдээрээ сайхан баярлаарай.
Чингэлтэй дүүргийн иргэн 106 настан Б.Ундаа гуай: Буянтай сайхан хүүхдүүддээ их баярлалаа
-Энд цугласан 9 буянтнаас та хамгийн өндөр настай нь байлаа. Та эхнээс нь л залбирч мөргөсөөр суугаад дуусгалаа. Ядрав уу?
-Эмээ нь ядраагүй ээ. Харин ч сайхан уртын дуу сонсож, зарим үгийг нь сонсоогүй ч энэ хоёр буянтай хүүхдийнхээ яриаг сонсох гэж их л хичээж суулаа. Энэ сайхан баярт зориуд урьж оролцуулсан буянтай хүүхдүүддээ их баярлалаа, буян нь дэлгэрч яваг ээ.
-Та үр ач, зээ, зээнцэр мэдээж их олонтой болсон байх. Ёстой л “Үрээ танихгүй өнөр” гэдэг үг танд зохих болов уу?
-Өө үр хүүхэд, ач зээ нар минь олон болсоон. Эмээ нь заримыг нь танихгүй андуурах гээд байдаг юм. Сайхан насыг насаллаа. Их баярлаж байна аа эмээ нь. Хүүхдүүд минь эмээгийнхээ насыг аваарай.
Ийнхүү МУГТ П.Кёкүшюзан Батбаяр, түүний гэргий МУГЖ Т.Баясгалан нарын зохион байгуулсан нийслэлийн 9 дүүргийн өндөр настай буурлуудад хүндэтгэл үзүүлэх ёслол дуу хууртай, сайхан яриа өрнөсөн халуун дулаан уур амьсгалд болж өндөрлөлөө. Буянтай буурал эмээ нар, хайртай ээжүүд, энхрий ялдам бүсгүйчүүд, үзсэглэн гоо охидууд минь сайхан баярлацгаарай.
Д.Энхтүвшин
Сэтгэгдэл (2)