Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл хоёр “Зугаацахаар мордсон” нь
Н.Алтанхуяг дарга уг нь биерхүү, царайлаг эхнэртэйг Монголчууд андахгүй. Гэтэл нэг л өдөр мань эрийн толгой эргэж танхимынхаа царайлаг, бас ч гэж нуруулаг сайд Ц.Оюунгэрэлийг Нансалмаа болгож аваад галгиулж гарсан гэж байгаа. Харин тэдний зугаатай аялал хаа хүрч, хэрхэн өндөрлөсөн нь өнөөдрийг хүртэл оньсого болж үлдсэн гэдэг.
УИХ-ын гишүүн асан Д.Арвин
Шаварчин, будагчин, цэвэрлэгч боллоо гээд би шалчийтлаа бууж өгч МАН-ынхныг давруулахгүй. Д.Оюунхорол, Д.Сарангэрэл мэтийнхэн онцолж миний барьсан “Амгалан-3” төрөхийн нээлтэд даналзахыг зөвшөөрөхгүй. Хана таазыг гялалзтал угаана би, хатдын сүнстэй ч хүссэн цагтаа уулзана би. Харин өнөөдөр АТГ гэж ядаргаа дуудаад суулгахгүй байгаа нь л нэг жаахан тиймэрхүү.
Улаанбаатар хотын захираг асан Э.Бат-Үүл
Амарч, ажиллаж сураагүй муусайн юмнууд “Бат-Үүл төсвийн мөнгөөр тансаглаж байж” энэ тэр гэж л байна лээ. Яадгийн би тансаглана, яаж амрахаа Амарбаясгалан мэтийн бацаануудаар заалгаж яваагүй. Тэгж ярьвал ямар мөнгөтэй, ямар царай зүстэй хотыг яаж хөгжүүлж, хэрхэн баяжуулсаныг та нар энэ насандаа ч ухаарахгүй, мэдэв үү. Одоо би Гэр хорооллынхноо толгойлоод III дахь хувьсгалаа хийнэ дээ, яадгийн.
Д.Кёкүшюзан Батбаярын баярхал
Японы мэргэжлийн сүмод Монголчуудын замыг анхлан гаргасан МУГТ Д.Батбаяр гараас нь хөтлөсөөр сүмод оруулсан их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал дүүгийнхээ бэлэглэсэн Индонезийн улаан шүрэн хөөргөөр гангардаг нэгэн билээ. Түүнийгээ ч амь шигээ хайрладаг гэдэг. Ямар сайндаа Цагаан сараар төрийн ордонд золголт хийж явахдаа хөөргийг нь сонирхсон сурвалжлагч бүсгүйд “Хүүе алдаж хагалав. Насаараа төлж дийлэхгүй шүү” хэмээж бүсгүйг дуу алдтал нь айлгасан гэдэг. Юмтай хүн гэдэг мөн ч...
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Намайг та нэг “авсаархан” амьтан л гүйгээд байдаг гэж бодож байна уу. Би чинь тэгвэл “биеэр жижиг ч, бэлчээр том”-той амьтан шүү. Чуулганы танхимд цэц булаалдсан ч буланд шахуулахгүй, биеийн тамирын зааланд жүдо барилдсан ч дээр чинь л унана гэж мэдээрэй. Ялангуяа Х.Тэмүүжин чи анхаарч явахад гэмгүй шүү.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
Хэдэн мал минь буянтай сайхан өсч байна аа. Хүмүүс ямаа, тэмээг хүйтэн хошуутай мал энэ тэр гэж л байдаг юм. Миний хувьд хүйтэн байна уу, халуун байна уу мал л бол мал. Нээрээ ингэхэд ботгоны хошуу хүйтэн юмуу, халуун байдаг юмуу гэдгийг хошуугаа нааж үзээд мэдчихье байз.
МАН-ын бүлгийн дарга асан С.Бямбацогт, НББСШУ-ны байнгын хороон дарга асан Д.Батцогт
Баз хүргэн гэдэг чинь ер нь баараггүй нэг санаатай байхгүй бол болдоггүй юм байна. Мань хоёр чинь яах вэ, чуулгантай үед чанга дуугаралцаж, муухай харалцавч цаагуураа бол нэгнээ үгүйлээд сүйд болдог юм. Ямар сайндаа л хадам ээжийгээ ордонд оруулж, аньсага сормуус нулимастай зогсоцгоож байх вэ дээ, та минь.
ХХАА-н сайд асан Р.Бурмаа
Хөөх энэ чинь ёстой аятайхан цэвэрхэн тос байна шүү дээ. Та нар яг өөрсдөө хийсэн нь үнэн юмуу. Оросоос оруулаад ирсэн юм биш биз. Би нэг жаахан улаан буудай оруулаад ирсэн чинь ёстой барьж идэх гэж байсан шүү дээ. Хүүе та нар өөрсдөө хийсэн юм бол сайддаа ганц хоёрыг бэлэглэнэ биз дээ.
Хууль зүйн байнгын хороон дарга асан Д.Ганбат
Аа бидон тараадаг Ганбат, Эрдэнэтэй зиндаархсан Ганбат энэ тэр гээд олон л зүйл шуугицгааж байсан. Одоо яая гэхэв дээ. УИХ-д гарч ирэх гэж яаж махаа идлээ. Жил хагасын өмнө 2016 оны сонгууль гэж нэг лай болсон. Эртхэн бидон ч болтугай тарааж байгаад хэдэн өвгөд, хөгшдийг элсүүлээд авбал бас ч гэж учиртай даа гэж бодоод үнэхээр зүтгэсэнсэн. Даанч бараагүй дээ. За гайгүй ээ, юм нэгээр дуусдаггүй юм даа. Болгоно доо, болгоно. Би чинь бас ч гэж цэргийн алба хаасан жаатай эр шүү.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай
Хөвсгөл, Увсаар ганцаараа аялсан Герман хүүхнийг чацга царайлсан юмнууд үнэсэх гэж дайрч, бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг санаархсан байгаа юм. Тийм доромжлол үзээгүй Герман бүсгүй тэр талаар нь дэлхий нийтэд мэдээлж зүгээр явсан маниусыг гутаав. Над шиг зоригтойхон барьж аваад үнэсэж чадахгүйгээс хойш чацга царайлаад цаашаа явж байхгүй дүүрчихсэн чацганууд вэ.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
За цаагуур чинь муусайн гуйлгачингууд юу гэж цуурч байна. “Даваасүрэн ямаагаа самнаад тэрбумтан болсон” гэцгээж байна уу. Тэгж л байг. Тэгж ярьвал ажил хийсэн хүн ам тостдог хорвоо шүү дээ хө. Ноднин хавар Хөвсгөлийн хэдэн сумдаар халтуур хийж ямаа самнасан юм яадгийн. Мөнгө чинь зүгээр сууж байхад хармаанд ороод ирдэггүй л байхгүй юу даа.
Зам тээврийн сайд асан М.Зоригт
Тийм ээ би этгээд хүн. Тэгэхдээ тэнэглэлийн туйл болж маяглахгүй. Яадгийм би зураг авах дуртай. Ер нь ингэхэд өвөл яагаад хулдаасан хаалгатай машин унаж болдоггүй юм. Хаана ч явсан аппараттайгаа, хааяа бас сайхан хүүхнүүдтэй ч. Тийм ээ, би паппарацчин хүн. Харин энэ удаа л паппарацдуулчихаж.
МТШХХГ-ын дарга асан Ц.Жадамбаа
Дээл, машинхаа өнгөөр ижилсэж гангарна би. Дээд төрийнхөө сүлдэнд залбирч мөнхөрнө би. Яадаг юм би цахим дарга, явсан суусан газартаа сельфи хийхээ ч мартахгүй. Яваандаа би М.Зоригт сайдыг ч дагуулахгүй гэдгээ нотолсон юм чинь.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ё.Отгонбаяр
Идээчин, угаачин ер юу юу гэнэ вэ. Над руу тун муухай дайрсан даа. Идэж уусан хүн иймхэн харвинтай байдаг юмуу. Та нар цаагуураа яваад үзээрэй. Жинхэнэ идэж уусан хүмүүс чинь нэг аймаар харвин сууж ирээд буцаад шалчийчихдаг юм билээ. Би тийм нөхдийг бол хуруу дараад тоолж чадна шүү.
УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар
Аав, ээжийн хайртай хүү би, амраг ханийхаа түшигтэй нөмөр би. Аваргын цээжинд наалдаж үзэх юмсан гэж хүүхнүүд ярьдаг л юм гэсэн. Авааль эхнэр минь сонсчихоогүй байгаа даа, бүрхан минь. "Канадад юу хийж тэнэж яваа юм" гээд л байцгаана уу. Та нарын төлөө л өдөр шөнөгүй гүйж явна за.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
Яах вэ намайг “Цэцгэнд төөрсөн эрвээхэй” ч гэнэ үү, цэнхэр дэлгэцийн сувд ч гэнэ үү эрхэм та минь тааллаараа л бол. Эргэлзээгүй нэг зүйлийг хэлэхэд цэцгэнд төөрсөн минь ч үнэн, цэнхэр дэлгэцийн сувд байтугай эзэн нь юм шүү харин. Одоо бол би төрийн түшээ, түмнийхээ эрүүл мэндийн манаанд зогссон сайд хүн шүү, аятайхан л харьцаарай.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав
Тээр харахгүй юу. Ийм олон оймс хийцэн. “Чингис”, “Самурай” бондоос маньд арай илүү хэдэн зоос өгчихсөн бол тэврээд даахгүй оймс хийчих байсан байхгүй юу. Даанч Ч.Улаан, Н.Батбаяр гэж хоёр харамч юмнууд манийг гадуурхаад хариугүй цөөхөн зоос сарвайсан юм л даа, туучийнууд. Хэрвээ тэр үед ахиухан юм сарвайсан бол өнгөрсөн Цагаан сараар Монголчуудаа оймсоор дарчихгүй юу.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан
Парламент дотроо мөрийтэй тэвэгдвэл мань чинь харин дахин нэг цулайх нь баараггүй. Хар багаасаа тэвэгдэж өссөнийхөө хэргийг гаргаж Д.Лүндээ, Ц.Нямка, Ажнай гээд архаг тэвэгчдийн хулхийг буулгаж, бооцооны мөнгийг урдаа овоолж, азаргалаад өгөхөө мань чинь андахгүй. Даанч одоо УИХ-ын дэд дарга болчихоод тэвэгдээд явна гэхээр нэг жаахан тиймэрхүү л болчихоод, гайхаж сууна би.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж
“Бурзай, бурзай бушуул” гэсээр Америкт баахан казинодоод бурзайх биш бүлт шатаад дууссан Ц.Элбэгдорж шархаа нөхөхөөр Америкаас шуудхан Пёнчанд очиж Оросын хоккейчдийг дэмжин жаал хашхирчээ. Тэгээд “Молодец, парень хороший” хэмээн ах нараасаа жаал магтаал сонсож аваад Америкийн казинод алдсан мөнгөнийхөө тоог ч мартаж, сэтгэл нь тэнийсээр Улаанбаатартаа газарджээ. Одоо тэрээр чөлөөт иргэн, басхүү Цаазын ялын эсрэг Олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчийн хувиар НҮБ хавиар л тарвалзаж яваа нь тодорхой.
Цагтаа хаан явсан ч өнөөдөр ядарсан гурван өвгөн
Зуны орой гэрийн гадаа хэн нэгнийг харуулдаж, үгүйлэн суугаа ядарсан гурван өвгөн бол цагтаа Монгол Улсын Ерөнхийлөгч, хаан байсан гурван эрхэм болой. Цагийн сайханд цалгиж, цалингаас гадуур жаргаж явсан гурван буурай одоо гэвэл хорвоогийн жамаар ухаажиж, томоожсон арсгар, барсгар гурван өвгөн болжээ. Харин тэд “Хүлээлгийн гэр”-т суухдаа хэн нэгнийг хань татаж ихэд харуулдсан бөгөөд өнөөх нь ч найман сар орчмын өмнө өндөр суудлаасаа ховхорсон ч харуулдан хүлээсэн гурван өвгөнийг тоохгүй АНУ-д казинодож, БНСУ-д олимподсон шиг тарвалзаж явсан бүлгээ. Гэсэн ч хараа, сонсгол нь муудсан гурван өвгөн өнөөдөр ч “Өнөөх Элбэгийн бараа харагдана уу” гэсээр суугаа нь зарим шооч нэгний дуранд ийнхүү олзлогдсон байнам.
Д.Түвшин
Сэтгэгдэл (7)