АНУ Европт байрлуулсан тактикийн цөмийн зэвсэгээ ОХУ-ын эсрэг хэзээ л бол хэзээ ашиглахад бэлтгэж байна хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Женевт болж байгаа Цөмийн зэвсгийн дэлгэрүүлэлтийн эсрэг Олон улсын бага хурал дээр мэдээлснийг РИА "Новости" агентлаг дамжуулав.
ОХУ-ын Гадаад хэргийн сайдаар 2004 оны гуравдугаар сарын 9-нд томилогдож байсан С.Лавровыг Барууны ертөнцөд “Оросын хатуу самар” хэмээн хочилдогийг С.Лавров ийнхүү сүүлчийнхээ мэдэгдлээр дахин нотоллоо хэмээн “Евроньюс” агентлаг уламжилжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хамгийн итгэлтэй, шадар хүмүүсийн тоонд багтдаг Гадаад хэргийн сайд С.Лавров цааш нь “Хэдийгээр Европ дахь АНУ-ын стратегийн болон тактикийн цөмийн зэвсэг нь Европ дахь хүчний харьцааг тэнцүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй хэмээн НАТО-гийн зүгээс байнга мэдэгдсээр ирсэн ч сүүлийн үед эдгээр зэвсэглэлүүд нь ОХУ-ын хувьд сэтгэл түгших хэмжээнд хүрээд байгааг анхаарахгүй орхиж болохгүй юм” гэжээ. Тэрээр мөн цааш нь “Ерөнхийлөгч В.Путин жил бүр Холбооны зөвлөлд тавьдаг илтгэлдээ ОХУ-ын шинэ төрлийн цөмийн зэвсгийн хүчин чадлыг дэлгэрэнгүй тайлбарласанд АНУ болон НАТО-гийн зүгээс ихээхэн эсэргүүцэж байгаа нь тийм ч гайхмаар зүйл биш. ОХУ цэрэг зэвсэглэлийн хувьд хангалттай түвшинд байх нь дэлхий ертөнцийн аюулгүй байдлын нэг төрлийн баталгаа болно. Ийм ч учраас энэ асуудал ОХУ-ын төрийн бодлогын гол цөмд байсаар байх болно” гэсэн байна.
Мөн тэрээр "ОХУ-ын иргэн бүр АНУ болон НАТО-гийн зүгээс ОХУ-ын эсрэг тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх зэвсэгт хүчнийг тасралтгүй бэлтгэсээр байгааг тодорхой мэддэг байх ёстой" хэмээжээ. Тэрээр үгийнхээ төгсгөлд “АНУ Ирантай байгуулсан цөмийн зэвсэглэлийн эсрэг гэрээгээ зөрчсөөр байгаа”-г шүүмжилжээ.
Д.Түвшин
Сэтгэгдэл (2)