Өчигдөр үдэш Москвагийн алдарт Их театрын тайзнаа Монгол Улсын гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшингийн хамт Олон улсын нэр хүндтэй “Браво” шагналын эзэн болсон энэ цагийн дуурийн эмэгтэй дуучдын манлай болсон ОХУ-Австрийн иргэн, ОХУ-ын Ардын жүжигчин Анна Юрьевна Нетребкогийн талаар товчхон танилцуулъя. Тэрбээр 1971 оны есдүгээр сарын 18-нд хуучнаар ЗХУ-ын Краснодарын хязгаарт мэндэлсэн жинхэнэ Кубанийн казакын үр удам ажээ. Анна Нетребко эмэгтэй хүний тунгалаг нарийн цээл хоолой буюу сопрана хоолойтой ХХI зууны энэ цаг үеийн дэлхийн эмэгтэй дуучдын оргилд яваа дуучин юм. Түүний ээж нь инженер, эцэг нь геологич мэргэжилтэй байжээ. Бүр багаасаа “Кубанийн пеонерүүд” хамтлагт дуулж эхэлсэн нв түүний өнөөдрийн сүрдэм амжилтын эхлэл болжээ. Дунд сургуулиа төгсөөд Санкт петрбургийн Хөгжмийн дээд сургуульд профессор Тамара Новиченкогийн удирдлага дор дуурийн дуучны мэргэжил эзэмшжээ. Хамгийн анх 1993 онд Олон улсын дуурийн дуулаачдын М.И.Глинкийн нэрэмжит уралдаанд түрүүлснээр түүний алдрын зам эхэлж, Маринскийн театрт уригдан ажиллаж эхэлжээ. Тэнд байхад нь түүний гайхалтай авъяасыг таньж мэдсэн алдарт удирдаач Валерий Георгиев “Чи Олон улсын уралдаан тэмцээн бүрийг алгасалгүй оролцох хэрэгтэй” гэснээр тэрбээр оролцсон бүх тэмцээндээ түрүүлэх юмуу, дор хаяж гуравдугаар байрнаас салж үзээгүй гэдэг.
1995 онд АНУ-ын Сан Франциско хотод уригдаж алдарт “Руслан Людмила хоёр” дуурийн Людмилагийн арид дуулснаар хилийн чинадад жинхэнэ утгаараа нэрд гарч эхэлжээ. Удалгүй В.А.Моцартын “Шидэт лимбэ” дуурийн Памины, “Севилийн үсчин” дуурийн Розины нарын дүрд дуулснаар жинхэнэ дэлхийн од болон гялалзаж эхэлсэн гэдэг. Түүнээс хойш Вердийн “Риголетто”, “Травиата”, Пуччиний “Богеме” зэрэг дэлхийн бараг бүх л сонгодог дууриудын гол дүрийг маш амжилттай бүтээсээр өнөөдрийг хүрээд байгаа энэ цаг үеийн маргашгүй “Алтан гургалдай” юм. Түүний агуу авъяас билгийг ОХУ-ын ард түмэн, Ерөнхийлөгч В.Путин өндрөөр үнэлж 2008 онд ОХУ-ын Ардын жүжигчин хэмээх эрхэм алдар хайрласан байдаг.
Тэрбээр даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцөд агуу их авъяас билгээрээ танигдаж, жинхэнэ “Дуурийн од” болсон учир 2006 оны гуравдугаар сард Австри улс өөрийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилсөн байдаг. Одоо тэрбээр 2015 оны 12 дугаар сард гэрлэсэн өөрийн хоёр дахь нөхөр Азарбайжаны дуурийн од Юсиф Айвазов болон өөрийн 10 настай хүү Тьяго Аруа нарын хамт Австрийн нийслэл Вена болон Зальцбург, АНУ-ын Нью-Йорк хотуудад амьдардаг ажээ. Тэрбээр анхны нөхөр Урагвай улсын дуурийн дуучин Эрвин Шротоммоос 2013 онд салсан бөгөөд тэр талаараа “Байнга хоёр талд амьдарсаар ядарч, залхсан тул бид хоёр салсан нь дээр болсон юм” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байдаг.
АНУ-ын нэр хүндтэй “Форбес” сэтгүүл жил дараалан дэлхийд хамгийн их нэр хүндтэй хүмүүсийг жагсаахад тэрбээр сүүлийн 4 жил дараалан ОХУ-аас шилдэг 10-т шалгарсаар иржээ. Анна Нетребко зөвхөн нэг удаагийн дуурьт 50 мянган ам доллараар дуулдаг бөгөөд энэ талаараа дэлхийд эхний таван байруудад байнга эрэмбэлэгддэг ажээ. Мөн л “Форбес” сэтгүүлийн 2017 оны долдугаар сарын дугаарт түүнийг ОХУ-ын урлагийн одуудаас жилийн 7.5 сая ам долларын орлогоор толгой цохьдог хэмээн мэдээлсэн гэдэг. Харин энэ талаар сонирхсон “ИТАР ТАСС”-ын сурвалжлагчийн асуултад “Эхлээд өөрийнхөө тогоо руу өнгийсөн нь дээргүй юу” хэмээн хариулж амыг нь таглажээ. Ер нь түүнийг дуурийн дуучид дотроо нэлээн ихэмсэг, ялангуяа хэвлэл мэдээллийнхэнтэй хэл ам ололцох талаар учир дутагдалтай хэмээдэг аж. Гэхдээ дэлхийг бишрүүлсэн “Дуурийн од”-д тиймэрхүү зан байх нь нэг их сонин биш болов уу.
Д.Түвшин