Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт улсын хэлэлцээрийн хүрээнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос тэтгэврийн нас зарим төрлийн татварыг нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн авч үзэх, өөрчлөх санал зөвлөмжийг УИХ, Засгийн газарт 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүргүүлжээ.
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийг хуулиар хүнд, халуун, хортой, газрын доорхи гэж 4 ангилдаг ба нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд ч энэ 4 нөхцлөөр өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтооно гэж заасан байдаг байна.
Гэвч энэ хуулийн заалтанд өөрчлөлт оруулж 60-65 нас болгож хуульчилсан тул хүнд хортой нөхцөлд ажилагсад хоолойгоо нэгтгэж эсэргүүцсэний дүнд УИХ-ын 02 дугаар сарын 02-ны хуралдаанаар нэмэлт өөрчлөлт оруулж баталсан.
Энэ тухайгаа Монгол Улсын их хурлын дарга М.Энхболд Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нараас“Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын 77 тоот тушаалд ордог бүх ажил мэргэжлийг энэ хуулийн хуучин үйлчлэлээр хуульчлан баталсан” гэсэн албан тоот ирүүлсэн атлаа хууль батлагдаж гарсныг үзэхэд хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөс хүнд хортой нөхцлийг нь хамруулахгүйгээр өөрчлөлт оруулсан байжээ.
Түүнчлэн цалин хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэх асуудлыг хугацааны хувьд арай хошуу буюу 2018 онд 10 сард нэмнэ гэсэн байр суурийг Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд, Хөдөлмөрийн сайдын зүгээс илэрхийлсэн байна.
МҮЭ холбоо нэмэлт хэлэлцээрийн хүрээнд 2017 оны сүүлийн 2 сард 55.4 тербум төгрөгний бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авсан ба үргэжлүүлээд 2018 онд 56.5 тербум төгрөгийг бодит орлого нэмэгдүүлэх ажилд зарцуулах зорилгоор улсын төсөвт суулгуулжээ.
Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох хуулийн хугацаа болсон ба үүнийг дагаж гол гол салбаруудын цалингийн доод хэмжээ нэмэгдэх боломж бүрддэг учир шинэчлэн тогтоох асуудлаар Засгийн газар, МҮЭ холбоо ажил олгогчийн төлөөллийн байгууллага санал солилцох хэлэлцээр хийх шаардлага гарчээ.
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт 2017-2018 улсын хэлэлцээрийг дагаж гарсан нэмэлт хэлэлцээрт туссан зарим асуудлын хэрэгжилтийг хангуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-д өргөн баригдсантай холбоотой МҮЭ холбоо хэлэлцүүлгийн шатанд тодорхой саналаа УИХ байнгын хорооны түвшинд тавьсан зэрэг 4 гол асуудлаар хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хороог ойрын хугацаанд хуралдуулах мэдэгдлийг 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр МҮЭ холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нарт хүргүүлсэн байна.
Эдгээрээс иргэдийн амьдралын гол эх үүсвэр болсон цалин буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох асуудал дээр нэмэлт мэдээлэл хүргэхэд 2015 оны 4 сард 25 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр тоо аж. Одоо ажил эрхэлж байгаа нийт иргэдийн 8 орчим хувь нь энэ хэмжээгээр цалинждаг.
Цалингийн доод хэмжээг хуулийн хүрээнд 2 жил тутам шинэчлэн тогтоох ёстой ч энэ нь заавал нэмнэ гэсэн үг биш бөгөөд улс орны эдийн засаг, байгууллагын ашиг орлого, хөдөлмөрийн бүтээмж зэрэг хэд хэдэн дундаж өсөлтүүдтэй харьцуулж байж шийдвэрлэдэг байна.
МҮЭ холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ямар хэмжээтэй нэмэх талаар тодорхой санал хэлэх нь хэлэлцээрийг мухардуулах хатуу шаардлага болдог учир олон талаас нь харилцан ярилцаж нухацтай санал оруулах байр суурийг барьж байгаа ба нөгөө талаас судалгааны байгууллагуудын санал дээр үндэслэж шинэчлэн тогтоох юм.
Өнгөрсөн 2017 оны сүүлээр төрийн албанд ажилагсдын ялангуяа багш нарын болон бусад бүх албан хаагчдын цалинг 300 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэсэн.
Дээрх асуудлуудаас гадна иргэдийн өмнө тулгамддаг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлуудыг зөвхөн ҮЭ холбооны хүрээнд биш эмэгтэйчүүд, залуучууд, оюутан ахмадын байгууллагатай хамтран шийдвэрлэдэг болох зорилгоор ойрын хугацаанд санал солилцох уулзалтыг хийж иргэдийнхээ дуу хоолой болж ажиллахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Ингэхдээ улс төр дагасан олон нийтийн байгууллагуудтай хамтарч ажиллахгүй гэдгээ МҮЭ-ийн холбооны өнгөрсөн 11 сард хуралдсан их хурал дээр албан ёсоор зарласан байна.
МҮЭ холбооноос энэ хаврын үйл ажиллагаандаа олон зүйлийг төлөвлөн ажиллаж байгаа ба ямар нэг байдлаар тэмцлийн үйл ажиллагаа хийх шаардлага гарвал хамтын шийдвэрээр буюу нийгмийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэхийг чухалчилах аж.
Б.Отгон