Шүүхээр учир битүүлэг хэлбэрээр шийдэгдсэн хэрэг бол төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн асуудал. Хүндтэй хүний аминд хүрсэн гэмтнүүд илэрлээ хэмээсэн нь олон түмэнд таалагдсан ч шүүх хурлын үр дүн, мөрдөн байцаалтын явц нь бухимдал дагуулсан билээ. Гэмт хэргийн цорын ганц гэрч Б.Булган ч шүүх хуралд оролцоогүй, түүнийг гэрчээр татаагүй нь хачирхалтай.
Хэрэг үйлдсэн хэмээх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарт Улсын дээд шүүхээс 20 жилийн ял оноосноор хэрэг хаагдсан. Шүүх болон мөрдөн байцаалтаар тогтоогоогүй олон зүйл бий. Үүний нэг нь захиалагч нь хэн байсан гэдэг. Өнөө хэр нь захиалсан хүний нэр учир битүүлэг үлдлээ. Засаглал солигдсоноос хойш уг хэргийн үнэн мөнийг гаргаж тавина хэмээсэн, одоо ч хүлээлт дагуулсан хэвээр. Төр нийгмийн зүтгэлтнийг хөнөөх захиалгыг хэн өгөв гэдгийг УЕПГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй хүмүүстэй УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ар гэрийнхнийх нь хүсэлтийн дагуу уулзахаар болжээ. Энэ хэрэгтэй холбоотой эсрэг, тэсрэг байр суурийг хууль хяналтын байгууллага болоод ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын ар гэрийнхэн удаа дараа олон нийтэд мэдээллэсэн. Ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн зарим нотлох баримттай санал нийлэхгүй байгаа талаараа өнгөрсөн сард сэтгүүлчдэд мэдээлэл өгч байлаа.
Уг хэргийн асуудлаар төрийн түшээд өнөөдөр ял эдэлж байгаа хүмүүстэй уулзах нь. Ээдрээтэй утасны үзүүр гарч ирсэн ч үнэн мөн чанар нь илрээгүй асуудал хэзээ нэг тийш болохыг ард түмэн хүлээн сууна.
Сэтгэгдэл (8)