Монгол Улсын боловсролын салбар сургалт чанараараа хэр сайн бэ гэсэн асуулт сүүлийн арав гаруй жилд яригдаж байна. Борооны дараахь мөөг мэт шуугилдан гарч ирсэн их дээд сургууль, бага дунд боловсрол олгогчид дээрх асуултад хариулт өгөх шаардлагатай. Өөрсдийгөө магтаж, дэлхийд байхгүй бололтой юм яриад л эцэг эхчүүдийн тархийг гурвалджин болтол пиардаж сурагчдыг элсүүлэн авдаг нь нууц биш. Гэвч эргээд ямар хэмжээний мэдлэг боловсрол олгож байгаа нь сонин.
Хувийн нэртэй сургуулиудад сурсан хүүхдүүд улсын сургуульд ороход хичээлийн хоцрогдол маш их зөрүү гардаг байна. Улсын сургуулийн багш нар ч үүнийг андахгүй. Ямар гээчийн сургуульд өгөөд хүүхдээ ийм болгочихов гээд л шагширч гардаг. Ийм дүр зургаар Монгол Улсын ирээдүй болсон бяцхан багачуулыг алж байна. Боловсролын сайд үүнд ямархуу бодолтой явдаг нь өнөөдөр ч бүрхэг. Юутай ч өмнөх үед хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг таашаадаггүй гэдгийг зарим нэг нь ярьдаг. Ер нь, салбар хариуцсан сайд хүн аялж зугаалж, олимп үзэж байхын оронд ирээдүйнхээ төлөө, сургалтын чанарыг сайжруулах асуудалд анхаарахгүй байгаа нь хачирхалтай.
Пёнчаны олимп руу явсан хоёр тамирчинг дагалдах хүмүүсийн тоонд Ц.Цогзолмаа сайд шиг хэрэггүй хүн байгаагүй гэдгийг олон нийт сошиалаар жиргэсэн. Ёстой л эсгий хийх газар гэдэг шиг зүйл юм уу даа. Олигтойхон зөвлөгөө өгч, гэмтэж бэртвэл бариа засал хийж өгөх биш. Түүний хувьд төрийн мөнгөөр л зугаалсан хэрэг. Үүнд түмэн олон төдийгүй тамирчид ч дургүйцсэн нь саяхан. Бүр хананд шахчихсан загнаад байгаа бололтой зураг ч хөвөрсөн: Лав л магтаалын үг хэлээгүй нь зургаас ажиглагдана.
Зугаацан цэнгэж явахын оронд салбар удирдаж байгаа бол хөгжлийнх нь гарц хаа яваа, улс хөгжих түлхүүрийг ирээдүйн эх орны эздийн гарт атгуулах механизмыг өнөөдрөөс тавих хэрэгтэй мэт санагдана. Ерөнхийдөө эрхэм сайд Ц.Цогзолмаа таныг зугаалаад яв гэж салбар хариуцуулаагүй нь лавтай.
Өнөөдөр боловсролын салбарт хариуцлага гэж байх ёстойг сануулах нь зүйтэй биз. Бяцхан хүүхдүүд, маргаашийн хөгжилд хувь нэмрээ оруулах оюутан залуусыг бэлтгэх сургуулиуд, сургалтын системд бага ч болов анхаарах цаг болж. Үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд ямар том ажил амжуулж, боловсролын тогтолцоо хэрхэн өөрчлөгдөв гэдэг анхаарал татсан хэвээр. Ажлаа авснаас хойш хэдэн захирал солигдсоноос өөр зүйлийг олж харах гээд байсангүй. Бодлогын чанартай ямар хуулийн төсөл, хөтөлбөр бий болсныг иргэд нэхэж эхэллээ.
Саяхан “25 суваг” телевизийн “Ам нээвэл” ярилцлагаар орж байх юм. Тус ярилцлагын үеэр төрийнхөө сургуульд итгэдэггүй тань ил болчихсон. Ц.Цогзолмаа та сургалт нь сайн учраас би хүүхдээ “Хобби” сургуульд явуулдаг гэж хэллээ. Тэгэхээр ард түмний хүүхдүүдийн боловсорч буй сургууль чанаргүй болж таарах нь. Уг нь, та чанартай байх асуудлыг та тавих ёстой. Бодлого боловсруулж, стандарттай болгох нь эрхэм сайдын үүрэг. Гэтэл дээрх үгийг хэлээд суух нь хэр оновчтой юм бол. Үүнээс гадна төрийн сургуулийнхаа чанар чансааг сайн байлгаж, түүнд сургах хэрэгтэй гэвэл олон түмэн дуртай л байхсан. Гурван сая гаруйхан хүн амтай Монгол Улсад хэчнээн олон сургууль байгааг олж харахад амархан. Бараг бүгд л их дээд сургууль төгсч байна. Гэхдээ хэр чанартай боловсон хүчин бэлтгэгдэж байгаа вэ. Талаас илүү нь ажил мэргэжилд тэнцэхгүй байгаа нь өнөөдрийн боловсролын түвшинг харуулна. Тэгвэл цаашид чанар муутайг нь яах вэ гэдэг таны хийх ажил. Үүнд анхаарлаа хандуулна уу эрхэм сайд аа.
Бодлогогүй хэлсэн үгэнд тань гомдсон хүмүүс сошиал ертөнцөд бухимдаж байна. Салбарын сайд хүн хэлэх үг, хийж буй үйлдэлдээ хяналттай байх нь чухал.
Сэтгэгдэл (11)