Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг болон энэ төрлийн бодисыг боловсруулан бусдад зардаг этгээдүүдийг илрүүлэн дайчлан баривчиллаа. Уг этгээдүүдийг дайчлан баривчлах ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид оролцсон байна.
2018 оны гуравдугаар сарын 6-7-ны хооронд Баянзүрх дүүргийн 3 болон 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох “шавар”-ыг Европын холбооны улсаас илгээмжийн үйлчилгээ ашиглан хууль бусаар улсын хил нэвтрүүлдэг, бусдад худалддаг Монгол Улсын иргэн Г, М, Б, Т, Б нарын 20-49 насны бүлэг этгээдийг дайчлан баривчилж шалгаж байна.
Мөн мансууруулах үйлчилгээтэй хогийн олсны ургамал буюу каннабисыг түүж бэлтгэн өөр төрлийн бодис боловсруулан нийслэл хотод бусдад зарж борлуулдаг эрхэлсэн тодорхой ажилгүй, 35 настай, эрэгтэй Монгол Улсын иргэн Г-г энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, биедээ авч авсан мансууруулах төрлийн бодисыг нь эд мөрийн баримтаар хураан авчээ.
Үүнээс гадна 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3.4, 192.3.5 зүйл ангиар чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж, шүүхээс оргон зайлсан ялтан Я болон түүний хамсаатан 7 этгээдэд холбогдох хэргийг илрүүлэн шалгаж байна. Тэднийг хар тамхи, мансууруулах бодис худалдаалж байсан үйлдэл дээр нь 2018.03.13-14-нд шилжих шөнө БГД-ийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж ICE буюу мөс, баруун европын улсаас оруулж ирсэн гашиш буюу шавар, экстази зэрэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар хураан авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
2018 он гарснаас хойш Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүн холбогдон шалгагдаж байна. Гуравдугаар сарын 14-ний байдлаар гэхэд энэ төрлийн зургаан хэрэгт 28 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.