БНХАУ-ын эдийн засгийн худалдан авах чадвар 2017 онд 23.12 их наяд ам.долларт хүрч дэлхийн дэлхийн хамгийн том эдийн засагтай улсаар тодорчээ. Энэхүү эдийн засаг, гадаад худалдааны хурдацтай өсөлтийн хажуугаар Хятад улс нь томоохон хөрөнгө оруулагч болоод буй бөгөөд Си Зиньпиний эхлүүлсэн “Нэг бүс, Нэг зам” төслийн хүрээнд 68 улсад тээвэрлэлт, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтын зарчмаар 800 орчим тэрбум ам.долларын зээл олгож буй. Харин энэхүү төсөл нь АНУ тэргүүтэй том гүрнүүдийн таалалд төдийлөн нийцэхгүй байгаа бөгөөд зээл, хөрөнгө оруулалт нэрийдлээр улс орнуудыг өөрсдийн хараат болгож байна хэмээн эсэргүүцээд байгаа юм. Энэхүү таамаг ч үнэний ортой бөгөөд өнгөрсөн долоо хоногт Азийн найман орныг БНХАУ-ын зээлийн дарамтад орох аюулд унаад байгааг Вашингтонд төвтэй Олон улсын судалгаа, хөгжлийн төвөөс мэдээлжээ. Жагсаалтад Жибути, Лаос, Тажикстан, Киргизстан, Молдав, Монтенерго, Пакистан болон Монгол Улс багтсан байна.
Эдгээр хөгжиж буй орнууд бүгд БНХАУ-аас “Нэг бүс, Нэг зам” төслийн хүрээнд их хэмжээний хөрөнгө оруулалтын зээл авсан бөгөөд зээлээ эргэн төлөх эдийн засаг, экспортын чадамжгүйн улмаас Хятадын зөөлөн хүчний бодлого буюу далд түрэмгийлэлд өртөх эрсдэл өндөр байгаа гэж тодотгожээ. Түүнчлэн, төслийн хүрээнд бус, дипломат зөвлөлийн хүрээнд Хятадаас эдийн засгийн шууд нөлөөлөлд байдаг хэд хэдэн улс байдаг ба эхний байрыг Австрали, Малайз, Индонез, Япон, Пакистан зэрэг улсууд эзэлж байна.
Харин Монгол Улсын хувьд БНХАУ-аас “Нэг бүс, Нэг зам” төслийн болон бусад хөрөнгө оруулалтын хүрээнд 2005-2017 оны хооронд 5.88 тэрбум ам.долларын зээл авчээ. Олон улсын судалгаа, хөгжлийн төвөөс гаргасан мэдээлэлд Монгол Улс 2050-иад он гэхэд БНХАУ-ын зөөлөн хүчний бодлогын хүрээнд тус улсын шууд хамааралд орох магадлал өндөр гэжээ.
Мөн тус байгууллагын судлаачдын гаргасан мэдээллийг харвал 2016 онд буюу “Нэг бүс, Нэг зам” төсөл хэрэгжиж эхлээгүй байхад Монгол Улсын БНХАУ-аас авсан өрийн хэмжээ ДНБ-ийн 30 орчим хувьд ноогдож байсан бол, төслийн хүрээнд зээл авч эхлэхэд даруй 15 орчим хувиар буюу 50 хувь давсан үзүүлэлтийг гаргажээ.
Эргэн сануулахад, аливаа улс орны нэг улсаас авах гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг буюу 33-аас дээш хувийг эзлэх нь өрийн дарамт, нөлөөлөлд багтах эрсдэлийг бий болгодог билээ. Монгол Улсын хувьд өнгөрсөн жилүүдэд гадаад өрийн хэмжээ тасралтгүй өссөөр ирсэн бөгөөд 2002 онд 2.2 тэрбум ам.доллар байсан тоо өнгөрсөн оны сүүлээр 24.8 тэрбум ам.доллар буюу 11 дахин нэмэгдсэн юм. Түүнчлэн урьдчилсан тооцооллоор гадаад өрийн хэмжээ буурахгүй бөгөөд 2020 он гэхэд 26.6 тэрбумд хүрэх магадлалтай гэнэ. Хэрвээ энэ хэвээр эргэн төлөх тодорхой зохицуулалтгүйгээр БНХАУ-аас зээл авсаар байвал өрөө төлж чадаагүйн улмаас газар нутаг, үйлдвэр, институтээс тасалж өгөх, эсхүл тэдний хүсэл сонирхолд нийцсэн нэг талыг барьсан хэлэлцээр хийх шаардлага гарч мэднэ.
Ийм жишээ ч сүүлийн жилүүдэд олон улсад гарч эхэлсэн. Тухайлбал, Шри Ланка улс, Хятадаас авсан нэг тэрбум зээлээ төлж чадаагүйн улмаас усан боомтоо хүлээлгэн өгсөн. Харин жагсаалтыг тэргүүлж буй Зүүн Африкийн Жибути улсын хувьд БНХАУ-аас авсан зээл нь ДНБ-ийх нь 80 хувиас давж, үүнийгээ төлж чадахгүй болсны улмаас улсынхаа нутаг дэвсгэртээ Хятадын цэргийн баазыг байгуулах болсон билээ. Энэхүү аюул ч манай улсад нүүрлэхгүй гэх баталгаа байхгүй. Засгийн газар гадаад өрийн төлөлтөд төсвийн 80-аас дээш хувийг зарцуулж, гадаад өрийн хэмжээ ДНБ-ийн зохистой хэмжээ алдагдахад ойрхон байна. Манай улс ОУВС-гаас гаргасан өрийн зохистой хэмжээг хангах таван шалгуур үзүүлэлтийн хоёрыг хангаагүй байгаа энэ үед арилжааны зээл авах эсвэл Засгийн газрын бонд гаргасан тохиолдолд өрийн дарамтад орох магадлал маш өндөр байгаа юм.
Д.Түвшин
Сэтгэгдэл (3)