Швейцарь улсын хуулийн дээд байгууллага тус улсын банкин дахь нийтдээ $1.85 саяын үлдэгдэлтэй данснуудыг царцаасан тухай мэдээлжээ. Тухайлбал “Рио Тинто”-гийн олборлолтын гэрээг саадгүй байгуулахад дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй Монгол Улсын экс Сангийн сайд асан С.Баярцогтын авлигын хэргийг шалгах ажлын хүрээнд ийм арга хэмжээ авсан байна.
Данснуудын нэгийг “Рио Тинто”-гоос Сангийн сайд асан С.Баярцогтод $10 саяыг шилжүүлэхэд ашигласан гэж сэжиглэж байгаагаа Швейцарийн Ерөнхий Прокурорын мэдэгдэлд өгүүлжээ.
Монгол Улсын Авлигатай Тэмцэх Газар 2009 онд “Рио Тинто”-той С.Баярцогтын байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг шалгаж байгаа юм. Уг гэрээг байгуулсны үр дүнд Британи-Австралийн Рио Тинто компани Оюу Толгойн төслөө эхлүүлсэн байдаг.
Шүүхийн тогтоолд одоо $5.3 тэрбумын өргөтгөл хийж байгаа Оюу Толгой төслийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг алдаа дутагдлын талаар дурдаагүй байна.
Прокурорын мэдэгдэлд “Гадаад орны засгийн газрын сайдын албан тушаалд дөнгөж томилогдсон хүн ийм их хэмжээний мөнгө хүлээн авсан нь маш их сэжигтэй байна” гэжээ.
Мөн “Сангийн сайд байхдаа С.Баярцогтын гарын үсэг зурсан гэрээ Монголын талд хохиролтой байх шинж тэмдгүүд ажиглагдаж байна” гэсэн байна.
2008 оны есдүгээр сард буюу С.Баярцогтыг Сангийн сайдаар томилогдсон тэр сард $10 саяыг түүний нэрийн дансанд шилжүүлсэн байжээ.
Швейцарийн Ерөнхий Прокурорын төлөөлөгч хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гээд үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Мөн хэргийг нотлох хүртэл нэр дурдагдсан хувь хүн, компанийг албан ёсоор буруутайд тооцохгүй гэдгийг мэдэгджээ. Ямартай ч Сангийн сайд асан С.Баярцогтын 10 сая ам доллар авсан нь тодорхой болсон бөгөөд тэрээр “Рио Тинто”-той хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад шанд нь тэрхүү их хэмжээний мөнгөөр шагнуулсан нь тодорхой болсон байна.
Д.Түвшин
Сэтгэгдэл (6)