Сансрын уудмаас эх дэлхийгээ судлах ажил эхэлснээс хойш чамгүй олон жил өнгөрөөд байгаа билээ. Гараг, ертөнцийн уудамд амьдрал бий юу гээд олон зүйлийн судалгааны ажил явсаар байгаа. Тив дэлхийн улс орнууд ч үүнд анхаарлаа хандуулан ажилласаар явна. Тэгвэл огторгуйгаас тагнуул хийх ажиллагаа ч явагдаж эхлэх нь. Тодруулбал, урд хөршийн зүгээс ийм төрлийн ажил гүйцэтгэх хиймэл дагуулыг хөөргөжээ.
БНХАУ өнгөрсөн бямба гаригт тагнуулын зориулалттай хиймэл дагуул тээсэн "LKW-4" гэх пуужинг дэлхийн тойрог замд гаргасан байна. Уг хиймэл дагуул нь дэлхийн гадаргын зургийг өндөр нарийвчлалтай авах хүчин чадалтай камер, бусад техник, төхөөрөмжөөр тоноглосон аж. Пуужингийн гол зорилго нь “Тагнуулын зориулалттай” болохыг цахим ертөнцөд онцолж, БНХАУ дөрөв дэх удаагаа ийм төрлийн хиймэл дагуул хөөргөж байгааг дурджээ.
Синьхуагийн “Газар доорх хайгуулын хиймэл дагуул” гэж тодорхойлсон уг хиймэл дагуул хоёр шатлал бүхий “Long March 2D” хоёр хэмжээст дуран авайгаар тоноглогдсон юм байна. Мэдээнд нь ийнхүү уг хиймэл дагуулын хүчин чадал, зориулалтыг тодорхой дурдсан атлаа ямар байгууллага эзэмшихийг ил гаргахаас татгалзжээ.