Дулааны хоёрдугаар цахилгаан станцын хүчин чадлыг 250-300 МВт-аар хүчин чадлаар өргөтгөх техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Эрчим хүчний яаман дээр боллоо. Ёслолын ажиллагаанд Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Дулааны хоёрдугаар цахилгаан станцын дарга С.Бямбаахүү, станцын тулгын чулууг тавилцсан ахмад инженер С.Цэдэндамбаа гуай болон станцын удирдлагууд оролцов. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааг Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г. Энхтайван нээж хэлсэн үгэндээ” Монгол Улс БНХАУ-ын эрчим хүчний салбартай хамтран ажиллаж эхэлснээс хойш нэгэн жаран өнгөрсөн байна. Дулааны хоёрдугаар цахилгаан станц бол энэхүү найрамдалт харилцааны гэрч болсон газар. Жаран жилийн тэртээ тус станцыг барьж байгуулж өгсөн компани жаран жилийн дараа өргөтгөл хийх болж байгаа нь билэг дэмбэрэлтэй үйл явдал юм. Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе” хэмээсэн бол станцын ахмад инженер С.Цэдэндамбаа гуай “Би энэ станцын ууган ажилчдын нэг. Тодруулж хэлбэл, станц ашиглалтад ороход хятад нөхдөөсөө хүлээж авч байсан маань өчигдөр мэт санаанд тод үлдэж. Нэгэн жаран өнгөрчихөөд байхад станцын тоног төхөөрөмж маань бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа нь хятад инженерүүдийн чадвар хичнээн мундаг болохыг гэрчилж байна” гэж онцолсон. Чин сэтгэлийн эл үгийг сонссон Хятадын Энержи компаний захирал “ Өнөөдөр их сайхан өдөр байна. Хамгийн гол нь хоёр тал Санамж бичигт гарын үсэг зурсан явдал. Хятадын эртний уламжлал ёсоор нэгэн жаран гэдэг бол онцгой үе. Ийм онцгой үед дахин хамтран ажиллах гэж байгаа нь нэр төрийн хэрэг. Бид хамгийн чанартай станцыг барьж байгуулж өгнө хэмээн монгол нөхөддөө амлах байна” хэмээлээ.
Сэтгэгдэл (3)