Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн гээд Монголын сор болсон уран бүтээлчид хэвлэлээр дамжуулан монголчууддаа хандаж Ардын жүжигчин Бярваагийн Мөнхдоржийн хоёр бөөрөнд яаралтай хагалгаа хийхээр болсон талаар мэдэгдсэн юм. Тэд Ардын жүжигчин Б. Мөнхдорж найруулагчийн эмчилгээний зардалд нэмэр, хандив болохын төлөө нэгдэн, цуглаж, ард түмнээ хандивын арга хэмжээнд оролцохыг уриалсан нь энэ юм. Б.Мөнхдорж найруулагчийн биеийн байдал өдгөө тун тааруу байгаа бөгөөд бөөрний архаг дутагдлын улмаас Улсын II төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй билээ. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал яаралтай, зайлшгүй хийлгэх шаардлагатай гэдгийг эмч нар оношилсон. Бүр хоёр бөөрийг нь солих шаардлагатай гэж байгаа.
Ардын жүжигчин, энэ цаг үеийн соён гэгээрүүлэгчдийн гол төлөөлөгч Б.Мөнхдоржийг эмчлүүлэх боломжтой, эмчилгээний зардал нь 180 орчим сая төгрөг болно гэдгийг БНСУ-ын томоохон эмнэлгээс дуулгасан гэж байгаа. Тиймээс одоо цаг алдахгүй байх нь юу юунаас чухал гэдгийг хэвлэлийн хурал зохион байгуулагчид онцолсон бөгөөд Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Ардын жүжигчин, төрийн шагналт Н.Сувд, Ардын жүжигчин П.Цэрэндавга, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Ч.Найдандорж, Ардын жүжигчин найруулагчийн төрсөн дүү Б.Мөнхболд, Урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын доктор Н.Ганхуяг нар “Миний анд, театр, дэлгэцийн гайхалтай найруулагч, сурган хүмүүжүүлэгч Б.Мөнхдоржийн биеийн байдлын талаарх мэдээллийг олон нийтэд түгээхэд хэвлэл, мэдээллийнхний үүрэг чухал. Тиймээс та бүхэнд хандаж байна. Бидэнд цаг мөч бүр үнэтэй болсныг дамжуулж өгөөрэй. Монголд Б.Мөнхдоржийн шавьгүй аймаг, сум бараг үгүй. Та бүхэн багшдаа туслаарай” гэсэн юм.
Тэгвэл Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж “Монголын тайз, дэлгэцийн урлагийн сүүлийн 40 гаруй жилийн түүхэнд бэлтгэгдсэн боловсон хүчний дийлэнх нь Б.Мөнхдоржийн маань шавь. Тиймээс бид түүнд өртэй. Тэр бол манай театрын өнгийг тодорхойлогч, ажилдаа чин сэтгэлээ өгч чадсан, бидний “ташуур” болсон, бурхан шиг хүн” гэсэн бол Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар “Хүнд хэцүү цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Дараа нь харамсахгүйн тулд цаг алдалгүй хөдлөх хэрэгтэй байгааг хүмүүст аргагүйн эрхэнд дуулгаж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 13, 14-нд “Улаанбаатар палас”, Бөхийн өргөөнд болох театр болон хошин урлаг, рок попынхны хамтарсан тоглолтын бүх орлогыг найруулагчийнхаа эмчилгээний зардалд зориулах учраас олон түмэн минь ирж заавал үзээрэй” гэсэн юм.
Ийнхүү Монголын урлагийн нэрт зүтгэлтэн, Ардын жүжигчин Бярбаагийн Мөнхдоржийг яаралтай эмчлэг шаардлагатай болоод байгаа бөгөөд түүний төлөө ХААН банкны 5020291613 тоот дансанд эмчилгээний зардлыг тушаах шаардлагатай болоод байгаа юм. Ямартай ч Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн эмчилгээний зардалд зориулсан мөнгийг яаралтай цуглуулах шаардлагатай болоод байгаа бөгөөд ард иргэд боломжийн хэрээр мөнгө нийлүүлэх шаардлагатай болоод байгаа юм.
Д.Түвшин
Сэтгэгдэл (10)