Өнөөдөр өдрийн 13:00 цагийн үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн цагдаа нар болон Бөхийн өргөөнд эзэн суухыг хүсэгчид хамтран өргөөний хаалгыг эвдлэн орж нэлээн хэрүүл хийв. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахад нөгөөдөр буюу ирэх бямба гарагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны 8-р "ИХ ЭЕ" болох гэж байгаа тул өнөөдөр Бөхийн өргөөний хаалгыг эвдлэн орж МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж болон дэд тэргүүн Д.Данзан нартай уулзахаар хүчилсэн ч Р.Нямдорж харагдахгүй нуугджээ. Харин түүний хүү улсын гарьд Н.Ганбаатар ихэд уурлан цагдаа нартай хэрүүл хийснээс гадна өргөөний хаалгыг эвдлэн орж ирсэн хүмүүсийг түлхэн зайчилж хэрүүл тэмцэл хийсээр байсан юм. Өргөөний хаалгыг эвдлэн орж ирсэн цагдаа нар болон Бөхийн өргөөний удирдлагуудтай муудалцсаар байсан хүмүүс ирэх хагас сайнд хурал хийж болохгүй гэсэн шүүхийн захирамжийг танилцуулсан ч Р.Нямдоржийн хүү Н.Ганбаатар болон Бөхийн өргөөний дэд тэргүүн Д.Данзан нар огтхон ч хүлээж авахгүй байсан юм.
Харин шүүхийн шийдвэрээс тус захирамжийг гардуулж өгөх гэсэн боловч тус холбоог 20 шахам жил тэргүүлж буй Р.Нямдорж эсэргүүцсэн байна. Тиймээс тус газрын албан хаагчид Бөхийн өргөөний хаалгыг эвдэн орсон юм. Бөхийн өргөөний дотор МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг байгаа гэсэн мэдээлэл байгаа боловч саяхныг болтол харагдаагүй юм. Харин түүний хүү улсын гарьд Н.Ганбаатар аавыгаа өмөөрч цагдаа нар болон Шүүхийн албан хаагчидтай зодолдох шахан подволкоо тайлж, ихэд ууртай байсан юм.
Харин Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга Р.Энхтайван, “МҮБХ ирэх даваа гаригаас өмнө “Их Эе” хуралдаанаа хийхээр төлөвлөж байгаа юм билээ. Тэд шүүхийн шийдвэрийг хүлээж авахгүй байсаар энэ хурлаараа дахин сонгууль явуулж, Р.Нямдоржийг буцаан сонгохоор санаархаж байгаа болов уу гэж таамаглаж байна” гэсэн юм.
Энд танилцуулахад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 52,55 гэсэн захирамж гарсан юм билээ. Тэгээд энэ захирамжийг өнөөдөр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржид гардуулж өгөхөөр ирсэн ч тэрээр нуугдаж Бөхийн өргөөний хаалгыг тайлж өгөхгүй байсан тул цагдаа нар өргөөний хаалгыг эвдлэн дотогшоо нэвтэрсэн байдаг. Дээрх захирамжид ирэх хагас сайн буюу 24-ний өдөр явагдахаар болоод байгаа хурлыг хийж болохгүй гэсэн захирамж л тэмдэглэгдсэн байгаа аж. Мөн нөгөө нэг захирамжид МҮБХ-ны тамга тэмдэгийг Р.Нямдоржийг хэрэглэхийг хориглосон шийдвэр тэмдэглэгджээ. Дээрх захирамж нь энэ гуравдугаар сарын 14-ний өдөр гарсан аж. Уг захирамжийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Анхболд гэдэг шүүгч гаргажээ. Уг хоёр захирамжийг Бөхийн өргөөний тэргүүн Р.Нямдоржид танилцуулах гэсэн ч байгаагүй учир дэд тэргүүн Д.Данзан болон Р.Нямдоржийн хүү Н.Ганбаатар нарт танилцуулсан юм.
Ямартай ч Бөхийн өргөөний хаалгыг эвдлэн орсон цагдаа нар болон Бөхийн өргөөний дэд тэргүүн Д.Данзан болон Р.Нямдоржийн хүү Н.Ганбаатар нар багагүй маргалдаж бараг л зодолдох дөхөөд салцгаасан юм.
Д.Түвшин
Сэтгэгдэл (7)