Өнгөрсөн оны зургаадугаар сарын 11-нд хүчингийн хэрэг хийсэн гэх УИХ-ын гишүүн Д.Гантулгыг тун удахгүй цагдан хорихоор болоод байгааг саяхан мэдээлэв.
Энэ тухайд тодруулга хийхэд Д.Гантулга нь өнгөрсөн оны зургаадугаар сарын 11-ний шөнө 25 настай иргэн Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдож дуулиан тарьсан билээ. Энэ асуудлыг анх хохирогч бүсгүйн эгч Ч.Саранзаяа олон нийтэд ил болгож олны анхаарлын төвд оруулсан юм. Түүнийг гадаад томилолтоор явуулахгүй байхыг прокурорын байгууллагаас УИХ-ын дарга М.Энхболд, Тамгын газрын дарга тэргүүтэй хүмүүсээс хүсчээ.
Учир нь УИХ-ын гишүүн Д.Гантулга яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцахгүй, мөрдөгчийн дуудсан цагт ирэхгүй байгаа ажээ. Түүнчлэн хууль хэрэгжүүлэх зарим байгууллагынхнаар хуурамч бичиг баримт гаргуулжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хилээр гарсан гэсэн бичиг ХХЕГ-аас гаргуулсан нь худлаа байсан төдийгүй энэ хугацаанд эх орондоо байжээ.
Энэ талаар танилцуулахад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн өрөөнд орж уулзаад гарсан нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байна. Тиймээс ч Д.Гантулгыг тун удахгүй цагдан хорихоор болоод байгаа ажээ.
Д.Түвшин
Сэтгэгдэл (24)