УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд цөөн асуулт тавьж хариулт авснаа хүргэж байна.
-Өчигдөрхөн УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх эрх зүйн зохицуулалт байхгүй гэж байсан. Харин УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны зүгээс энэ асуудалд ямар байр суурь баримталж байгаа вэ?
-За нэлээн хэдэн хоногийн өмнө Улсын Ерөнхий Прокурорын газраас Д.Гантулга гишүүнийг 48 цагийн дотор бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Уг хүсэлтийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн гэж яригдаж л байсан.
Гэхдээ Д.Гантулга гишүүн тодорхойгүй шалтгааны улмаас түдгэлзэх хүсэлтээ өгөөгүй бөгөөд мэдээлэл ч хийгээгүй байх. Энд тодотгоход УИХ-ын тухай хуулийн 6.13-т зааснаар "Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэх ёстой. Энэ ч үүднээс УИХ-ын гишүүдийн олонхи нь УИХ-ын өсөх ирээдүйтэй, хамгийн залуу гишүүнийг ямар нэгэн дайралт, гүтгэлэгт өртүүлэн хөөж туухын эсрэг саналтай байгаа нь ойлгомжтой. Ийм ч учир байдлын үүднээс Д.Хаянхярваа дарга дээрх мэдэгдлийг хийсэн болов уу.
Д.Гантулга гишүүний хувьд УИХ-аас тодорхой шийдвэр гарсны дараа байр сууриа албан ёсоор илэрхийлэхээр зэхэж буй нь тодорхой. Холбогдох хуулийнхаа хүрээнд ч тэр, УИХ-ын гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргах зохицуулалт байхгүй л дээ.
-Өнгөрсөн гурван сарын дундуур өөрийг чинь АТГ-аас шалгаж байгаа тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгж байсан. Тэр явдал юу болсон бэ?
-Намайг Авилгатай тэмцэх газраас шалгасан зүйл байхгүй. Тэгээд ч наадах чинь огт үндэслэлгүй мэдээлэл байсан л даа. Мөн түүнчлэн намайг болон Д.Гантулга гишүүн нарыг УИХ-аас эгүүлэн татах тухай асуудал МАН-ын удирдлагын төвшинд яригдсан гэгдэх мэдээлэл ч оргүй хоосон гүтгэлэг байсан гэдгийг манай намын Хууль, эрх зүйн албаны дарга Р.Саруул тодорхой мэдээлсэн санагдаж байна.
-Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Гантулгын талаар ямар нэгэн хатуухан шийдвэр гарахгүй юм байна гэж ойлгож болох нь ээ дээ?
-Тэгж ойлгож болно. Одоогоор Д.Гантулга гишүүний талаар ямар нэгэн шийдвэр гараагүй бөгөөд хойшид ч гарахгүй л болов уу.
Д.Түвшин
Сэтгэгдэл (8)