Төрийн дээд албан тушаал хашиж, улс орны эрх ашгийг уландаа гишгэсэн хэрэгт буруутгагдаж байгаа нөхдийг ээлж дарааллан хорьж, цагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Оюутолгой, Дубайн гэрээний асуудлаар буруутгаж байгаа юм. Уг хэрэгт холбоотой гол толгойнуудын нэг С.Баярыг яах вэ гэсэн асуулт олны дунд байсан. Тэгвэл АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баярыг өчигдөр саатуулчихлаа.
Эрхэм ноёнтныг Монгол Улсын Засгийн газрын 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй, гэрээ байгуулахад тодорхой албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж. С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан хэрэгт буруутгаж буй Ш.Батхүүтэй холбоотой эсэх асуудлаар 10 гаруй цаг байцаалт авч байсан билээ.
Дэлхийд данслагдсан Оюутолгой гэх томоохон орд газрын гэрээг байгуулсныхаа дараа Монгол Улсад асар ашигтай зүйл хийлээ хэмээн тэрбээр мэдэгдэж, С.Баярцогт дэлхийд байхгүй олон орон той хувьсагч тоо ярьж байлаа. Энэхүү гэрээг хийсэн асуудал буруудвал толгойгоороо хариуцна ч гэж ам өчиг өгч, бараг л тангараг тавьсан хүн.
Үүнээс гадна Дубайн гэрээг байгуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мөн баривчлагдсан байна. Эх орондоо ирээд удаагүй байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. АТГ-аас түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж шалгахаа мэдэгдэж, прокурорын газраас зарлан дуудах хуудас илгээсэн байдаг. Гадаадад явсан тэрбээр эх орондоо удахгүй очиж шалгуулахаа мэдэгдсэн ёсоороо ирэв. Мөн буруутгаж буй асуудалд "Ерөнхий сайдын хувьд хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гадны хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгой төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авлига байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй" хэмээн тайлбарласан.
Ийнхүү АН болон МАН-ын лидерүүдийн нэг С.Баяр, Ч.Сайханбилэг нар саатуулагдлаа. Цаашид хэрэг хэрхэн шийдэгдэх нь олон нийтийн анхаарлын төвд байна.
Сэтгэгдэл (14)