Парламентад олонхийг бүрдүүлэгч МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа дуусгаж мэдээлэл өглөө. Бүлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцуулж, бүлгийн гишүүдийн асуултад хариулт өгсөн ажээ. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь 35-40 хувийн хэрэгжилттэй байгаа юм байна.
Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Засгийн газар шуурхай ажилласны үр дүнд Эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч, сайжирч байгаа. Гэхдээ эерэг үзүүлэлт нь эдийн засагт өгөөжөө өгч, иргэн, айл өрхөд хүрэх ёстой. Ингэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ гэдэгт гишүүд анхаарал хандуулж ярилцсан. Түүнээс гадна мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа, ялангуяа нийслэлийн хүрээнд дахин төлөвлөлт, газар чөлөөлөлттэй холбоотой ажлууд удаашралтай байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг том ажил бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахаар 2018 онд тодорхой төсөв суулгасан. Гэтэл нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөх асуудал тулгамдаж байгаа учраас энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Дахин төлөвлөлт, агаарын бохирдол, газар чөлөөлөлт зэрэг асуудлын талаар мэдээлэл авахаар хотын удирдлагуудыг үдээс хойшхи хуралдаанд суулгахаар болсон” гэж хэллээ.
Бүлгийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах асуудлыг дулааны улиралд орхигдуулдаг. Тиймээс энэ удаагийн Засгийн газар утааныхаа асуудлаар авах арга хэмжээгээ үргэлжлүүлэх, тодорхой асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн бүлгийн гишүүдийн зүгээс орон нутагт ажиллах хугацаанд иргэдээс ирсэн зарим шүүмжлэлийн талаар танилцуулж, ярилцсан байна. Тодруулбал, гишүүдийн болон төрийн албаны ёс зүйн хариуцлагын асуудал аж. Төрийн дээд, доод албан тушаалтнууд авлига авдаг үзэгдэл их байна гэсэн гомдол ирсэн байна.
Сэтгэгдэл (2)