Төрийн дээдсүүдтэй холбоотой зарим хэрэг хуулийн байгууллагын үүдэнд хадаатай чамгүй олон жилийн нүүр үзэж байна. Аливаа хэргийг шалгах явцад элдэв саад, нэмэлт мөрдөн байцаалт явуулах гээд олон асуудал тулгардаг учир тэр. Саяхныг хүртэл шуугиж байсан нэгэн хэрэг бол гишүүн асан нөхдүүдтэй холбоотой хэрэг бөгөөд Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт холбоотой зүйл билээ. Тэгвэл "Монроуд" компанийн үүсгэн байгуулагч, төрийн түшээ асан Б.Гарамгайбаатар хэрэгт холбоогүй болох нь нотлогдож, сэжигтэн, яллагдагч байхаа больсон байна.
Тэрбээр өчигдөр төрийн ордонд цөөнхийн бүлгийн даргатай уулзаад гарч явлаа. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг лавлахад "Хэрэг холбогдолгүй гэсэн баримтаа би барьчихсан явна. Энэ асуудлаас болж олон жил хэвлэлээр балбууллаа. Аливаа асуудалд хэвлэлийнхэн маань жоохон голчтой хандаж байвал дээрсэн. Нотлох баримтгүйгээр л хүн гүтгээд байх юм. Завханы зам буюу Халзанбүргэдэй-Солонготын давааны 100 км замын асуудалд таван жил буруутгагдсан ч би хэвлэлийнхэн хандаж ямар нэгэн зүйл хэлээгүй. Гэтэл одоо ч балбаад байх юм. Намайг буруугүй гэдгийг хуулийн байгууллага тогтоосон бичиг нь байна" хэмээн хэллээ.
Ийнхүү нэгэн цагт гэм зэмтэй хэмээгдэж байсан Б.Гарамгайбаатар яллагдагч биш болжээ. Түүнд холбогдох асуудалд нотлох баримт байхгүй гэдгийг хуулийн байгууллага тогтоосон байна. Тиймээс гишүүн асан өнөөдөр эрх чөлөөт иргэн болж, гадаад руу гарах ч эрх нь нээгджээ.
Эргэн санавал, "Монроуд" компани нь Завхан аймгийн Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн замыг барихаар болж, “Хөгжлийн банк”-наас 43.6 тэрбум төгрөг гаргуулан авсан. Уг замыг хятад компани гүйцэтгэж байсан бөгөөд ажлын 38 хувийг гүйцэтгэсэн гэх мэдээлэл бий. Анх 37,2 тэрбум төгрөгийн өртгөөр барих санал гаргасан ч бараа бүтээгдэхүүний ханшийн зөрүү, ажлын нөхцөл зэргээс шалтгаалан ханш нь өссөн байдаг. Үндсэндээ 9,1 тэрбумын хөрөнгийг нэмүүлж, Хөгжлийн банкнаас авсан нь луйвар хэмээгдсэн.
Ямартай ч Б.Гарамгайбаатар хуулийн байгууллагынханд шалгагдаж, хоригдож, хэвлэлээр балбуулсан ч гэмт хэрэгтэн биш болж байна. Тэгвэл түүнийг буруутгасандаа хуулийн байгууллага уучлал хүсэх болов уу.
Сэтгэгдэл (15)